Аносми. Үнэрлэх чадвар алдагдах

 Үнэрлэх чадвар алдагдахыг анагаах ухааны хэллэгээр аносми гэдэг бол үнэрлэх чадвар буурахыг гипосми гэнэ. Энэ хоёр нь төрөлхийн, эсвэл олдмол байж болно.

Ерөнхий

Юуны өмнө бид яаж үнэрийг ялгаж таньдаг талаар товч хэлэх хэрэгтэй байх. Агаарт сарнисан бодис нь хамраар дамжин хамрын дээд самалдагт байрладаг тусгай үнэрлэх хучуур хэсэгт хүрдэг. Тэндээ агаарт ууссан бодисууд нь тусгай мэдрэгчүүдийн гадаргуй дээр шүүрс болон буухад түүнээс ирсэн дохио нь мэдрэлийн эсээр дамжин тархины үнэрлэх хөрсөн төвд хүрч боловсруулагдан таньдаг. Өөрөөр хэлбэл бид хамраар бус харин тархиараа үнэрлэдэг. Үнэрлэх хучуур эс, мэдрэлийн эс, үнэрлэх төвийг нэгтгэн үнэрлэх анализатор гэдэг.

Төрөл зүйл

Үнэрлэх чадвар алдагдахыг анагаах ухааны хэллэгээр аносми гэдэг бол үнэрлэх чадвар буурахыг гипосми гэнэ. Энэ хоёр нь төрөлхийн, эсвэл олдмол байж болно.

Олдмол аносми нь төв, эсвэл захын гаралтай байдаг. Төв аносми нь хавдар, тархины цусан хангамж алдагдах зэргээс үүдэлтэй төв мэдрэлийн системийн гэмтлийн үр дүнд үүсдэг. Үнэрлэх чадвар алдагдах энэ хэлбэр нь гавал тархины гэмтэл, менингит -ийн дараа үүсч болдог.

Захын аносми нь үйл ажиллагааны, амьсгалын, насны, эссенциал /гадны бус шалтгаант/ гэж хуваагддаг.

Үйл ажиллагааны аносми нь гол төлөв түр зуурынх байдаг. Янз бүрийн невроз, хийрхэл, томуу, амьсгалын замын өвчин, ринит зэргийн улмаас үүсдэг.

Насных нь хамрын салст бүрхэвч, төмөрлөг бүрхүүл эд зэрэг нь хатингаршин хамрын хөндий хуурайшсны үр дагавар.

Амьсгалын аносми нь хамрын таславч мурийх, хамрын хөндий болон хамар залгиурт хавдар, аденоид /булчирхай төст/ үүсэх, хамрын ур г.м. эмгийн улмаас үүсдэг. Өөрөөр хэлбэл хамраар орж ирж байгаа агаар үнэрлэх мэдрэгч байгааг хэсэгт хүрэх боломжгүй болсон үед үүснэ.

Эссенциал /гадны бус шалтгаант/ аносми нь үнэрлэх мэдрэгчийн захын хэсэг гэмтэсний үр дагавар. Энэ нь даамжирсаар үнэр мэдрэгчийг гэмтээсэн үрэвсэл, гэмтэл, үнэрлэг хучуур эсийн хатингаршил өөрчлөлт, хордлогын гэмтэл зэргийн үр дагавар байж болно.

Шалтгаан

Бүх төрлийн халдвар, үрэвслийн үед хамрын салст бүрхүүл хавагнадаг. Үүний улмаас үнэр дамжуулагч агаарын молекул нь хамрын дотор байрладаг үнэр танигч мэдрэгчүүдэд хүрч чадахгүй болдог. Ханиад, амьсгалын дээд замын халдварт өвчин, хамрын хөндийн халдвар, хамрын ур зэрэг нь агаар чөлөөтэй явахад саад учруулан үнэрлэх чадварыг буруулж болзошгүй.

Үнэрийг хүлээж авсан тухай дохиог тархинд дамжуулдаг мэдрэлийн ширхэг нь маш мэдрэмтгий тул толгойг хүчтэй доргиох, цохиулах үед ажиллагаагүй болж болзошгүй.

Бохирдсон агаарт агуулагддаг зарим төрлийн бодис, хүчил, формальгедгид, тамхины утаа г.м. зарим бодисын байнгын нөлөөн дор үнэрлэх чадвар буурдаг.

Бамбай булчирхайн хямрал, манас таталт, зарим төрлийн хавдрыг эмчлэх үед үнэрлэх чадвар мөн алдагдаж болзошгүй. Мөн Альцгеймерийн болон Паркинсоны өвчний үед үнэрлэх чадвар буурах, алдагдах шинж тэмдэг илэрч магадгүй. Гэхдээ үнэрлэх чадвар алдагдсан, эсвэл муудлаа гээд эдгээр өвчинтэй гэсэн үг биш юм.

Нас ахиын хэрээр үнэрлэх чадвар аажмаар мууддаг. 80 настай хүний үнэр ялгах чадвар нь 30 настай хүний үнэрлэх чадварын 50% нь адил байдаг гэж үздэг.

Шинж тэмдэг

Үнэр мэдрэх чадвар алдагдах нь үндсэн шинж тэмдэг байна.

Дараах тохиолдолд эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй, үүнд:

– Ханиад томуу зэрэг өвчний дараанаас үнэр мэдрэх чадвар суларсан, эсвэл бүрэн алдагдсан

– Үнэрийг мэдрэх чадвар гажуудсан /бодитоор байхгүй эвгүй, хачин үнэр үнэртэх/

– Даарч хөрсөн, хамар битүүрсниий улмаас долоо хоног, түүнээс илүү хугацаанд үнэрлэх чадвар алдагдах

– Гэнэтийн осол, гэмтлийн дараанаас үнэрлэх чадвараа алдсан

– Жил бүрийн тодорхой нэг үед үнэрлэх чадвар алдагдах

Эмчилгээ

Үнэрлэх чадвар буурах, алдагдах нь маш олон шалтгаантай байж болох тул чих хамар хоолой, мэдрэлийн эмч зэрэг нь үзлэг, шинжилгээ хийсний дараа өвчний бодит шалтгааныг тогтоон зөв эмчилгээг заана.

Хүн өөрөө бие даан дараах арга хэмжээг авч болно, үүнд:

– Амарч, стрессээ тайлах. Ханиад хүрсэн үед үнэрлэх чадвар алдагдахад гайгах зүйлгүй. Ийм үед сайтар амарч, хүчээ сэлгэхэд л хангалттай байдаг.

– Хөлрөх. Ханиад хүрсэн, харшил хөдөлсөн зэргээс үүдэлтэйгээр хамар битүүрсний улмаас үнэрлэх чадвар алдагдсан бол биеийн тамирын хөнгөн дасгал хийх, халуун ваннд орох зэргээр хөлөрч хамраа онгойлгож болно.

– Үрэвслийг дарах. Үрэвслийн үйл явц байгаа бол эмчлэгч эмчийн заалтын дагуу үрэвслийн эсрэг эм, амин дэм хэрэглэж болно.

– Харшилтай бол харшлын эмчид үзүүлэх.

– Хамрын хөндийн халдварыг эмчлэх. Хамрын хөндийн үрэвслээс /Гайморит, синусит г.м./ үүдэн үнэрлэх чадвар алдагдсан бол эмчийн заалтыг дагуу халдварын эсрэг эмчилгээг заавал хийлгэх хэрэгтэй.

– Хамрын урыг авахуулах. Чих хамар хоолойн эмчид үзүүлэн ур үүссэн байгаа нь тогтоогдвол заалтын дагуу эмчилгээ хийлгэж, эсвэл авахуулах хэрэгтэй.

– Тамхинаас гарах. Тамхи нь үнэрлэх чадварыг ихээхэн буруулдаг. Гэвч тамхийг хаясны дараа үнэрлэх чадвар удаан ч гэлээ эргэн сэргэдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан зүйл.

