Цусны биохимийн шинжилгээ. Кальци

Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.

Кальцийн ач холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

– зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

– төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

– мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

– фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийн эрүүл байлгадаг

– цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

– дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

– нойргүйдлээс салахад тусладаг

– булчингийн агшилтанд оролцдог

Кальци нь хүн биенд хоол хүнснээс шингээгдэн ороод ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшлуулагддаг.

Паратгормон г.м. дааврууд болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийг шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээхийн тулд хүний биенд хангалттай хэмжээний Д амин дэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг, үүнд:

– чөлөөт буюу ионжсон кальци

– кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд

– альбуминтай холбогдсон кальци

Хүний цусанд 2,15-2,50 ммоль/л кальци агуулагдаж байхыг хэвийн гэж үзнэ.

Насанд хүрсэн хүн өдөрт 1 гр орчим кальцийг хоолоороо авч байх ёстой гэж үздэг. Кальци нь ээдэм, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, шош, самар, хушга, наран цэцгийн самар, ногоон өнгөтэй хүнсний ногоо, сармис зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэхдээ шоколад, их хэмжээний өөх тос, үр тариа зэрэг нь кальцийн шингэлтэнд саад болдог.

Жирэмсний үеийн кальцийн хэрэгцээ

Жирэмсний үед хоногт кальцийн хэрэгцээ нь 1000-1200 мг болж нэмэгддэг. Жирэмсний үед кальци дутагдах нь ирээдүйн ээжийн шүд, яс нь хэврэгшиж цаашид шүдний эмгэг, яс сийрэгжих эмгэг эрт үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн заалтын дагуу витамины, эрдэс бодисын комплексийг уух ёстой. Мөн цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлох шинжилгээг өгч байх хэрэгтэй.

Гэхдээ кальцийн хоногийн хэмжээг 2000мг –аас хэтрүүлбэл хордлогод орох аюултайг санаж, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.

Кальцийн илүүдэл буюу гиперкальцеми нь яс дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– бамбай булчирхайн анхдагч хэт ажиллагаа

– ясны гэмтэл дагалдуулсан өмөн

– Д амин дэмийн хэт өндөр агуулга

– Бамбай булчирхайн хордлого

– Нугасны сvрье

– Бөөрний архаг дутмагшил

Кальцийн дутмагшил буюу гипокальцеми нь дараах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, үүнд:

– рахит

– остеопороз /яс сийрэгжих/

– остеомаляци /яс зөөлрөх/

– бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах

– бөөрний архаг дутмагшил

– магнийн дутагдал

– механик шалтгаантай шар, элэгний дутмагшил

– кахекси /сульдах/

Мөн хавдрын эсрэг болон шөрмөс таталтын эсрэг эм бэлдмэл хэрэглэсний нөлөөгөөр кальцийн дутмагшил үүсч болно.

Кальцийн дутагдал нь шөрмөс татах, нойргүйдэх, сэтгэл таагүйтэх г.м. шинэ тэмдгээр илэрнэ.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

4 Comments

  1. Гочоо

    Энийг тэгээд яаах вэ?

  2. jargal

    yamar teneg yum bee huulbarlaj bolohgui yum bnasht bi bie daaltaar ca avsiin tgeed printleh gsen chne huulj bolkuuun bn aa

  3. otgoo

    tgeed uridchilan sergiileh talaarn hool hynsendee yu yug heregleh, kalitsiig yaj nohoh talaar zovlolgoo bichvel zygeer bn bayrlalaa

  4. Буянхишиг

    баярлалаа маш гоё мэдээлэл байна тэгээд дажгүй их зүйл мэдэж авлаа биохимийн үүрэг гээд биохимийн хичээлийн холбогдолтой бичвэл бүр хэрэгтэй л байна анагаахын оюутнуудад их л хэрэгтэй байх гэж бодож байна.

Leave a Reply