Гахайны томуу буюу А томуу

Шувууны томуу / ханиад гэгч зүйл дэгдэж нэг хэсэгтээ хүмүүсийг айлгаж байгаад арай гайгүй болсон. Гэтэл гахайны гэсэн тодотголтой бас нэг айхтар томуу дэлхийн хэмжээнд цар тахал болон дэгдэх дээрээ тулаад байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ихээр яригдаж байгаа болохоор бодит мэдээллийг товчлон хүргэсэн нь дээр гэж бодлоо.

Ерөнхий

H1N1 гэдэг вирусын энэхүү шинэ хувилбар нь дэлхийн нийтийг хамарсан цар тахал болж болзошгүй болоод байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсоор мэдэгдсэн.

Одоогоор энэхүү гахайны томуугаар Мексикт өвдөж нас барсан хүмүүсийн дийлэнх нь ноцтой архаг эмгэгүй залуучууд байсан болохоор халдвар нь нэлээд хурц хэлбэрээр явагддаг. Уг нь бол жаахан хүүхэд, өндөр настан, дархлаа нь суларсан хүмүүс л томуу туссан үед амь насаа алдаж болзошгүй байдаг. Гэхдээ АНУ өвчилсөн хүмүүсийн дийлэнхид нь өвчин хөнгөн хэлбэрээр өрнөж байжээ. Одоогоор вирусын тархалтын бодит аюулын тодорхойлохын тулд судлаачид халдвар авсан хүмүүсийн тоо болон хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн эзлэх хувийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Шинж тэмдэг
Гахайн томууны илрэх шинж тэмдэг нь ердийн томуутай адил. Халдвартай хүнтэй контактласанаас 1-5 хоногийн дараанаас халуун огцом нэмэгдэж, чичрүүдэс хүрэх, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй болох, бие сулрах, үе мөч болон булчин, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэгээс гадна гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.

Тархалт
Юуны өмнө энэхүү вирус нь томоохон гахайн аж ахуйн орчим амьдардаг оршин суугчдын дундаас анх илэрсэн болохоор ийнхүү гахайны гэсэн тодотголтой болсон. Улмаар АНУ зэрэг улсад халдвар авсан хүмүүс гахайтай контактлаж байгаагүй зэргээс үүдэн вирус нь хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдсон болохоор гахайн гэсэн нэрийн учир дутагдалтай гэж үзсэн. Иймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагаас энэхүү H1N1 вирусыг “А томуу” гэж албан ёсоор нэрлэж байх шийдвэр гаргасан. Учир нь хүмүүс гахайны гэсэн тодотголоос болж төөрөгдөн гахайн мах худалдан авахаас эрс татгалзах болж, улмаар гахай үржүүлэх салбар асар их хэмжээний хохирол амсах болсон аж. Өөрөөр хэлбэл монгол гахайн маханд ямар нэг аюул байхгүй гэсэн үг.

Үүнээс гадна А томууны вирусын тархалт удаашрах хандлагатай болсныг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолж байгааг мэдэж авахад илүүдэхгүй. Одоогоор А томууны халдвар авсныг нь албан ёсоор нотолсон 236 тохиолдол л бүртгэгдээд байна /2009-5-1 байдлаар/

Бодит аюул
Юуны өмнө гахайны гэгдэх томууны халдвар өмнө нь ч бүртгэгдэж байсан ч тухайн үед хүнээс хүнд тийм ч амар халдахгүй байсан тул цар тахлын хэмжээнд хүрдэггүй тэгэс гээд намддаг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Нөгөө талаас АНУ зэрэг улсууд руу өнөөдөр чөлөөтэй аялах боломжтой болсон тул халдвар манай улсад орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Иймд хүн болгон ялангуяа А томууны өвчлөл илэрсэн орнуудад амьдардаг, эдгээр орноос ирсэн хүмүүстэй уулзсан зэрэг хүмүүс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга хэмжээг сайн авч байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Юуны өмнө сандарч тэвдэх хэрэггүй. Сандарч тэвдэх нь стресст орохын нэг шалтгаан. Харин стресс хүний дархлааг буруулдаг. Мөн нойр, хоол, биеийн идэвх дутагдах, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь стресст оруулдаг. Тиймээс аль болох тайван байж амьдралын эрүүл хэв маягийг сахих хэрэгтэй.

Дараа нь гараа байнга савантай бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Ялангуяа дэлгүүр, баар цэнгээний газар, автобус зэрэг олон хүн орж гарч байдаг газар орсны дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Угааж амжаагүй бол нүд, хамраа бохир гараар оролдохгүй байх хэрэгтэй. Ханиалгаж, найтаж байгаа хүмүүсээс хол байх. Ийм хүн олноор цуглардаг эмнэлэгийн байгууллагаар орох бол амны хаалт зүүх хэрэгтэй.

Эцэст нь, ханиад томуу туссан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл дур мэдэн тун тунгаар нь элдэв хүчтэй эм бэлдмэл уухын оронд эмчид үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авч, шинжилгээ өгөх хэрэгтэй. Ялангуяа А томууны илрэл гарсан орнуудаас ирсэн хүн.

Leave a Reply