Согтууруулах ундаа хэр их уудаг вэ?

Манай улсын согтууруулах ундааны хэрэглээ нь үнэдсний аюулгүй байдалд аюул учруулах дээрээ тулаад байгаа тухай яригдаад удаж байна. Шинэ жилээр тохиолдсон эмгэнэлт явдал нь энэ яриаг улс төрчдийн хоосон хийрхэл биш гэдгийг батлаад өгөв бололтой. Манай сайт ч энэ талаар лавлахаар шийдэж “Согтууруулах ундаа хэр их уудаг вэ?” гэсэн асуулгыг явуулаад дүнгээ гаргаж байна.

Асуулгын дүнгээс үзвэл оролцогчдын 16.5% долоо хоногт нэг удаа согтууруулах ундаа уудаг гэсэн хариу өгчээ. Магадгүй энэ нь алдарт Баасан ахын төрсөн өдөртэй холбоотой байх гэж бодож байна. 12,1% нь 14 хоногт нэг уудаг гэжээ. Энэ харин аванс, “бөгс” мөнгө буудаг мөчлөгтэй холбоотой байж болох юм. Ямар ч л байсан 7, эсвэл 14 хоног ажилласны дараа стресс, бухимдлаа тайлах гэж найз нөхөдтэйгээ хэтрүүлэлгүйгээр ууж алжаалаа тайлахыг тийм ч буруу зүйл биш гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Ингэж үзвэл тохируулж хэрэглэдэг хүмүүс нь асуулгад оролцогсдын 28,6% болж байна.Харин 15,5% нь улиралд ганц, 14% нь огт уудаггүй, 8,6% нь жилд ганц гэсэн хариу өгсөн нь нэлээд санаанд оромгүй гэж болохоор үзүүлэлт гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Учир нь улиралд ганц, жилд ганц гэдгийг нь огт уудаггүйтэй адил гэж үзвэл манай сайтыг сонирхсон хүмүүсийн дийлэнх нь буюу 38,1% нь согтууруулах ундааг бараг хэрэглэдэггүй болж таарч байгаа юм. Энэ үнэхээр сайн үзүүлэлт. Ингээд үзвэл монголчууд согтууруулах ундаанд зарим хүмүүсийг яриад байгаа шиг тэгтлээ автаагүй юм байна гэмээр. “Аан, худлаа худлаа” гэсэн тайлбарыг энд өгч болох ч компьютерийн өмнө суугаад хариулж байгаа хүнд худал хэлэх, булзааруулах шаардлага байхгүй тул бодит байдлын магадлал нь маш өндөр. Бахархууштай.

Гэхдээ 7 хоногт 3-4 удаа гэсэн хариултыг 7,9%, өдөр бүр гэсэн хариултыг 6,1%, өнжөөд уудаг гэсэн хариултыг 2,3% нь өгсөн байна. Долоо хоногт гурав дөрөв, өнжөөд, эсвэл өдөр бүр уух уул шугамандаа утга адил. Ингээд бодохоор халуун амь бүлээн цусаа үл хайрлан гамгүй уудаг хүмүүс нь асуулгад оролцогчдын 16,3% болжээ. Энэ нөхдүүд манай сайтын сонжоо булангийн “Хэн бэ та?” гэсэн хэсгээс “Архичин болчихсон юм биш биз?” гэсэн сонжооны асуултанд хариулаад хэддүгээр шатандаа явж байгаагаа олж мэдээд, оройтоогүй дээрээ бие татаж авсан нь дээр байх. Ямар ч байсан согтууруулах ундааг хэт их уудаг хүмүүс санал асуулгад оролцогсдын хамгийн бага хувийг эзэлж байгаа нь сайн үзүүлэлт гэвэл эсэргүүцэх хүн гарахгүй байх.

Согтууруулах ундаа хэр их уудаг вэ

Сард 1 -17%
7 хоногт 1 – 16.5%
Улиралд 1 – 15.5%
Огт уудаггүй – 14%
14 хоногт 1 – 12.1%
Жилд 1 – 8.6%
7 хоногт 3-4  – 7.9%
Өдөр бүр – 6.1%
Өнжөөд – 2.3%

/асуулгад 793 хvн оролцсон болно/

Leave a Reply