Гүйлтээр хичээллэхэд анхаарах зүйлс

 Юм болгон өөрийн гэсэн дүрэм журам, хориг цээр, анхаарвал зохих зүйлстэй байдаг. Чийрэгжүүлэх гүйлт ч мөн адил. Нуухыг нь авах гээд нүдийг сохолдгийн үлгэр шиг болохгүйн тулд эдгээр дүрэм, анхааруулгыг сайтар уншиж мөрдөх тус болно уу гэхээс хор болохгүй.

Хувцаслалт

Юуны өмнө тухайн улирал, гүйх гадаргуйдаа тохируулан хувцаслаж байх хэрэгтэй. Хүйтэн сэрүүний улиралд хувцас нь хөдөлгөөн барихааргүй, хэт хүнд биш, хамгийн гол нь дааруулахааргүй байх ёстой. Зориулалтын пүүз, өмд, цамц өсмөж гүйвэл мэдээж биенд амар ч гэлээ хүсвэл жирийн хувцастайгаа гүйхэд буруудах зүйлгүй. Жишээлэхэд, домогт боксчин Моххамед Али нь өглөөд гүйлтэнд гарахдаа жирийн ботинк өмсөж гүйдэг байсан байх юм. Гэхдээ жин ихтэй хүмүүс гутландаа онцгой анхаарал тавихаас өөр аргагүй. Хүнд жинтэй хүн гүйнэ гэдэг жирийн хүн гуалин үүрээд гүйхтэй адил зүйл болохоор хөлөнд ирэх ачаалал эрс нэмэгддэг. Иймд зузаан ултай, ирж байгаа ачааллыг намалзан хөдлөх маягаар гаргаж, суллаж байдаг пүүз өмсөх нь хамгийн зөв.

Аюулгүй байдал

Манай улсад гарч байгаа гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц цөөрөхгүй байгаа нь харамсалтай. Гэвч гэмт хэргийн түвшин буурсан цагт чийрэгжүүлэх гүйлтээр хичээллэнэ гээд хүлээгээд байвал нэгэн зүйлийг унахыг нь хүлээсээр байгаад турж үхдэг үнэгтэй адил болох биз. Иймд чийрэгжүүлэх гүйлтээр хичээллэж эхлэхийн өмнө дараах зүйлсийн анхааралтай уншаад, өөрт хэрэгтэй зүйлсийг нэмээд цаашид ягштал баримтлаж байх нь таны болон таны ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд, нерв, хэтэвчний зузаанд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

  • Алт, мөнгө, сувд, цагаан алтан ээмэг, бөгж, зүүлт, бугуйвч гэх мэтийн үнэт эдлэл зүүж гүйх хэрэггүй.

  • Гар утсаа чихэвчиндээ холбож, гар утасгүй бол шаардлагатай үед хамгийн ойрын ТҮЦ, дэлгүүрт ороод утсаар ярихад хүрэлцэх 200-500 төгрөг байнга авч явж байх хэрэгтэй.

  • Ганцаар гүйх нь илүү зохистой гэж мэргэжилтнүүд үздэг ч одоо цагт ялангуяа орой, үдэш гүйдэг бол хоёул, гурвуул гүйж байх нь илүү тохиромжтой.

  • Ганцаар гүйхээр болбол утсаар ярьж, эсвэл зурвас бичиж үлдээн гэрийнхэндээ мэдэгдэж байх шаардлагатай. Мөн өөрийн гүйдэг зам, маршруутаа гэрийнхэндээ зааж, гэртээ ирэх ойролцоо хугацааг тэмдэглэж өгөх хэрэгтэй.

  • Таньж мэддэг дүүрэг, хорооны газраар л гүйж бай.

  • Хүн ам цөөтэй газар, зэлүүд гэрэлгүй гудамж, мод бут битүү ургасан замаар гүйхээс зайлсхий. Ялангуяа оройн цагаар гүйдэг бол гэрэлтүүлэггүй газраар гүйхгүй байсан нь дээр. Зогсоол дээрх машинаас холуур гүйхийг хичээ.

  • Хоёр чихэндээ хоёуланд нь чихэвч зүүх хэрэггүй, ялангуяа оройн цагаар гүйдэг бол. Сонсголоо ашиглан орчин тойрноо хянаж байх хэрэгтэй.

  • Гүйх зуур танихгүй хүмүүс үгээр хатгаж өдөхийг тоохгүй байх хэрэгтэй. Мөн танихгүй хүмүүс ойртож ирэх үед онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Бусдын тайван харж, хэт ойртож, эсвэл хэт холдолгүйгээр зай барих хэрэгтэй.

  • Ойртож байгаа машинуудыг харж байхын тулд замын хөдөлгөөний эсрэг чигт гүйх хэрэгтэй.

  • Өглөө эрт, эсвэл орой гүйдэг бол гэрэл ойлгодог хувцас өмсөх хэрэгтэй.

  • Шүгэл гэх мэтийн дуу чимээ гаргадаг зүйл биедээ авч явахад буруудах зүйлгүй.

Биеийн байдал

Дараах тохиолдлуудад эмчийн хяналт, зөвшөөрөл, зөвлөгөөгүйгээр гүйхийг хориглодог. Үүнд:

  • Зүрхний төрөлхийн гажиг, зүрхний тосгуур ховдлын нүх нарийсах эмгэг.

  • Тархинд цус харвасан, эсвэл зүрхний шигдээсийн дараа.

  • Зүрхний хэм алдагдлын хурц илрэлүүд.

  • Цусны эргэлтийн дутмагшил, бүх төрлийн уушигны дутмагшил.

  • Эмийн үйлчиллээр арилдаггүй өндөр даралт. /180/110 ба түүнээс дээш/

  • Бөөрний архаг өвчин, бамбай булчирхайн дааврын хэт ялгаралтаас үүдэлтэй хордлого буюу тиреотоксикоз, инсулинаар хянах боломжгүй чихрийн шижин,

  • Нүдний даралт, хурдацтай нэмэгдэж байгаа ойрын харалган,

  • Бүх төрлийн хурц өвчин, тэдгээрийн дотор хурц ханиад, хатгаа. Архаг өвчин сэдрэх.

  • Гүйх үед хоёр хөл хоёул газраас тасардаг нисэлтийн хэсэг гэж байдаг бөгөөд нэг хөл нь газар хүрэх үед түүн дээр биеийн жингээс тав дахин илүү ачаалал ирдэг. Улмаар гүйх үед хүний үе мөч, нуруунд маш их ачаалал ирж, доргидог. Иймд өвдөг, эсвэл ууцаар өвддөг бол эмчид үзүүлж, зөвлөгөө зөвшөөрөл авалгүйгээр гүйлтээр хичээллэх гэх хэрэггүй.

Эцэст нь нохойгоо дагуулж гүйх дуртай хүмүүст анхааруулахад юуны өмнө нохой чинь замд таарсан гүйлтээр хичээллэж байгаа бусад хүмүүс рүү дайрдаггүй, таны тушаалыг ягштал биелүүлдэг байх хэрэгтэй. Цаашилбал, нохой нь хөлсний булчирхайгүй тул дулааны улиралд дагуулж гүйхдээ ус асгаж сэрүүцүүлэх гэх мэт арга хэмжээ авч хэт халахаас нь хамгаалж байх хэрэгтэй.

5 Comments

  1. Uyanga

    Heregtei medeelel ugsund bayarlalaa. Neg zuil todruulya: ugluu guih, oroi guihiin tus tusiin ontslog, davuu bolon sul taluudiin talaar medeelel uguh bolomj bnu?

  2. bmb

    end gehdee guih uyed yag anhaarah zuiluudig helsen bol buur ch heregtei blaa… jishee n: guihesee omno her ih&baga idej boloh, amisgaaga yaj gargah, guisnii daraa yamr dasgal hiih, biye halaalt, teknikiin taliin zovlogoonuud heregtei bna..

  3. vitamintse

    Нохойг хүртэл бодолцож мэдээлэл бичсэн хүнд талархая ^^

  4. ehner

    manai nuhur uuruu hiilguulne gj yariad bga ., bi sudalj uzlee., emegtei hundee ch eruul mended sn yum bn . er ni demjeed oiriin ued garid magnai yawya gj helhees.

  5. 2

    zozo mongold ochood guivel aluulah yum bnadoo. yaaj biee halaah tuhai yum bh gesen chin gemt haldlagaas sergileh tuhai shiv dee bas deer n mashin zamaar guinee????? 

Leave a Reply