Цаг бус үхлийн 10 орчим хувь агаарын бохирдлоос шалтгаалж байна

Цаг бус үхлийн 10 орчим хувь агаарын бохирдлоос шалтгаалж байна

925
0
ХУВААЛЦАХ

Агаарын бохирдол нь Улаанбаатар хот дахь хамгийн том асуудлуудын нэг хэмээн яригддаг ч өвлийн гурван сардаа хөндөгдөж шуугиад өнгөрдөг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын 2012 оны судалгаагаар Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын 2-т бичигдсэн байна. Дэлхийн Банкны судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60-90% нь гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй юм. Улаанбаатар хотын айл өрхийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа бөгөөд нийт өрхийн 60 гаруй хувь нь (191 мянган өрх) гэр хороололд амьдарч байна. Дэлхийн Банкны судалгаагаар гэр хорооллын айл өрх халаалтын улиралд дунджаар 3.9-4.8 тонн нүүрс 4.7-5.5 м3 мод хэрэглэдэг. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд жилд 800 орчим мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн үг юм.

Агаарын чанарын нэг чухал үзүүлэлт нь PM2.5-ын агуулга юм. Энэ нь 2.5 мкм-ээс бага хэмжээтэй (хүний үсний диаметрээс хэдэн арав дахин жижиг) бөгөөд амьсгалын замаар дамжин хүний уушиг, уушигны цулцан, жижиг судлуудад хүрч амсгалын замын болон зүрх судасны өвчлөлүүдийг үүсгэдэг. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын хэмжээ нь нийт цаг бус үхлийн 10 орчим хувийг эзэлж байгаа судалгааг гаргасан байна. РМ2.5-ын гол эх үүсвэр нь нүүрсний хэрэглээнээс гадна замын тоос, тоосжилт юм. Иймд Монгол Улсын Засгийн Газар, Мянганы Сорилын Сан, Дэлхийн Банкнаас агаарын бохирдлыг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авсаар байна. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдэд түлшний хэмнэлттэй зуухыг хөнгөлэлттэй үнээр тараах, сайжруулсан түлш үйлдвэрлэн түүхий нүүрсний хэрэглээг багасгах, гэрийн дулаалгын төслүүдийг хэрэгжүүлэх гэх мэт.

Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг тодорхойлох суурин цэгүүдийг байгуулах ажлууд хийгдэж байгаа боловч нарийн ширхэглэгт тоосонцрыг хэмжих суурин цэг Улаанбаатар хотын хэмжээнд хоѐрхон байдаг байна. Иймд энэхүү судалгаагаар нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжилтийг тодорхойлон дээрх цэгүүдийн үр дүнтэй харьцуулахыг зорьсон юм. ШУТИС, МУИС, Цөмийн судалгааны төвийн Б.Булгансайхан, С.Лодойсамба, Д.Шагжжамба, Г.Гэрэлмаа нар энэхүү судалгааны ажлын хүрээнд 2013 оны 1-р сараас эхлэн 2014 оны 12 сарыг дуустал Цөмийн Судалгааны Төвийн орчмын агаарын найрлага дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг тодорхойлсон.

Дээжүүдийг газрын гадаргаас 3 м-ийн өндөрт байрлуулсан GENT дээжлэгчээр авсан бөгөөд агаарын урсгалын хурдыг дунджаар 16 л/мин байхаар тохируулжээ. Энэхүү судалгаагаар 130 гаруй дээж цуглуулан, дээжүүдийн массыг хэмжин нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг тодорхойлон гаргав. Хэмжилтийн дүндээ боловсруулалт хийн агаарын найрлага дахь нарийн ширхэглэгт тоосонцрын агуулгын саруудын дундаж болон жилийн дундаж тоон үзүүлэлтийг гарган харьцуулсан байна. Хэмжилтийн дүнгээс харахад дулааны улирал дахь нарийн ширэглэгт тоосонцрын агууламж халаалтын улирлынхаас төдийлөн буурахгүй байсан ба үүний шалтгааныг хэмжилт хийсэн цэгийн онцлогтой холбоотой гэж үзжээ.

Цөмийн Судалгааны Төвийн орчим нь шороон зам, автомашины хөдөлгөөн ихтэй, ногоон байгууламж бараг үгүй орчин тул хуурайшилт ихтэй үед маш их хэмжээний тоос босдог онцлогтой юм. Ялангуяа 2013 оны намар хуурайшилт ихтэй байсан нь 9, 10, 11 сарын үзүүлэлтүүд өндөр гарахад нөлөөлсөн байна. Цөмийн Судалгааны Төв орчмын нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агуулга нь Улаанбаатар хотын дундаж үзүүлэлтээс харьцангуй өндөр байсан нь бидний дээж авсан цэг нь салхины ерөнхий чиглэлийн доод талд буюу агаарын бохирдол илүү их хуримтлагдаж болзошгүй орчинд байсантай холбоотой байж болох ба энэхүү цэг нь гэр хорооллын төвлөрөл, шороон зам ихтэй орчин юм. Харин дээрх харьцуулсан үзүүлэлтэд 2014 оны бохирдлын хэмжээ нь 2013 оныхоос 30 орчим хувиар буурсан байгаа ижил зүй тогтол ажиглагджээ.

graph1

1 дүгээр график. Цөмийн судалгааны төв орчмын 2013 оны хэмжилт

graph2

2 дугаар график. Цөмийн судалгааны төв орчмын 2013 оны хэмжилт

Хэдийгээр 2014 онд нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ буурсан үзүүлэлт ажиглагдаж байгаа боловч энэ нь Монгол Улсын Агаарын Чанарын Стандарт (MNS 4585:2007)-ын үзүүлэлт болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөс 2.6-2.9 дахин өндөр үзүүлэлттэй байна.2016 оны өвөл ч мөн адил утааны талааархи яриа газар аван хүн болгоны бухимдлыг төрүүлээд байна. Үүнтэй хобоотойгоор эмэгтэйчүүд эхчүүд энэ сарын 26ны өдөр жагсаал хийхээ ч мэдэгдэн уриаллаа. Арга ч үгүй биз. Цэцэрлэгийн насны багачууд сүүлийн үед хатгаагаар өвчилж үүний шалтгааныг эмч нараас тодруулахад “Ханиад томуу эхэлсэн энэ үед аль болох хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй байсан нь дээр, учир нь хүүхдийн уушиг утаан дахь бодисуудыг шингээж дийлэхгүйгээс ханиад нь уушгины хатгалгаа болж хүндэрсэн хүүхдүүд их ирж байна” гэсэн хариу өглөө. Хэрхэн утаанаас салах вэ гэдэг дээр хэлтэй болгон өөрийн байр суурь, саналтай байна гэхэд хэлсдэхгүй. Уг нь өөрсдөөсөө эхлээд хичээвэл чадахгүй юмгүй Монголчууд.

ЭНХЖИН

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