“Иод дутлын эмгэгтэй тэмцэх” хөтөлбөр

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын устгахаар зорьсон эмгэгийн нэг нь чимээгүй тахал болох иод дутлын эмгэг юм. Хүний ялангуяа хүүхэд, өсвөр насныхны оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг иод дутлын эмгэгийг устгах хамгийн энгийн, найдвартай арга зам нь давсыг иоджуулан хэрэглэх явдал гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч гадаад орнууд хүнсний давсаа иоджуулан үр дүнд хүрчээ.

Монгол Улсын Засгийн газраас 1996 онд баталсан “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтын байдлыг судлан, хүнсний давсыг иоджуулах техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, иоджуулсан давсны чанарт үйлдвэрлэл, худалдаа, хэрэглэгчийн түвшинд хяналт тавих, иод дутлын эмгэгийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа явуулах зэрэг бодлого, үйл ажиллагаа явууллаа.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иоджуулсан давсны 10 гаруй жижиг, дунд үйлдвэр байгуулагдан ажиллаж байна. 2000 онд дотоодын үйлдвэрлэл болон импортоор 5.0 мянган тонн иоджуулсан давс хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн нь нийт хүнсний давсны хэрэглээний 57 хувь болж байна. Давс иоджуулах төхөөрөмж болон иодын (кали иодат) баяжмалыг НҮБ-ын Хүүхдийн сан, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техник, хамтын ажиллагааны тусламжаар хангаж байна. Хөтөлбөрийн үр дүнд сургуулийн насны хүүхдүүдийн дунд бахлуурын тархалт 1992 онд 29.2 хувь байсан бол 1999 онд 21.4 болж бууран айл өрхийн 46 хувь нь иоджуулсан давс тогтмол хэрэглэж байна.

3. “Йод дутлын эмгэгтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөр хэрэгжсэн 1996-2001 онд дэвшүүлсэн зорилтоо хангахад тодорхой ахиц гарсан боловч цаашид шийдвэрлэвэл зохих олон асуудал байсаар байна. Бахлуурын тархалтыг 2000 он гэхэд 0.5 хувьд хүргэх, иоджуулсан давсаар хүн амын 95 хувийг хангах зорилтдоо хүрсэнгүй. Хүнсний давсны олборлолт хийдэг дотоодын давсны ордыг түшиглэсэн давс иоджуулах үйлдвэр байгуулагдаагүй, жижиг орд, нуураас иргэд өөрсдөө хүнсний давс олборлож хэрэглэсээр байна. Тухайлбал, өрхийн түвшинд иоджуулсан давсны хэрэглээ төвийн бүсэд 63.6 хувь байхад давсны орд бүхий баруун бүсэд 24.3 хувь байна. Давсанд гүн боловсруулалт хийж цагаан давс үйлдвэрлэх техник, технологи нэвтрээгүйгээс энэ төрлийн импортын давсны хэмжээ өсч байна. Хүүхдийн шээсээр ялгарах иодын хоногийн хэмжээ 100-200 нг/л, нярайн цусан дахь бамбай булчирхай эрчимжүүлэгч дааврын хэмжээ 5 оун/мл-ээс ихгүй байвал иод дутлын эмгэгийн тархалтыг хэвийн гэж үздэг бол дээрх үзүүлэлт судалгаанд хамрагдсан хүүхдийн 75 хувьд нь 100 нг/л-ээс бага, нярай хүүхдийн 10.8 хувьд дааврын хэмжээ 5 оун/мл-ээс их байна.

4. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Дэлхийн хоол тэжээлийн тунхаглал” (1992 оны)-д дэвшүүлсэн дэлхий нийтээрээ иод дутлын эмгэгийг устгах, иоджуулсан давсаар хүн амыг хангах зорилтыг өөрийн оронд хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн; иоджуулсан давсны үйлдвэрлэлийг өсгөж, хангамж, хэрэглээг хот, хөдөө, газар зүйн бүсэд жигд, хүртээмжтэй болгох шаардлагыг харгалзан; хүнсний бүтээгдэхүүнд баяжуулалт хийх эрх зүйн орчин бүрдүүлэх, хүн амд иоджуулсан давсны ач холбогдлыг ойлгуулах замаар хэрэглэж хэвшүүлэх, үр дүнг тооцох чиглэлээр цаашид явуулах бодлого, үйл ажиллагааг өргөтгөх шаардлагыг бодолцон; малд зориулсан иоджуулсан давс, хужир бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтууд

5. Иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хангамжийг жигд, хүртээмжтэй болгон, айл өрхийн түвшин дэх иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтыг бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.

6. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

Нэгдүгээр зорилт: Иоджуулсан давсны үйлдвэрлэл, хангамж,  үйлчилгээг  дэмжих  эрх зүйн  орчинг  боловсронгуй болгох;

Хоёрдугаар зорилт: Ордоос олборлох давсыг цэвэршүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулах, иоджуулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн, орон нутгийн хүн амын иоджуулсан давсны хэрэгцээ, хангамжийг сайжруулах;

Гуравдугаар зорилт: Хүн амын дундах иод дутлын эмгэгийг хянах тогтолцоог боловсронгуй болгох;

Дөрөвдүгээр зорилт: Гэр бүл, хувь хүн, олон нийтийн иод дутлын эмгэг, иоджуулсан давсны талаархи мэдлэгийг дээшлүүлж, иоджуулсан давс тогтмол хэрэглэдэг зан үйлийг хэвшүүлэх;

Тавдугаар зорилт: Үндэсний чадавхийг сайжруулах, мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоо, санг  бүрдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

7. Нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

а/хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулахад баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлд давсыг иодоор баяжуулах асуудлыг тодорхойлон тусгаж хэрэгжүүлэх;

б/иоджуулсан давсны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.

8. Хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

а/ордоос олборлох давсыг цэвэршүүлэн, иоджуулах технологийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлж давсны чанарыг сайжруулах;

б/давсыг үйлдвэрийн аргаар боловсруулах технологийг нэвтрүүлж, хүнсний цагаан давсны үйлдвэр байгуулах;

в/давсны орд болон түүний ойролцоох сум, суурин газруудад иоджуулсан давсны жижиг үйлдвэр, цех байгуулан хөдөөгийн хүн амын иоджуулсан давсны хангамжийг сайжруулах;

г/иоджуулсан давс -ны сан байгуулах чиглэлээр орон нутагт тохирсон төсөл хэрэгжүүлэх;

д/бөөний болон жижиглэн худалдааны сүлжээ, бусад арга замыг ашиглан иоджуулсан давсны хангалт, түгээлтийг сайжруулах;

е/малын бахлуурын тархалтыг бүс нутгаар судлан тогтоож эрүүлжүүлэх зорилгоор иоджуулсан тэжээл, бэлдмэлийг шаардлагатай бүс нутгуудад туршин нэвтрүүлэх.

9. Гуравдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

а/иоджуулсан давсны хэрэглээ, иод дутлын эмгэгийн тархалтыг судлах;

б/сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдын оюуны чадамжийг тодорхойлох судалгааг хийж эхлэх;

в/нярай хүүхдэд төрөлхийн гипотиреоз илрүүлэх скрининг аргыг улсын хэмжээнд нэвтрүүлэх;

г/бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн лабораторийг түшиглэн иод дутлын эмгэгийн тархалтыг биохимийн үзүүлэлтээр хянах нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх;

д/давсны иоджуулалтын түвшинг үнэлэх шалгуур, үзүүлэлтийг боловсруулж шаардлагатай үед үндэсний стандарт, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийг шинэчлэн тогтоож мөрдүүлж байх;

е/иоджуулсан давсны чанарт тавих хяналтыг тогтмолжуулах, хяналтын үр дүнг сайжруулах;

ж/иоджуулсан давсны болон малын эрдэс тэжээлийн үйлдвэр, цехэд чанарын дотоод хяналтын лаборатори байгуулж,  бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах.

10. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

а/бүх шатны сургууль болон албан бус сургалтын хөтөлбөрт иод дутлын эмгэг, иоджуулсан давсны талаар оруулах;

б/төв, орон нутагт сургалт, сурталчилгааны баг ажиллуулж хэвлэл, мэдээлэл, соёл, урлаг, спорт, биеийн тамирын арга хэмжээг ашиглан иоджуулсан давсны ач холбогдол, иод дутлын эмгэгтэй тэмцэх талаархи сурталчилгааг тогтмолжуулах;

в/сургалт, сурталчилгааны хөтөлбөр боловсруулах, гарын авлага, зөвлөлгөө, арга зүй, материалаар хангах.

11. Тавдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

а/иод дутлын эмгэг, иоджуулсан давсны асуудлаар гадаад болон дотоодын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, гадаадад зохиогдох арга хэмжээнд оролцох;

б/давсны орд, үйлдвэрлэл, борлуулалт, иод дутлын эмгэгийн тархалт, иоджуулсан давсны хэрэглээний талаар мэдээллийн сан байгуулах, ВЕБ хуудас ажиллуулах;

в/иоджуулсан давсны үйлдвэр, цех болон үйлчилгээний ажилтан, ажилчид, мэргэжлийн эмч нар, лабораторийн шинжээч, судлаач, багш нарын дунд төрөлжсөн сургалт зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийн  удирдлага, зохион  байгуулалт, санхүүжилт, хугацаа

12. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг эрүүл мэнд болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд (цаашид “эрхэлсэн сайд” гэнэ), аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.

13. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий яам хоорондын болон орон нутгийн (аймаг, сум) орон тооны бус зохицуулах зөвлөл ажиллуулж болно.

14. Яам хоорондын зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөг эрхэлсэн сайд нар баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллана.

15. Орон нутаг дахь салбар зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална. Орон нутгийн салбар зөвлөл жилийн ажлын төлөвлөгөөтэй байна.

16. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн 1 дүгээр сард багтаан Эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуйн яаманд тайлагнана. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн тайланг нэгтгэн дүгнэж эрхэлсэн сайд нар жил бүрийн I улиралд Засгийн газарт тайлагнана.|

17. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

а/улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв;

б/хандивлагч орон, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагын тусламж;

в/жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

г/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын  хандив, тусламж;

д/гадаадын хөрөнгө оруулалт;

е/арилжааны банкны зээл.

18. Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

1 дүгээр үе: 2002-2004 он -Хүн амын дунд бахлуурын тархалтыг 15 хувиас бага болгох, айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээг 75 хувьд хүргэж, түүнийг хянах, үнэлэх, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

2 дугаар үе: 2005-2006 он -Эмзэг бүлгийн хүн амын дунд иод дутлын эмгэгийн бууралтыг хянаж, хүн амын дунд бахлуурын тархалтыг 10 хувиас бага болгон, айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээг 95 хувьд хүргэн, түвшинг тогтворжуулах бэлтгэлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

Тав. Хамтын ажиллагаа, түншлэл,   олон нийтийн оролцоо

19. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн болон  олон улсын бусад байгууллага, хандивлагч орны дэмжлэгийг авч, төрийн болон төрийн бус байгууллага, бусад оролцогч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

20. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарим хэсгийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн-шинжилгээ үнэлгээ, гарах үр дүнгийн шалгуур, үзүүлэлт

21. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ. 22. Зорилго, зорилтын шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин

Leave a Reply