– Амны хаалт зүүх. Химийн бодисын үнэр, тоостой орчинд ажилладаг бол амны хаалт байнга зүүч байх хэрэгтэй.

– Хэрэглэж байгаа эмийнхээ талаар эмчээс зөвлөгөө авах. Бамбай булчирхайн хямралыг эмчлэх эм хэрэглэж байгаа бол үнэрлэх чадварт нөлөөлдөх эсэх талаар эмчээсээ асууж лавлах хэрэгтэй.

– Хавдрыг эмчлэх. Үнэрлэх чадварт нөлөөлдөг ихэнх хавдар нь хоргүй байдаг. Иймд эмчийн заалтын дагуу эмчилгээ хийлгэж, эсвэл авахуул.

– Толгой тархины гэмтэл авсны дараа үнэрлэх чадвар алдагдсан бол мэдрэлийн эмчид үзүүлэх.

Настай хүмүүст өгөх зөвлөгөө

Нас ахиын хэрээр үнэрлэх чадвар алдагддаг тул өндөр настнууд болон тэдний төрөл төрөгсөд нь онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй. Үүнд:

– Гал гарах, юм түлэгдэх зэрэгт үнэрлэх чадвар алдагдасны улмаас мэдрэхгүй байж болзошгүй. Иймд утаа танигч багаж гэртээ байлгах. Ийм багаж авах боломжгүй бол настай хүмүүсийг харж харгалзах хүнгүйгээр удаан орхихгүй байхыг хичээх.

– Хувийн ариун цэврийг гойд сахих хэрэгтэй. Биенээс эвгүй үнэр гарч байгаа эсэх, үнэртэй ус түрхдэг бол хэтрүүлэлгүй түрхэх зэрэг талаар байнга анхааран үр хүүхэд, ойр дотны хүмүүсээсээ байнга асууж байх хэрэгтэй.

– Хөргөгчиндэхийг онцгой анхаарах. Үнэрлэх чадвар алдагдасны улмаас хөргөгчинд удсан сүү гашилсан, хиам муудсан зэргийг тэр бүр ялгаж чаддаггүй. Иймд хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар үр хүүхэд нь байнга анхаарч байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс тухайн барааг хэдийд авсан тухай огноо бүхий цаасыг уут саван дээр нь нааж байх хэрэгтэй.

4 thoughts on “Аносми. Үнэрлэх чадвар алдагдах

  1. tseegii

    sain bna uu
    bi 8 sartai jiremsen getel hamar bitvvreed 10-aad honoj bna. Hamriin zurag abahuulsan getel emch maani gammrit boloogvi hamriin salstuud hooson bna geed bna tegsen hernee oligtoi emchilgee helj ogohgvi yum minii hooloa bas dabhar ulaigaad obdood bna 10 honogiin omno bi haniagaa emchlvvleed emnelegees garsan yum tegse hernee tus boldoggvi e shono untaj chadahgvi mash hetsvv bna ene talaar zoblogoo ogooch guij bna

  2. уугий

    би 19-тай миний нэг талын хамар өнгөрсөн жилээс эхлэж битүүрсэн тэгээд хамарт сайн болгоныг хэрэглээд нэмэр алга энэ юутай холбоотой вэ

  3. tseegii

    sain bna uu.
    bi ogt uner mederdeggui.turulkhiin yum shig bgaamaa.uner mederdeg boloh bolomj bgaa bolov uu,ih hetsuu bdag yuma yamar ch uner unertuuleed yavj bgaagaa ch medkui

  4. Ганаа

    Би одоо 37 настай. Миний хамар юм огт үнэрлэхгүй болоод 10 жил болж байна. Одоо юм үнэрлэдэг болох болов уу. 2007 онд шанааруугаа хутгалуулсан юм. Түүнээс хойш үнэрлэх чадвар бага багаар алдагдсаар байгаад одоо юуч үнэрлэхээ больсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *