Эрүүл мэндийн технолог сайжруулах үндэсний хөтөлбөр

Нэг. Нийтлэг үндэслэл Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанар нь эрүүл мэндийн салбарын технологийн бодлого, түүний хэрэгжилтээс ихээхэн хамаардаг. Манай улс эрүүл мэндийн технологийн байдалдаа үнэлгээ өгч, бодлогоо оновчтой тодорхойлж байгаагүйгээс эрүүл мэндийн технологийн түвшин дэлхийн жишгээс үлэмж хоцорчээ.

Ийм учраас эрүүл мэндийн технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өртөг зардал өндөртэй болон түгээмэл хэрэглээтэй  технологийн зохистой харьцааг тогтоож, зардлын өсөлт болон хязгаарлагдмал нөөцийн хоорондын тэнцлийг хангах шаардлага гарч байна.  Мөн технологийг нэвтрүүлэх болон ашиглалтын засвар, үйлчилгээг хийх эмч, мэргэжилтний эрэлт шаардлагаас үүдэн технологийн шинэчлэлийг удирдлага, зохион байгуулалт, мэдээлэл, хүн хүчний хөгжлийн асуудалтай цогцоор шийдвэрлэх шаардлагатай байгаа нь “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр” /цаашид “хөтөлбөр” гэх/ боловсруулах үндэслэл болсон.

Хоёр. Эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал
Манай улс хөгжлийн явцад эрүүл мэндийн талаар мэдэгдэхүйц амжилт олж 10000 хүнд ногдох эмч,  эмнэлгийн орны тоогоор дэлхийн хөгжилтэй орны түвшинд хүрчээ. Төр, засгийн цэгцтэй бодлогын үр дүнд эрүүл мэндийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж, Монгол Улсын хүн ам өнгөрсөн зууны эхэн үеийнхтэй харьцуулбал тав дахин өссөн байна. Сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтийн нөлөөгөөр хүн амын өвчлөл болон нас баралтын бүтцэд өөрчлөлт гарлаа. Тухайлбал, 10 жилийн өмнөх үеийнхтэй харьцуулахад зүрх-судасны өвчлөл 2 дахин нэмэгдсэн нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна. Судалгааны дүнгээс үзэхэд хорт хавдраар өвчлөгсдийн 86 хувь нь хожуу оношлогдож, тэдгээрээс мэс засал хийлгэсэн хүний тэн хагас нь жил хүрэлгүй нас барж байгаа нь өмөнг эрт илрүүлэх, эмчилгээний технологийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Дорнод, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан аймагт мэс заслын эмчилгээний дараахь хүндрэлийн үзүүлэлт улсын дунджаас дээгүүр байна. Эрүүл мэндийн улсын хяналтын албаны шалгалтаар мэс заслын эмчилгээний технологийн горимыг зөрчсөн, нөхцөл боломжоосоо хэтэрсэн шийдэлт хийснээс гарсан алдаа дутагдал олонтаа гарсан нь тогтоогджээ. Мөн аль ч шатлалын эмнэлэгт протезийн болон бэхэлгээний материал, нэг удаагийн хэрэглээний хэрэгсэл /мэс заслын торгон утас, кетгут, оёдол тавигч, хавчаас, хутга, зүү, төрөл бүрийн гуурс, уут г.м/, хурдавчилсан оношилгооны багаж, урвалж мэтийн нэн шаардлагатай суурь техник, хэрэгсэл дутагдсаар байна. Энэ нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, эмнэлгийн ор хоног уртсах, эмчилгээний зардал өсөх, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвийн ачаалал ихсэхэд нөлөөлж  байна. Иймд суурь техник, хэрэгслийг тасралтгүй ханган нийлүүлэх сүлжээг зохион байгуулах нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвийн поликлиникээр үйлчлүүлэгсдийн 2/3, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 1/3 нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд оношилгоо, эмчилгээг бүрэн шийдвэрлэх боломжтой нь тогтоогджээ. Иймд эрүүл мэндийн салбарын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд тусламж, үйлчилгээний давхардлыг арилгах боломж, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай  байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2001 оны тооллогын дүнгээс үзэхэд оношилгоо, эмчилгээний дөчөөд мянган тоног төхөөрөмж байгаагийн 80 хувь нь 9-21 жил ашиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд хандивлагчдын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Гэмтэл согогийг сэргээн засах клиникийн эмнэлэг, Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлэг, Дорнод, Өвөрхангай, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, 4 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийт сумын эмнэлгийн 10 орчим хувьд нь тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 30-50 хувь хийсэн байна. Гэсэн хэдий ч эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа төдийгүй эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан техник байсаар байна. Эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэхээр ирсэн иргэдийн эрэлт хэрэгцээнд тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх технологийн шинэчлэл хийж чадахгүй байгаагаас гадаадад эмчлүүлэгсдийн тоо жил тутам нэмэгдсээр байна.

Гурав. Хөтөлбөрийн зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах  зарчим

Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн мэдээллийн өртөг зардал хямд, хүртээмжтэй технологийг сонгон нэвтрүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан дэлхийн жишигт ойртуулахад хөтөлбөрийн зорилго оршино. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална: а/эмнэлгийн шатлал бүрт тохирсон үр ашигтай, өртөг зардал хямд, хүртээмжтэй, түгээмэл хэрэглээний технологийг сонгон нэвтрүүлэх; б/хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгааныг бууруулах зорилгоор үр ашигтай технологийг сорчлон нэвтрүүлэх; в/эрүүл мэндийн салбарын технологийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулалт, удирдлага, хүн хүчний хөгжилтэй цогцоор нь уялдуулан явуулах; г/мэдээллийн технологийг эрүүл мэндийн мэдээллийн сан, нэгдсэн сүлжээ, алсын зайн оношилгоо, зөвлөлгөө, сургалтад нэвтрүүлэх; д/оношилгоо, эмчилгээний стандартыг ”нотолгоонд тулгуурласан анагаах ухаан”-ы шаардлагад нийцүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагааны үндсэн чиглэл

ЗОРИЛТ 1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологийг шинэчилнэ.
Хүрэх үр дүн 1.1. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа сайжирна. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 1.1.1. Эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлт хүчин  зүйлийг хянах, тандах технологийг дэлхийн түвшинд хүргэх;
1.1.2. Эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг хянах, тандах орчин үеийн технологи нэвтрүүлэх;
Хүрэх үр дүн 1.2. Оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологи нэвтэрч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
1.2.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал бүрт тохирох лабораторийн хагас болон бүрэн автомат анализатор сонгон нэвтрүүлэх, оношлуураар тасралтгүй хангах;
1.2.2. Клиник микробиологи болон иммунологи, иммунохими, генийн технологийг төвлөрүүлэн гүйцэтгэх болон чанарын хяналт хийх лавлагаа лабораторийн сүлжээ бий болгох;
1.2.3. Дурангийн мэс заслын эмчилгээ хөгжүүлэх;
1.2.4. Гэмтлийн бэхэлгээний систем нэвтрүүлэх;
1.2.5. Тархины суурь хэсгийн эмгэг, судсан доторхи мэс заслын технологид шинэчлэл хийх; 1.2.6. Эрхтэн шилжүүлэх, гэмтсэн эрхтэнг нөхөн суулгах эмчилгээг цогцоор нь хөгжүүлэх;
1.2.7. Соронзон давтамжит томограф /МRI/ болон бусад  өндөр мэдрэмжтэй дүрслэх оношилгооны тоног төхөөрөмж нэвтрүүлэх;
1.2.8. Эх, хүүхдийн нас баралтыг бууруулах сэхээн амьдруулах, амь нас  аврах технологи нэвтрүүлэх;
1.2.9. Нотолгоонд тулгуурласан анагаах ухааны эрэлт шаардлагад нийцсэн оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулж нэвтрүүлэх.

Хүрэх үр дүн 1.3. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, чанарын баталгаажилтыг хангана. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
1.3.1. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаат засвар, үйлчилгээг боловсронгуй болгох;
1.3.2. Эрүүл мэндийн салбарын чанарын дотоод хяналтын нэгдсэн тогтолцоог  бэхжүүлэх.

Хүрэх үр дүн 1.4. Эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, тарилгын шингэний хангалт сайжирна. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

1.4.1. Эмнэлгийн хэрэгслийн хангамжийн сүлжээг тэргүүн ээлжинд бий болгож, суурь технологийн түвшинг жигдрүүлэх;

1.4.2. Тарилгын шингэнийг үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлэх.

ЗОРИЛТ 2. Эрүүл мэндийг дэмжих технологийг нэвтрүүлнэ.

Хүрэх үр дүн 2.1.  Эрүүл мэндийн мэдээллийн технологи сайжирна. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 2.1.1. Эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах; 2.1.2. Эрүүл мэндийн алсын зайн оношилгоо, зөвлөлгөө, сургалт, электрон номын сан, электрон худалдааг нэвтрүүлэх; 2.1.3. Эмнэлгийн дотоод мэдээллийн сүлжээ болон өвчний цахим түүх нэвтрүүлэх. Хүрэх үр дүн. 2.2. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын чадавхи сайжирсан байна. 2.2.1. Эрүүл мэндийн салбарын бүтэц, технологийн байдалд байнгын үнэлгээ өгч хөгжлийн түвшинг тогтоох; 2.2.2. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын чадавхийг технологийн хөгжилтэй уялдуулан бэхжүүлэх; 2.2.3. Технологийн шинэчлэлтэй уялдуулан хүн хүчнийг мэргэшүүлэх,  байршуулах арга хэмжээ авах; 2.2.4. Эрүүл мэндийн техник, технологийн чиглэлээр эрдэм шинжилгээний төсөлт ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгад тусган хэрэгжүүлэх.

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийх, тайлагнах арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. 4. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. 5. Хөтөлбөрийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламж, хандиваас бүрдэнэ. 6. Хөтөлбөрийг 2003-2008 онд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах салбар дундын хамтын ажиллагаа, хүлээх үүрэг 7. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага: 7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хувийн хэвшлийн оролцоог дэмжих; 7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах хандив, тусламж, гадаад нөөцийн эх үүсвэрийг шийдвэрлэн зохицуулах. 8. Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага: 8.1. Хөтөлбөрийн зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалга тооцоог үндэслэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад болон бусад нөөцийн эх үүсвэрээс санхүүжүүлэх. 9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага: 9.1. Эмнэлгийн мэргэжилтний сургалтыг “Эрүүл мэндийн технологийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулах; 9.2. Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх; 9.3. Хүүхэд, өсвөр үеийнхэн, иргэдэд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх болон түүнд зайны сургалтын технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах. 10. Дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага: 10.1. Эрүүл мэндийн байгууллагын мэдээ, мэдээллийн сүлжээ, хүн амын эрүүл мэндийн мэдээний сан байгуулах чиглэлээр хамтран ажиллах; 10.2. Үр дүн сайтай техник, технологийг сонгох, тэдгээр тоног төхөөрөмжийн баталгаажилтыг хангах, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах. 11. Бүх шатны Засаг дарга: 11.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үр дүнг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж  байх; 11.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зарим зардлыг орон нутгийн төсөвт тусгуулах.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт 12. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг аймаг, нийслэлийн Засаг дарга, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хийж Засгийн газарт жил бүр тайлагнаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

1 thought on “Эрүүл мэндийн технолог сайжруулах үндэсний хөтөлбөр”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.