Өтгөн хаталт

Баас хаталт

2 ба 3-аас олон хоногоор баас саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж , дутуу гарах шинжийг баас хатах гэнэ.
Доорхи үзүүлэлт баас хаталтыг илтгэдэг:

  • 7 хоногт 2оос цөөн баах
  • Баах үед нийт хугацааны 25хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр баас гадагшлах
  • Баас хоргол хэлбэртэй хатуу, хуурай
  • Баасны хэмжээ багасах
  • Баасны дараа дутуу баасан мэт санагдах

Баас хаталтын шинжүүд:

  • Баах хатах шаналгаатай дүлнэ
  • Баасны дараа санаа амрахгүй , гэдэс суллагдаагүй мэт санагдах
  • Хатуу бага хэмжээтэй , хатуу хоргол шиг баасаар баах
  • Цөөн баах

Эмчилгээ

Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийнэ.
Эмчилгээнд хоолны дэглэм чухал. Баас хаталтын үед эмчилгээний хоол №3-ыг өгнө.
Өдөрт 4-6 удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грамм, нүүрс ус 400-450грамм, өөх тос 90-100 грамм, давс 8-10 грамм, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан хүйтэн бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 гр байх ёстой.

Хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн:

  • Гурилан бүтээгдэхүүн: хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн , хивэгтэй талх,гурилан боов,жигнэмэг , хар гурил , гурвалжин болон хөц будаа, хөх тариа
  • Шөл: өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл , загасны шөл, улаан манжингийн шөл , хөц болон амуу будааны шөл , цэцэгт байцааны шөл
  • Мах: үхэр, тахиа, загас, чанасан жигнэсэн байдлаар
  • Өөх тос: ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
  • Сүүн бүтээгдэхүүн: шар сүү, тараг
  • Ногоо: янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй,гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа
  • Жимс: хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм

Хязгаарлах бүтээгдэхүүн:

Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг

Баас хаталттай өвчтөний хийх дасгал:

  • Дороо 30 секунд шогших, гүйх хөдөлгөөн хийх
  • Мухар сандал дээр суугаад гараа мөр дээрээ аваад дээш өргөн, нуруугаа арагшаа гэдийлгэн амьсгал авна. Гар мөрөнд их бие урагш тонгойж амьсгалаа гаргана \2-8 удаа\
  • Мухар сандал дээр суугаад гараа хажуу тийш тэнийлгэн амьсгаа авна. Өвдгөөрөө махийж баруун хөлөө өргөн гэдэс рүүгээ шахаж амьсгалаа гаргана. Зүүн хөл дээрхтэй ижил хийнэ.\2-8 удаа\
  • Хөлөө ээлжлжэн дээш өргөж тэнийлгэнэ. Зогсоо байдалд гүнзгий амьсгалж мухар сандал дээр гараад ардаас нь тулж хөлөө нугалж, тэнийлгэнэ.
    \4-8 удаа\
    Баас хаталтаас урьдчилан сэргийлэх:
  • Хоол хүнсэндээ ургамлын эслэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
  • Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, бие цэвэрлэх , гэдэс цэвэрлэх дасгалыг тогтмол хийх
  • Эрэгтэй хүүхдийг суулгаж шээлгэж байх \босоогоор шээснээс сууж шээх нь баах рефлексийг илүү өдөөдөг байна\ зэрэг урьдчилан сэргийлэх аргууд болно.

ЭХЭМҮТ-ийн ХЗП-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинетийн эмч М.Дашаа

One thought on “Өтгөн хаталт

  1. Алгирмаа

    Та бүхэнд оройн мэнд хүргье. Би 50 настай. Буйл маань ойр ойрхон өрөвсөөд байгаа болохоор эмч маань Витамин В денк уухыг зөвлөсөн гэтэл ганцыг уусан даралт ихсээд байх юм. уухаа зогсоох нь зөв үү зөвлөлгөө өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *