Эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь таргалалттай байна

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн билээ. Өнөөдөр тус судалгааны эцсийн үндсэн үр дүн, тайлангаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ сургалтын байгууллага, хэвлэл мэдээлийн байгууллага нийлсэн 150 гаруй төлөөлөгчдөд танилцууллаа.

Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.

Судалгааны зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд МУ-ын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад оршиж буй юм.

Хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлсан дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт оруулбал зохих өөрчлөлт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланг боловсруулжээ.

Үндэсний судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.

  • 5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь тус тус цус багадалттай,
  • 6-59 сартай хүүхдийн 27.7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай байгааг тогтоосон.
  • Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл,
    -6-59 сартай хүүхдийн 61 хувь дуталтай, 28.9 хувь нь нөөц дутмаг,
    -Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь дуталтай, 20.2 хувь нь нөөц дутмаг,
    -15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц дутмаг байдалд байгааг илрүүлжээ.

Мөн тав хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь нь А аминдэм дуталтай, 60.1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байна.

Нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.

Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар МУ-д хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ.

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал,

  • 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй,
  • 6-11 насны хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай,
  • 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган,
  • 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь нь тарган байгааг тогтоосон.

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайланд МУ-ын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог багтаасан бөгөөд хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн эмгэгийн тархалтыг бууруулах арга замыг “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланд тодорхойлжээ.

One thought on “Эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь таргалалттай байна

  1. Sujan Lama

    Valentine’s Day is celebrated on 14th February with loads of fun and delightfulness which is seen in the form of Hampers. Hampers are categorized in various segments like, Walkers Almond Short Bread, Japanese Crackers, Pretzels, Belgian Sea Shells, Chocolate Sticks and Danish Cookies which are sent with a purpose. Majority of people Send Valentine’s Day Hampers to Singapore with a purpose that makes the surrounding be at par.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *