А вируст гепатит өвчин

өвчний тухай

А Вируст гепатит өвчин нь аюулхай орчим хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, огиудас хүрэх, бөөлжих, арьс салст шарлах, бие нозоорох, шээс өтгөрөх  зэрэг шинж тэмдгээр  илэрдэг цочмог халдвар юм.  Элгэнд архаг үлдэцгүй, хүндрэл багатай, бүрэн эдгэрдэг өвчин юм.

Халдвар яаж дамжих вэ?

Халдвар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжина. Өвчин үүсгэгч вирус нь хоол, хүнстэй хамт амаар орж, өтгөнөөр ялгардаг. Халдвар нь А вирусээр бохирлогдсон ус, хүнс, ахуйн эд хэрэглэлээр ихэвчлэн халдана.
Хэн өвчилдөг вэ?

Бүх насны хүн өвчлөх боловч 0-9 насны хүүхэд илүүтэй өртөнө. Нийтийн байранд суугчид, сургууль, цэцэрлэг болон хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахидаггүй хүн амын дунд элбэг тохиолдоно.
Иргэдэд зориулсан зөвлөмж

Вируст гепатитаар өвчлөхгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сайтар сахих нь зүйтэй. Үүнд:

1.    Гарыг хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа сайтар савандаж угааж хэвших.
2.    Угаагаагүй ногоо, жимс идэхгүй, түүхий ус уухгүй байх.
3.    Хоол, хүнс бэлтгэхийн  өмнө заавал гараа угаах.
4.    Хүнсний түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах, бэлтгэх тавиур нь тусдаа байх.
5.    Гудамж талбайгаас ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх.
6.    Бие засах газар, муу усны цооногт халдваргүйтгэлийн бодис хэрэглэх.
7.    Гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаалганы болон шатны бариулыг цэвэрлэх.
8.    Нойтон сальфетка хэрэглэх.

Гараа зөв, байнга угааж хэвших нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.

Гараа угаах дэс дараалал:

•    Гарын алга, бугуйг усаар сайтар норгоно.
•    Савангаар жигд савандана.
•    Хоёр алгаараа саванг сайтар савандаж, хөөсрүүлнэ.
•    Хуруунуудын завсрыг сайтар үрж угаана.
•    Гарын ар, хуруунуудын үзүүр, хумсыг нөгөө гарын алгаар сайтар   үрж угаана.
•    Гарын эрхий хуруу, бугуйг нөгөө гараар угаана.

Халдварт өвчнөөр өвчлөхгүй  байхын тулд  хувь хүн, айл өрх бүр баримталж хэвшвэл зохих хэд хэдэн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг баримталвал иргэн та бүхэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Үүнд:

•     Ил задгай бие засахгүй байх
•     Хог хаядалаа хогийн цэг, зориулалтын саванд хаяж хэвших
•     Гэр хороололын айл өрх  бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх
•      Амьдарч байгаа орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, орчныхоо хөрсийг бохирдуулахгүй байх

Дээрхи эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг хэрэжүүлснээр та бүхэн  халдварт өвчнөөр өвчлөхгүй байх болно.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *