Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбө

Амьжиргааны байдал буюу орлогын түвшингээрээ нийт хүн ам нь нэн ядуу, ядуу, ядуу бус бага орлоготой, дунд зэргийн орлоготой, чинээлэг гэсэн таван бүлэгт хуваагдаж байна. Үндэсний статистикийн газраас 1998 онд явуулсан хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүнгээс үзэхэд ядуу, нэн ядуучууд нийт хүн амын 35.6 хувийг, ядуу бус бага орлоготой хүмүүс 27.0 хувийг тус тус эзэлж байжээ. 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Амьжиргааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Амьжиргааны байдал буюу орлогын түвшингээрээ нийт хүн ам нь нэн ядуу, ядуу, ядуу бус бага орлоготой, дунд зэргийн орлоготой, чинээлэг гэсэн таван бүлэгт хуваагдаж байна. Үндэсний статистикийн газраас 1998 онд явуулсан хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүнгээс үзэхэд ядуу, нэн ядуучууд нийт хүн амын 35.6 хувийг, ядуу бус бага орлоготой хүмүүс 27.0 хувийг тус тус эзэлж байжээ.  

urhiinХүн амын амьжиргааны түвшинд хөдөлмөр эрхлэлтийн байдал зонхилох нөлөөтэй юм.

Улсын дунджаар хөдөлмөрийн насны хүн амын 65 хувь нь ажил эрхлэж, 15.4 хувь нь хөдөлмөр эрхлээгүй байна.

Хот, суурин газрын хөдөлмөрийн насны ядуу хүн амын  27.3-38.8 хувь нь ажилгүй байгаа нь улсын дунджаас 11.9-23.4 нэгжээр өндөр байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэж байгаа ядуучууд цөөнгүй байна. Дээрх судалгааны дүнгээс үзэхэд хотод нэн ядуучуудын 37.6 хувь, ядуучуудын 48.3 хувь, ядуу бус бага орлоготой хүмүүсийн 49.2 хувь, хөдөөд нэн ядуучуудын 58.4 хувь, ядуучуудын 79.6 хувь, ядуу бус бага орлоготой хүмүүсийн 83.3 хувь нь тус тус хөдөлмөр эрхлэж байна.
Үүнээс үзэхэд Монголд хөдөлмөр эрхлэх боломж хомс, орлогын түвшин доогуур байгаагаас орлогын ядуурал зонхилж байна.
Хүн амын амьжиргааны байдал хот болон хөдөөд ялгаатай байна.

Хүн амын ядуурлын түвшин хотод 39.4 хувь, үүнээс Улаанбаатарт 34.1, аймгийн төвүүдэд 45.1, хөдөөд 32.0 хувь байна.

Хүн амын амьжиргааны эх үүсвэр харилцан адилгүй  байна.

Улсын дунджаар хүн амын орлогын гуравны нэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, шагнал урамшуулал, 20 гаруй хувь нь хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн орлогоос,  30 хувь нь өрхийн хувийн аж ахуйгаас, 10 хувь нь бусдаас үнэгүй авсан хэрэглээнээс бүрдэж байгаа ч энэ нь өрхийн байршлаас ихээхэн хамаардагийг Хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүн харууллаа. Тухайлбал, хот, суурин газрын хүн амын орлогын 40-60 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж эзэлж байхад хөдөөгийн хүн амын орлогын дөнгөж      7 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, 60-аад хувийг өрхийн аж ахуйн орлого эзэлж байна. Харин ядуу хүмүүсийн орлогын гол эх үүсвэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж байна.

 Өрхийн байршлаас хамаарахгүйгээр ядууралд гол төлөв ам бүл олонтой болон өрхийн тэргүүлэгч нь эмэгтэйчүүд бүхий өрх илүү өртжээ. Тухайлбал, нэн ядуу өрхийн 24.6 хувь, ядуу өрхийн 18.3 хувийг өрхийн тэргүүлэгч нь эмэгтэйчүүд бүхий өрх эзэлж байна.
 Амьжиргааны түвшин, өрхийн байршил нь хүн амын нийгмийн үйлчилгээнд тэгш бус байдлыг бий болгож байна.

Чинээлэг өрхүүдтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын үйлчилгээг ядуу өрхүүд бага хүртэж байна. Эрүүл мэндийн үйлчилгээний сарын дундаж зардлыг хэрэглээний түвшингээр авч үзвэл нэн ядуу бүлгийн нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардал хамгийн өндөр орлоготой хэсгийнхний зардлаас 9 дахин бага байгаагаас гадна ядуу хүний эмнэлэгт хандах давтамж буурсан байна.

Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн иргэд хоол хүнсний байнгын хомсдолд орж, өлмөн зэлмэн байдалд аж төрж байна. Монгол хүний өдөрт хэрэглэх хоол тэжээлийн илчлэгийн зохистой нормыг 2900 калори гэж тогтоосон байхад ядуу өрхийн гишүүд өдөрт дунджаар 1784 калори авч байна. Эмзэг бүлгийн өрхийн амьжиргааны өнөөгийн байдал нь “ядуурал-өлсгөлөн-өвчин” гэсэн гинжин холбоог үүсгэж байна.

Ядуу амьдралтай өрхийн хүүхдэд боловсрол олгох,  мэргэжил эзэмшүүлэхэд ихээхэн бэрхшээл учирч байна.

Судалгаанаас үзэхэд эдгээр өрхийн 8-15 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын түвшин 87,3 хувь, сургууль завсардалт 9,3 хувь байна. Сургууль завсардалт хөдөөд илүү байгаа бөгөөд сургууль завсардсан хүүхдүүдийн 43,8 хувь нь амьдралын гачигдал, ажил эрхлэх шаардлагын улмаас сургуульд хамрагдаагүй гэжээ.
Ядуурлын улмаас хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэл худалдан авч чадахгүй байгаа өрхийн тоо өсч, хөдөө орон нутагт ядуу өрх хүүхдийнхээ байр, хоолны зардлыг төлж чадахгүй болсон зэрэг нь сургууль завсардалт өсөхөд нөлөөлж байна. Ядуу, нэн ядуу өрхийн сургуулиас гадна байгаа хүүхдийн эзлэх хувь хэмжээ чинээлэг өрхийнхээс бараг 2 дахин их байна. Ядуу, нэн ядуу өрхийн хүүхдийн 19.2 хувь нь сургуулиа орхисон, эсхүл сургуульд огт ороогүй байхад чинээлэг өрхийн хүүхдийн хувьд энэ үзүүлэлт 10.4 хувь байна.
 
Хүн амын амьжиргааны түвшингийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд өрхийн орлогоос боловсролд зарцуулж байгаа зардал нь 1998 онд 1995 оныхоос 4-5 дахин нэмэгдсэн байна. Өрхийн орлогоос их сургууль, коллежид зориулан зарцуулах зардал жилд ойролцоогоор 330 орчим мянган төгрөг байгаа ч хөдөөгийн өрх хотын өрхтэй харьцуулахад 30 хувиар илүү зардал гаргадаг байна. Түүнчлэн чинээлэг өрх ядуу өрхтэй харьцуулахад боловсролын үйлчилгээнд илүү хамрагдаж байна. Тухайлбал, чинээлэг өрх сургуулийн хүүхдийн зардалд  ядуу өрхөөс 6 дахин их зардал гаргаж байна.

2. Амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, сургамж
Монгол Улсын Засгийн газар 1994-2000 онд Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг төвлөрлийг сааруулах зарчим, олон нийтийн оролцоонд тулгуурлан гадаад орон, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр нийгмийн амьдралд шилжилтийн үеийн сөрөг үр дагавар болж гарч ирсэн ядуурлын асуудлыг бодлогын хэмжээнд тодорхойлж, чиглэсэн зорилго, зорилт бүхий үйл ажиллагааг явуулах, ядуу хүмүүсийн гутранги сэтгэл зүйг өөрчилж, хийж бүтээснээрээ амьдралаа өөрөө өөд нь татах үзэл бодлыг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлж,  ядуурлын  хамралтын хүрээг өргөжүүлэхгүй байх, улмаар ядуурлыг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн анхаарал, хүчийг төвлөрүүлж өгсөн юм.

Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн орлого нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар ажлын түр байр бий болгох, сургуулийн өмнөх болон суурь боловсролыг дэмжих, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн суурь үйлчилгээг сайжруулах, насанд хүрсэн тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, тэднийг орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд хамруулах болон тахир дутуу хүүхдэд боловсрол олгох зэрэг 12 мянга гаруй жижиг төсөл хэрэгжлээ.

Үүний үр дүнд 66 мянга гаруй байнгын болон ажлын түр байр бий болж, сургуулийн өмнөх насны 16.5 мянган хүүхэд цэцэрлэгт шинээр хамрагдаж, хөдөөгийн сумын дунд сургуулийн хичээлийн болон дотуур байрны гэрэлтүүлэг, халаалтын систем, 167 сумын хүн эмнэлгийн барилгын болон халаалтын системийн засвар, тохижилтын ажил хийгдэж,  86  багийн бага эмчийг уналгын морь, тэмээ болон эмнэлгийн багаж хэрэгслээр хангаж, алслагдсан 219 сумын хүн эмнэлэг түргэн тусламжийн автомашинтай болжээ. Мөн 1500 гаруй малчин өрхөд 90 гаруй мянган толгой малыг гэрээний үндсэн дээр өгч  малжуулсан байна.

Гэвч ядуурлыг бууруулахад чиглэсэн төрийн байгууллагын бодлого болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мэдээлэл, судалгаа, сургалт,сурталчилгааны нэгдсэн тогтолцоо бий болгох, ядуу хүмүүсийг амьдрах арга ухаанд сургаж мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, ядуурлыг бууруулах сангаас олгосон зээлийн үр дүн, эргэн төлөлтийг тооцох, хяналтыг сайжруулах талаар дутуу анхаарснаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц саарч, хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй нь дараагийн шатны ажилд томоохон сургамж болж байна.

Иймд 1994-2000 онд хэрэгжүүлсэн Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн ололт амжилт, алдаа сургамж дээр үндэслэн түүний дараагийн шатны  зорилт болгон Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг Засгийн газраас батлан гаргаж байна.

{mospagebreak}

Хоёр. Хөтөлбөрийн үндсэн зорилго, зарчим

3.Хүний хөгжлийн хүчин зүйл, чадавхийг дэмжин хөгжүүлэхэд шаардагдах эдийн засаг, нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүрээг өргөжүүлэх замаар нэн ядуу болон ядуу өрхийг ядуурлаас гаргах, ядуу бус бага орлоготой өрхийг ядууралд орохоос урьдчилан сэргийлэх нь хөтөлбөрийн үндсэн зорилго болно.
4.Хөтөлбөрийг дор дурдсан үндсэн зарчим дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:
а/хот, хөдөө, хүн амын бүлгийн болон өрхийн онцлог байдалд тохирсон ядуурлыг бууруулах ялгавартай бодлого, арга хэмжээ авах;
б/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
в/хөрөнгийн зарцуулалт, бүрдүүлэлтэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах;
г/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс, орон нутгийн  хөгжлийн бодлого, бусад хөтөлбөртэй уялдуулан зохицуулах;
д/санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг  үр ашигтайгаар  хуваарилан зарцуулах;
е/жендерийн асуудлыг харгалзах;
ж/үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, мэдээллийн урсгалыг сайжруулах.

{mospagebreak}

Гурав. Хөтөлбөрийн хамрах хүрээ, зорилт үйл ажиллагааны үндсэн чиглэл

А.Нийгмийн хүрээ
5.Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар шийдвэрлэх зорилт:
Эрүүл мэндийн суурь тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулан, алслагдсан нутагт хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлснээр эх, нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралтыг бууруулахад нөлөөлнө.
6. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/сумын болон өрхийн эмнэлэг, эхчүүдийн төрөхийн өмнөх байрыг засварлах, тохижуулах, халаалт, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;
б/сум, баг, өрхийн эмч нарыг унаа, эмнэлгийн анхны тусламжийн эм, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх;
в/5 хүртэл насны хүүхдийн хоол тэжээлийн хангамж, бүтцийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
г/ядуу, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эх хүүхдийн зохистой хооллолтын талаар сургалт, сурталчилгаа явуулахад дэмжлэг үзүүлэх.
7. Боловсролын хамрах хүрээг өргөжүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тогтолцоог бэхжүүлэх, сургалтад хамрагдах ядуу өрх, эмзэг бүлгийн хүүхдийн тоог нэмэгдүүлэх, сургууль завсардалтыг багасгах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бизнесийн мэдлэг, хэрэглээний чадвар олгоход дэмжлэг үзүүлнэ.
8. Хэрэгжүүлэ х арга хэмжээ:
а/цэцэрлэг, ээлжийн бүлэг, зуны сургалт зэрэгт амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд туслах;
б/малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх, тэднийг хөгжүүлэх чиглэлээр  богино хугацааны төвлөрсөн бэлтгэл сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
в/эмзэг бүлгийн өрхийн сургуулийн насны хүүхдийг хувцас, хичээлийн хэрэгслээр хангахад туслах;
г/сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох бүх хэлбэрийг дэмжих, хичээлийн болон дотуур байрыг засварлах, халаалт, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэх, холимог бүлгийн сургууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
д/бизнес, зах зээлийн мэдлэг, хэрэглээний чадвар олгох албан бус сургалт зохион байгуулах нөхцөл бүрдүүлэхэд туслах;
е/цэцэрлэг, сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг өгөх.
9. Тахир дутуу иргэдийг дэмжих зорилт:
Тахир дутуу иргэдээр тохирсон хөдөлмөр эрхлүүлэх, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, боловсрол, мэргэжил олгох зэргээр амьжиргааны эх үүсвэртэй болгож орлогыг нь нэмэгдүүлэхэд тусална.
10. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/тахир дутуу иргэдийн нарийвчилсан бүртгэл судалгааг төв, орон нутгийн хэмжээнд явуулж, тэдний боловсрол, орлого, амьжиргааны түвшинг тодорхойлох;
б/хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх боломжтой тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, тохирсон хөдөлмөр эрхлүүлэх ажлын байр бий болгох, хөдөлмөрлөх нөхцөлийг нь сайжруулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх;
в/тахир дутуу хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах, ердийн хүүхэдтэй хамт сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
г/бие эрхтэний согогтой тахир дутуу хүүхдэд сургалтын нөхцөл бүрдүүлэх зорилгоор тусгай анги танхим байгуулж тоног төхөөрөмжөөр тоноглох, зориулалтын хичээлийн хэрэглэлээр хангах талаар сургуулиудад дэмжлэг үзүүлэх.
Б.Эдийн засгийн хүрээ
11. Ажлын байр бий болгох талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэдэд ажлын байр, орлогын байнгын эх үүсвэр бий болгож, бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлнэ.
12.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, хөдөлмөрийн чадвартай иргэдэд зориулсан байнгын ажлын байр бий болгоход туслалцаа үзүүлэх;
б/сумдад соёл, ахуйн үйлчилгээний цэг, салбарыг сэргээх, шинээр зохион байгуулах замаар ажлын байр бий болгох асуудлыг шийдвэрлэхэд туслах;
в/Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгсөн салбарт хийгдэх хөдөлмөр зарцуулалт ихтэй, цаг үеийн шинж чанартай, богино хугацааны нийтийг хамарсан ажлыг дэмжихэд чиглэсэн  түр ажлын байр олноор бий болгох;
г/орон нутгийн эрэлт хэрэгцээг хангах жижиг бизнесийг төрөл бүрийн хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
13. Жижиг зээлийн үйлчилгээг хөгжүүлж иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар шийдвэрлэх зорилт:
Орон нутагт мөнгөний эргэлтийг сайжруулах, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, зээл, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлнэ.
14. Хэрэгжүүлэх  арга хэмжээ:
а/жижиг зээлийг үе шаттайгаар, тодорхой урамшуулагч хөшүүрэгтэйгээр олгох;
б/зээлийн эргэлтийн сан бий болгох, түүнийг эрсдэлээс хамгаалах;
в/хадгаламж зээлийн хоршоо, дундын сан байгуулах санал, санаачилгыг дэмжиж өрнүүлэх;
г/ногоон хувьсгал, цагаан хувьсгал үндэсний хөтөлбөрийн шугамаар өрхийн аж ахуйг хөгжүүлэх.
15. Огт малгүй буюу цөөн малтай өрхийг малжуулах талаар шийдвэрлэх зорилт:
Нэн ядуу, ядуу болон бага орлоготой өрхийг мал маллагааны арга барилд сургаж малжуулна.
16. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/олон малтай /мянгат малчин гэх мэт/ өрхтэй гэрээ байгуулан ядуу иргэдийг туслах малчнаар ажиллуулах, багш шавийн барилдлагаа бий болгох арга хэлбэрийг хөгжүүлэн дэмжих;
б/тодорхой нөхцөл, болзлын үндсэн дээр цөөн  малтай  өрхийг малжуулах үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах;
в/огт малгүй ядуу өрхөд мал худалдан авч өгч гэрээгээр тодорхой хугацаанд  үр төлөөр нь малжуулах арга хэмжээ авах.
В. Байгаль орчны хүрээ
17. Байгаль орчны хүрээнд шийдвэрлэх зорилт:
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх замаар өрх бүр эрүүл орчинд амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
18. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/худаг сэргээх, засварлах, шинээр гаргах, булаг шандын усыг бохирдлоос хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран  зохион байгуулах, энэ ажилд ажилгүй, ядуу болон бага орлоготой хүмүүсийг татан оролцуулах;
б/хот суурин газрын тохижилт үйлчилгээ, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг  тухайн орчны оршин суугч  ядуу, бага орлоготой хүмүүсийг  оролцуулан  зохион байгуулах;
в/шатсан ой цэвэрлэж түлшний мод бэлтгэх, мод, бут, сөөг тарих замаар түүнийг нөхөн сэргээх, жимс, жимсгэнэ тариалах, ховор амьтад гаршуулан үржүүлэх, цөлжилтөөс хамгаалах зэрэг  ажилд ажилгүй, ядуу иргэдийг хамруулах;
г/хот, суурин газрын агаар болон орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
д/байгаль орчинтой зүй зохистой харьцах, түүнийг хамгаалах экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчинд хохирол учруулахгүйгээр өрхийн амьжиргаагаа сайжруулах талаархи сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах, энэ чиглэлээр иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжих, нийтэд сурталчилахад дэмжлэг үзүүлэх.
Г. Мэдээлэл судалгаа, сургалт сурталчилгааны хүрээ
19. Өрхийн амьжиргааны байдлын мэдээллийн сүлжээг бий болгох талаар шийдвэрлэх зорилт:
Төр, засгийн бодлого, хөтөлбөрүүд, тэдгээрийн хүн амын амьжиргаанд нөлөөлж буй байдлыг үнэлж дүгнэх, амьжиргааны түвшний өөрчлөлтөд судалгаа хийж мэдээллээр хангах тогтолцоо бүрдүүлнэ.
20. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/мэдээлэл, судалгааны бие даасан нэгж /төв/-ийг байгуулах, нийгмийн хамгааллын мэдээллийн сүлжээнд тулгуурласан мэдээллийн төвийг орон нутагт бий болгох;
б/орон нутагт нэн ядуу, ядуу болон бага орлоготой өрх, иргэдийг тодорхойлох аргачлалыг боловсруулан мөрдүүлэх, судалгаа явуулж, тэдгээрийн  бүртгэл гарган байдлыг тандах;
в/хөтөлбөрийн хүрээнд болон хөтөлбөртэй холбоотой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус болон буяны байгууллага, иргэдийн талаархи мэдээллийг нэгтгэн  сурталчилах, түүнд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернетийн сүлжээг ашиглах;
г/хууль тогтоомжийн талаархи сурталчилгааг тогтмолжуулж, байгууллага, иргэдийг хэрэгцээт гарын авлага, материалаар хангах;
д/зээлийн эргэлтийн сангийн байдалд хяналт тавих, үнэлгээ хийх, үнэн зөв мэдээллээр хангах;
е/өрхийн бий болгож байгаа ажлын байрны талаархи мэдээллийг статистик мэдээлэлд оруулах.
21. Амьдрах арга ухааны болон мэргэжлийн богино хугацааны сургалтын талаар шийдвэрлэх зорилт:
Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдэд амьдрах арга ухааны үндсэн мэдлэг болон тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулна.
22. Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/орон нутагт мэдээлэл судалгаа, сургалт сурталчилгааны төвийг бий болгон ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
б/орон нутгийн түвшинд сургалтын эрэлт, хэрэгцээг тодорхойлох, ажлын байрны эрэлт, хэрэгцээтэй уялдуулан мэргэжлийн сургалт явуулах;
в/мэргэжлийн сургалт зохион байгуулах арга зүйг боловсронгуй болгож, багшлах боловсон хүчнийг давтан болон шинээр бэлтгэх;
г/иргэдийн хууль эрх зүйн болон техник, технологи, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх;
д/мэргэжлийн богино хугацааны болон амьдрах арга ухааны сургалтыг зохион байгуулах чадвартай аж ахуйн нэгж, байгууллага, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, төрийн бус байгууллагын материаллаг баазыг түшиглүүлэн сургалт явуулах, тэдгээрийн материаллаг баазыг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
е/мэдээлэл судалгаа, сургалт, сурталчилгааны төвүүдэд ахмадуудыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу сонгон шалгаруулж ажиллуулах, тэдний мэдлэг, чадвар, ажил амьдралын туршлагыг амьдрах ухааны болон мэргэжлийн богино хугацааны сургалтад өргөн ашиглах.

