“Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал”…

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Дэлхий нийтэд ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж нь эрүүл мэнд, нийгмийн салбарууд болон гэр бүлийг оролцуулан ахмад настны амьдралын чанарыг  дээшлүүлэхэд нөлөөлөх материаллаг болон нийгмийн тогтвортой бүтээлч орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Ахмад настанд үзүүлэх халамж нь зөвхөн өвчин эмгэгтэй үед нь  төдий бус настны бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн болон орчны бусад хүчин зүйлийг оролцуулаад бүхэлдээ тэдний сайн сайхан байх нөхцөлийг хангахад чиглэгдэх юм.

Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг  эрүүл мэндийн анхны тусламжид төвлөрүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд энэ нь ахмад настнуудыг нийгмээс тусгаарлах биш харин тэдэнд гэр бүл, хамт олныхоо дунд бие даан амьдрах боломжийг олгох зорилготой юм.

Манай улсад 55, түүнээс дээш насны эмэгтэй, 60, түүнээс дээш насны эрэгтэй хүн 1989 онд 144,5 мянга буюу нийт хүн амын 7,1 хувийг эзэлж байсан бол 1996 оны эцэст 160,4 мянга буюу нийт хүн амд 6,8 хувь болж жилд дунджаар 1,3 хувь өсчээ.

Ахмад настаны бие махбодид гарах өөрчлөлттэй холбоотой цусны даралт ихсэх өвчин, зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчин, шээс шавьдаглах, нүдний  болор цайх болон даралт ихсэх, сонсгол муудах, хөдөлгөөн алдагдах, сэтгэцийн хямралтай болох, шүд, амны хөндийн эмгэг, гэмтэл, бэртэл зэрэг олон өвчин тохиолдож тэдгээр нь архаг удаан явцтай байдгаараа онцлог юм.Тухайлбал 1997 онд хот, хөдөөгийн 609 ахмад настаны дунд явуулсан судалгаагаар хотод оршин суугаа ахмад настны 49 хувь, хөдөөд оршин суугаа ахмад настны 68,8 хувь нь өөрийгөө халамжлах чадваргүй байсан бөгөөд хөдөөгийн ахмад настны 11,3 хувь нь архаг бруцеллёз, 51,5 хувь нь үе мөчний, 33,9 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй байлаа.

Нийт хүн амын нас баралтад 55 ба түүнээс  дээш насны хүмүүсийн нас баралтын эзлэх хувийн жин сүүлийн 5 жилийн дунджаар 47,2 хувь байгаа бөгөөд тэдний нас баралтын үндсэн шалтгаан дотор цусны эргэлтийн тогтолцооны өвчин 45,1 хувь, хавдар 27,8 хувь, амьсгалын эрхтний өвчин 7,5 хувь хоол боловсруулах эрхтний өвчин 6,5 хувь, осол гэмтэл, гаднын шалтгаан 1,5 хувийг тус тус эзэлж байна.

Ахмад настны эрүүл мэндийн байдал нь тэдний нийгэм, ахуйн байдалтай салшгүй холбоотой юм.Тухайлбал, Анагаах ухааны хүрээлэнгээс 1993 онд  явуулсан судалгаагаар ахмад настны 81,2 хувь нь хөдөө, 18,8 хувь нь хотод оршин сууж байсан бөгөөд эрэгтэйчүүдийн 22,4, эмэгтэйчүүдийн 56,9 хувь нь ганц бие эрэгдтэйчүүдийн 26,6 хувь, эмэгтэйчүүдийн 27,9 хувь нь аминдаа орон сууцгүй, эрэгтэйчүүдийн 72,8 хувь, эмэгтэйчүүдийн 74,6 хувь нь ажил эрхэлдэггүй, эрэгтэйчүүдийн 51,8 хувь, эмэгтэйчүүдийн 71,8 хувь нь амьдралын  баталгаат түвшингээс доогуур орлоготой байв.

Монгол Улсын Үндсэн хуулинд “өндөр наслах бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасан бөгөөд 1996 онд батлагдсан Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль болон Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод ахмад настны талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойллоо.

Одоогийн байдлаар ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын арга хэмжээ ь амьжиргааны үндэс болсон тэтгэврийг нь нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн арга хэмжээнд хамруулах, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь төр хариуцан эмнэлгээр үнэ төлбөргүй үйлчлэх зэрэг үйл ажиллагаанд голлон чиглэгдэж байна.

Ахмад настны талаар авч хэрэгжүүлж байгаа эдгээр арга хэмжээ нь тэдний хэрэгцээг хангаж чадахгүй, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь үнийн өсөлттэй харьцуулахад үлэмж доогуур байгаагаас олон мянган ахмад настан хүнд нөхцөлд амьдарч байна.

Ахмад настны идэвхтэй, эрүүл, урт наслах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх асуудалд тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах, энэ ажилд төрийн ба төрийн бус байгууллага, иргэд, гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх төрийн зохицуулалт зүй ёсоор шаардагдаж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

1. Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн дунд эрүүл, идэвхтэй амьдрах таатай орчин бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2. Хөтөлбөрийн хүрээнд дор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ:

1/ ахмад настны орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх;

2/ ахмад настанд үзүүлэх хамт олонд тулгуурласан үйлчилгээг сайжруулах;

3/ ахмад настанд  үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний  хүртээмж, чанарыг дээшлүүлэх;

4/ ахмад настны ахуйн орчин, нөхцөлийг сайжруулах;

5/ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;

6/ ахмад настны талаархи мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;

7/ ахмад настны боловсролыг дээшлүүлэх, тэдний нийгмийн идэвх, оролцоо, хувь нэмрийг дэмжих;

8/ ахмад настны эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олон,гэр бүлийн ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хяналт тавьж үнэлгээ өгөх ажлыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ахмад настны асуудал хариуцсан төрийн бус байгууллага Монголын ахмадын холбооны оролцоотойгоор гүйцэтгэнэ.

5. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцна.

6. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, нэгдэл болон орон нутаг дахь ахмадын байгууллага тус тус эрхлэн гүйцэтгэнэ.

7. Орон нутгийн болон үндэсний хэмжээнд хийх ажлыг жилээр төлөвлөн хэрэгжүүлж, дүнг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газарт тайлагнаж байна.

8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

1/ Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамж, асрамж, хөнгөлөлт үйлчилгээний талаар гарсан хууль тогтоомж болон ахмад настны талаар НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлоготой нийцүүлэх;

2/ ахмад настны нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэндийн үйлчилгээний асуудал эрхэлсэн байгууллагуудын ажлын арга барилыг шинэ шатанд гаргаж  уялдаа холбоог сайжруулах;

3/ ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийг эрүүл мэндийн анхны тусламжтай уялдуулах орон нутагт эрүүл мэндийн төв, нийгмийн халамж үйлчилгээний төв, сум, өрхийн эмчийн үйлчилгээг гэр бүл, хамт олныг түшиглэн хөгжүүлэх;

4/Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагаа, иргэд, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог хангахад анхаарах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

9. Ахмад настны орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар:

1/ ахмадуудад эзэмшсэн мэргэжил, амьдралын туршлага, хүч бололцоонд нь тохирсон ажлын байр олгох, түр хугацаа, хорогдуулсан цаг, өдрөөр ажиллуулах талаар байгууллагаас гаргасан санаачилгыг дэмжих;

2/ ахмад настнуудаас хувиараа хөдөлмөр эрхлэх, ажлын туршлага, ур чадвараараа нэгдэн хоршоо, компани байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэргийг дэмжих;

3/ тэтгэврийн насанд хүрсэн ахмад настнууд  хүсэлтээрээ үргэлжлүүлэн ажиллахыг дэмжих;

4/ ахмад настны тэтгэврийг үнийн инфляци, амьжиргааны өртгийн түвшинтэй нийцүүлэн зохицуулж байх.

10. Ахмад настанд үзүүлэх хамт олонд тулгуурласан үйлчилгээг сайжруулах талаар:

1/ ахмад настанд үйлчлэх гэрийн үйчилгээний төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлэх;

2/ахмад настанд хамт олноос үзүүлэх хөнгөлөлт, тусламж, хүндэтгэлийн арга хэмжээг өргөжүүлэх;

3/ ахмад настанд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхэд зориулсан биеийн тамир, спорт, урлаг, соёл, боловсрол, ахуйн үйлчилгээний цэг, салбар ажиллуулах, аялал жуулчлал зохион байгуулах;

4/ иргэд, айл хөрш, хамт олны зүгээс ахмад настанд тусламж үзүүлэх, асран халамжлах сайн дурын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх;

5/ ахмад настны зүгээс бусад ахмад настнуудад туслах байгууллага, үүсгэл санаачилга, хөдөлгөөнийг дэмжин урамшуулах.

11. Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар:

1/ Ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэн уялдаа холбоог сайжруулна:

а/ ахмад настныг эрүүл мэндийн анхны тусламж, өрхийн эмчийн үйлчилгээнд бүрэн хамруулж байнгын хяналтад байлгах;

б/ ахмад настанд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх;

в/ ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулан эрүүл мэндийн түвшинг тогтоон өвчлөлийг эрт оношилж эмлэх, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулан өвчлөл, хүндрэл, тахир дутуу болохоос урьдчилан сэргийлэх;

г/ ахмад настны эрүүл мэндийн  үйлчилгээнд  уламжлалт  эм, эмчилгээний аргыг арганаар ашиглах;

д/ ахмад настны өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж буй халдварт бус өвчин /зүрх судасны өвчин, уушигны архаг өвчнүүд, хавдар/-тэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;

е/ ахмад настанд зориулсан эмнэлгийн хэрэгслийн /нүдний шил, сонсголын аппарат, хиймэл шүд, таяг/ хангамжийг сайжруулах;

ж/ ахмад настны хоол хүнсний бүтэц, тэжээллэг чанарт судалгаа хийж, тэдний нас, бие махбодийн онцлогт тохирсон уураг, өөх тос, эрдэс бодис, амин дэм бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ядуу ахмад настныг хооллох халамжийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх;

з/ ахмад настанд зориулан эрүүл мэндийн сургалт явуулах, сургалтад биеийн тамирын дасгал хөдөлгөөн, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх тусламжийг өргөнөөр ашиглах.

2/ Өвчтэй болон тахир дутуу  ахмад настан, тэдний гэр бүлд доорхи дэмжлэг үзүүлнэ:

а/ өдрийн эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлэх;

б/ гэрээр нь эмчлэх, сувилах, асрах үйлчилгээ үзүүлэх;

в/ сувиллын газар ажиллуулах

3/ Ахмад настны асуудлаар хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлнэ:

а/ хөгшрөлтийн эсрэг үндэсний эм, бэлдмэл бүтээх, үр дүн сайтай эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх;

б/ эрүүл мэндийн төвүүдэд ахмад настны бие  махбодийн   онцлогийг эмнэлзүйн талаас нь судалж, эрүүл мэндийн зөвлөлгөө өгч, тусламж үзүүлэх /гериатрийн/ үйлчилгээг тогтмолжуулах;

в/  монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл /эмнэлэг-биологи, нийгэм, сэтгэл зүйн/-ийг судалж, энэ талаар авах арга хэмжээний чиглэлийг боловсруулж арга зүйн зөвлөлгөө өгөх үүрэг бүхий Геронтологийн төв байгуулах;

г/ хүн амын бүтцэд ахмад настны эзлэх хувь нэмэгдэж байгаатай уялдан түүнд шаардлагатай нөөцийн /хүн хүч, материал, санхүүгийн/ судалгаа хийж төлөвлөлтийг боловсронгуй болгох.

12. Ахмад настны ахуйн орчин, нөхцөлийг сайжруулах талаар:

1/ хэвтрийн өвчтэй, тахир дутуу, сэтгэцийн эмгэгтэй ахмад настан эцэг эхээ асрамжилж байгаа айл өрхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

2/ ахмад настныг  тохиромжтой хоол хүнс, ундны ус, хувцсаар хангах асуудалд анхаарал тавих;

3/ ахмад настны гэр, орон сууц, оршин суух орчныг тэдний чадавхи, хэрэгцээнд тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар зохион байгуулах.

13. Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар:

1/ ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ, тэдгээрийн хамрах хүрээг дэс дараатай нэмэгдүүлэх;

2/ нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний стандартыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;

3/ ахмад настанд  зориулсан үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн хяналтын болон урамшууллын механизм бий болгох.

14. Ахмад настны талаархи мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх талаар:

Мэдээлэл, сургалт сурталчилгаа нь ахмад настны талаар бүх нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх, ахмад настнаа дэмжих нийгмийн харилцааг төгөлдөржүүлэхэд чиглэгдэнэ.

1/ сургалт явуулах чиглэл:

а/ цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллежийн сургалтын агуулгад ахмад настны /хөгшрөлтийн/ биологи, нийгэм, сэтгэл зүйн онцлогийг тусгах замаар хүүхэд, залуучуудад ахмад үеэ хүндэтгэн туслах харилцааны соёл, зан үйлийг төлөвшүүлэх;

б/ анагаах ухаан, сувилахуйн боловсрол эзэмшүүлэх бүх шатны  сургалтын агуулгад настны эрүүл мэнд, сэтгэл зүйн онцлог, настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн асуудлыг тусгах;

в/геронтологи, гериатрийн эмч, мэргэжилтэн бэлтгэх;

г/ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллага, нийгмийн халамж, асрамжийн байгууллагад ажиллагсдад зориулсан сургалт зохион байгуулах;

д/ ахмад настанд туслах сайн дурын идэвхтэн бэлт гэх

е/ ахмад настанг асран халамжлах талаар гэр бүлд мэдлэг, арга барил эзэмшүүлэх.

2/бүх нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх чиглэл:

а/ эрүүл, урт наслалтын тухай;

б/ ахмад настны сэтгэл зүй, бие бялдар, тэдэнд шаардлагатай хоол хүнс, ахуйн онцлог, тэднийг гэр бүл, хамт олон, нийгмийн зүгээс хэрхэн халамжлах, өвчилсөн тохиолдолд эрт илрүүлэх тухай;

в/ ахмад, залуу үеийн холбоо, хамтач ажиллагаа, ахмад настны нийгэмд оруулсан хувь нэмрийн тухай;

г/ тэтгэвэрт гарахад бэлтгэх тухай;

д/ ахмад настны  тухай хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн тухай;

е/ ахмад настны талаар дэхий нийт, олон улсын байгууллагын баримталж буй бодлого, үйл ажиллагааны тухай;

ж/ ахмад настнаа үлгэр жишээчээр асран халамжилсан байгууллага, гэр бүлийн тухай.

3/ ахмад настны асуудлаар гэр бүл, олон нийт, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан гарын авлага, зөвлөмж гаргах;

4/ Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар шинэ үзүүлэлтүүдийг эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоонд нэвтрүүлэх;

15. Ахмад настны боловсролын дээшлүүлэх, тэдний нийгмийн идэвх, оролцоо, хувь нэмрийг дэмжих талаар:

1/ ахмад настны туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь залуучуудад өвлүүлэх, ахмадаасаа суралцах, ахмад үеэ хүндэтгэж, дэмжин тусалдаг уламжлалт ёс заншлыг хадгалахад байгууллага, хамт олон, гэр бүлийн үйл ажиллагааг чиглүүлэх;

2/ ахмад настныг нийгмийн амьдралд оролцуулахад чиглэгдсэн арга хэмжээ авч, тэдний мэргэжлийн ур чадвар, амьдралын туршлагыг зохистой ашиглах;

3/ ахмадуудын хэрэгцээ, сонирхлыг үндэслэн дараахь чиглэлээр сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулж тасралтгүй болон зайны сургалт явуулах:

а/ өөрийгөө арчлах, эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх, өвчин эмгэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх;

б/ мэргэжлийн баримжаа ологох, ур чадварыг нэмэгдүүлэх.

4/хүүхэд, залуучуудын дунд явуулах албан болон албан бус сургалт, сурталчилгааны ажилд ахмад настны ур чадвар, дадлага туршлагыг өргөн ашиглах;

5/ахмад настны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн гарын авлага, зөвлөмж гаргах;

6/ нийгэм, хамт олон, гэр бүлийн дотор шийдвэр гаргах үйл ажиллагаанд ахмад настныг оролцуулах;

7/ ахмад настны гэр бүлдээ гүйцэтгэх үүргийг /зөвлөх, асран хамгаалах, үлгэр дууриалал үзүүлэх/ дэмжин хөгжүүлэх.

16. Ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэд дараахь үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээнэ:

1/Монгол Улсын Засгийн газар:

а/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнд зарцуулах хөрөнгийг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн төсөвт тусгах;

б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих, энэ асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх.

2/ Төрийн захиргааны төв байгууллагууд:

а/ ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар эрхэлсэн салбарынхаа хүрээнд хийх ажлыг стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах;

б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, зарцуулах хөрөнгийг жил, жилийн төсөв, төлөвлөгөөндөө тусган хөтөлбөрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохицуулах;

в/ бусад салбар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах;

г/ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах.

3/Нутгийн захиргааны байгууллага:

а/хөтөлбөрийн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх, тайлагнах;

б/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;

в/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд орон нутгийн хэвлэл мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн  оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлагаар хангаж ажиллах.

4/ Хэвлэл мэдээллийн байгууллагууд:

а/ үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад настны талаар явуулах нийтлэл, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, чанарыг нь дээшлүүлж, арга хэлбэрийг нь боловсронгуй болгох;

б/ ахмад настны мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахад чиглэгдсэн албан бус, зайны сургалтын хөтөлбөрийг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх.

5/ Төрийн бус байгууллагууд:

а/ ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг дэмжих, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах;

б/ ахмад настны асуудлаар төсөл, бусад арга хэмжээг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

в/ хөтөлбөрийг сурталчилж, олон түмний оролцоог өргөжүүлэх;

г/ хөтөлбөрийн тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэх талаар дэмжлэг үзүүлэх.

6/ Байгууллага, аж ахуйн нэгж:

а/ ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын  талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг байгууллагынхаа хэмжээнд зохион байгуулж дүгнэх;

б/ ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх, ахмад настны туршлагыг залуучуудад өвлүүлэн эзэмшүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг өргөжүүлэн хэвшүүлэх;

в/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тусламж үзүүлэх;

г/ ажилтан, албан хаагчдынхаа тэтгэвэрт гарах бэлтгэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх.

7/ Гэр бүл, ахмад настны оролцоо:

а/гэр бүл

-ахмад настныг  асран халамжлах арга ухаанд суралцах, гэр бүлийн дотор ахмад настнаа хүндлэх, халамжлан асрах монгол уламжлал, заншлыг үр хүүхэд, ач, зээ нар нь өвлөн эзэмших;

-ахмад настныхаа хэрэгцээ, шаардлагыг байнга анхааран үзэж, улирлын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, хоол хүнсээр хангах, гэр, орон сууцных нь эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тав тухтай байдлыг нь хангах талаар анхаарах;

-ахмад настныхаа эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмчтэй байнгын харилцаатай байж өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх;

-ахмад настныг нийгэм, хамт олны дунд байж олон нийтийн ажилд оролцоход нь дэмжин туслах.

Б/ ахмад настан:

-өдрийн дэглэм, хувийн ариун цэврийг сахих, зөв хооллох, биеэ асарч тордох зэрэг эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх талаар холбогдох байгууллага, хүмүүсээс зөвлөлгөө  авч амьдрал ахуйдаа хэвшүүлэх, эрүүл мэнддээ сөргөөр нөлөөлөх аливаа дадал хэвшлээс татгалзах;

-гэр бүлийнхээ идэвхтэй гишүүний хувьд үр хүүхэд, ач, зээ нараа сурган хүмүүжүүлэх, асран хамгаалах;

-залуу хойч үеэ сурган хүмүүжүүлэх, мэдлэг туршлага, уламжлалаа өвлүүлэх;

-ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган нийгэм, хамт олны дунд явуулах ажил, үйлчилгээнд өөрсдийн боломж, чадавхиар оролцох;

-тэтгэвэрт  гарахад бэлтгэх.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт, хамтын ажиллагаа

17. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/ төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд зориулан жил бүр олгох хөрөнгө ;

2/ аж ахуйн нэгж, байгууллагуудаас ахмад настныхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх арга хэмжээнд зориулан зарцуулж  буй хөрөнгө;

3/ “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг дэмжих зорилгоор гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгч буй тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө.

18. Олон улсын байгууллагууд, ахмад настны асуудал эрхэлдэг гадаад орны төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, дараахь чиглэлээр хамтран ажиллана:

1/хөтөлбөр,  төсөл хэрэгжүүлэх;

2/судалгаа шинжилгээ хийх;

3/ хурал, семинар, сургалт зохион байгуулах;

4/гадаад орны туршлагыг судлах, нэвтрүүлэх;

5/ үнэлэлт дүгнэлт гаргуулах, зөвлөлгөө авах.

Зургаа.Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэх

19. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг улсын хэмжээнд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, орон нутагт бүх шатны Засаг дарга нар гүйцэтгэнэ.

20. Хөтөлбөрийн үр дүнг дараахь үзүүлэлтүүдээр жил бүр гаргаж харьцуулсан үнэлгээ өгнө:

1/ахмад настны ажил эрхлэлтийн түвшин;

2/бодит  орлого нь нэмэгдсэн ахмад настны тоо, хувийн жин;

3/ гэрийн үйлчилгээнд /эрүүл мэндийн бус/ хамрагдсан ахмад настны эзлэх хувь;

4/ урлаг, соёл, аялал, жуулчлал, ахуйн үйлчилгээ, биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдсан ахмад настны хувийн жингийн өсөлт;

5/ ажиллаж байсан  байгууллагаасаа тусламж, дэмжлэг авдаг ахмад настны эзлэх хувь;

6/ дундаж наслалт;

7/ ахмад настанд зонхилон тохиолдох өвчлөлийн тоо, нас баралт;

8/ гэрийн эмчилгээ, сувилгаанд хамрагдсан ахмад настны эзлэх хувь;

9/ эмнэлгийн өдрийн ороор үйлчлүүлсэн ахмад настны эзлэх хувь;

10.урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ахмад настны хувь;

11/ нөхөн сэргээх тусламжид хамрагдсан ахмад настны эзлэх хувь, үүнээс:

а/ эмнэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан байдал;

б/ хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх тусламжид хамрагдсан байдал.

12/ ахмад настанд үзүүлж буй нийгмийн хөнгөлөлтийн эзлэх хувь;

13/ улсаас өндөр настны тэтгэвэр, тэтгэмж авч буй настангуудын эзлэх хувь;

14/ нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан ахмад настны тоо, хувь;

15/ ахмад настны асрамж үйлчилгээнд зарцуулж буй хөрөнгийн хувь;

16/ асрамж шаардлагатай ахмад настнаас асрамжийн үйлчилгээнд хамрагдсан ахмад настны эзлэх хувь;

17/ төрөл бүрийн сургалтад хамрагдсан ахмад настны эзлэх хувь;

18/ ахмад настны нийгэм, сэтгэл зүйн үзүүлэлт:

а/ амиа хорлосон тохиолдлын тоо;

б/гүн сэтгэл гутралын тохиолдлын тоо;

в/ хөгшрөлтийн тэнэгрэл буюу зөнөглөлтийн тохиолдлын тоо.

3 thoughts on ““Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал”…”

  1. tanai baiguullgar damjuulan ahmaduudiig  henti aimgiin dadal sumand bairlah chingisiin gurvan nuur rashaan suvilald urij bna aaa

  2. tania hamt olon bolon undur nastuudaa urij bna uramshuulaltai 15 deesh hamt olond 1 hun unegui amrah erh olgoj bna. delgerenguig deerh haygaar orj uzeeree

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.