{mospagebreak}

Дөрөв. Олон нийтийн оролцоо

23. Өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Өрхийн амьжиргааны чадавхийг сайжруулах, ядуурлыг бууруулах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар дотоод нөөц бололцоогоо илрүүлэн бүрэн  ашиглаж, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус  байгууллага, иргэдийн санаачилга, үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлнэ.
24. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын  оролцоо:
а/үйлдвэрлэлээ өргөтгөж, ажлын байр нэмэгдүүлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагаас санаачилга гаргах;
б/ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор үйлдвэрлэлийн цэвэр ашгаас нийгмийн хөгжлийн сан, цэцэрлэг, ясли, амралт сувилал байгуулах, туслах аж ахуй хөгжүүлэх, орон сууц барих хөдөлгөөнийг өрнүүлэх;
в/ажиллагсдын мэдлэг,боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарах, давтан сургах, мэргэшүүлэх;
г/ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлд онцгой анхаарах, тэднийг эрүүл мэндийн болон бусад даатгалд бүрэн хамруулах;
д/хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг үйл ажиллагаандаа мөрдөх, хүмүүст ажлын байр бий болгох;
е/сул чөлөөтэй ажлын байранд амьжиргааны доод түвшингээс бага орлоготой иргэдийг авч ажиллуулах  санаачилга гарган тэдний амьжиргааг дээшлүүлэх талаар бодит туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг нийтэд мэдээлж сурталчлах.
 25.Төрийн бус байгууллагын оролцоо:
а/амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн  гишүүдийг  нийгмээс асруулагчид биш улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, амьдрах арга ухаан, хөдөлмөр эрхлэх арга барилд сургах сургалт зохион байгуулах;
б/иргэд зээл, тусламж авах, хөдөлмөр эрхлэхэд нь туслах, зуучлах, тэдэнд зөвлөлгөө өгөх зэргээр туслалцаа үзүүлэх;
в/олон нийтийн санаа бодлыг судлах, эрэлт хэрэгцээг тодорхойлох талаар судалгаа хийх, өрхийг дэмжих чиглэлийн  төсөл  боловсруулж хэрэгжүүлэх талаар санаачилга гаргах;
г/Засгийн газар, төрийн бус байгууллагын түншлэлийг өргөжүүлж нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг тэтгэхэд чиглэсэн  төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтаар төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх хэлбэрийг ашиглах.

{mospagebreak}

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, санхүүжилт, механизм

26.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа:
а/өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2001-2006 онд 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ;
б/эхний үе шат нь 2001-2003 он байх бөгөөд дунд хугацааны үнэлгээгээр хөтөлбөрт тодотгол хийж нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Хоёрдахь үе шат нь 2004-2006 онд үргэлжлэн явагдаж хөтөлбөрийн үр дүнг тооцно.
27. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын бүтэц:
а/хөтөлбөрийн удирдах дээд байгууллага нь Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хороо /цаашид “Үндэсний хороо” гэх/ байна. Үндэсний хороог Ерөнхий сайд удирдана;
б/Үндэсний хороо нь орон тооны бус байгууллага бөгөөд төрийн захиргааны болон төрийн бус байгууллага,  нийгмийн чиглэлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ;
в/Үндэсний хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийг улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, хүний хөгжлийн асуудлаархи бусад хөтөлбөртэй уялдуулан цогцолбор үйл ажиллагаа  явуулна;
г/орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан орон тооны бус зөвлөлийг Засаг даргаар ахлуулан холбогдох байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулж ажиллуулна;
д/өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хорооны  өдөр тутмын үйл ажиллагааг Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих  хөтөлбөрийн газар /цаашид “хөтөлбөрийн газар” гэх/ гардан зохион байгуулж, төв, орон нутгийн байгууллагыг мэргэжлийн удирдлага, дотоодын хяналтаар хангана;
е/орон нутгийн зөвлөл, хөтөлбөрийн газрын дүрэм, үйл ажиллагааны чиглэлийг Үндэсний хороо батална;
ж/яамд нь хөтөлбөрийн хүрээнд эрхэлсэн асуудлын чиглэлээр бодлого боловсруулан Үндэсний хороотой зөвшилцөн үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж хэрэгжүүлнэ;
з/хөтөлбөрт тусгагдсан бодлогын шинжтэй арга хэмжээг зохион байгуулах, хөрөнгө санхүүжилт олгохтой холбогдсон баримт бичгийн төслийг хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцож байгаа тухайн хүрээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг Үндэсний хорооны удирдлагын дор Хөтөлбөрийн газар, төслийн нэгжүүд хариуцан гүйцэтгэнэ;
и/Үндэсний хорооны дэргэд судалгааны нэгж, зөвлөлдөх хэсэг ажиллаж болно. Судалгааны нэгжийн бүрэлдэхүүнийг  төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, төслийн мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан Үндэсний хороо батална;
к/судалгааны нэгж нь ядуурал болон эдийн засаг, нийгмийн асуудлын харилцан хамаарлыг төр, засгийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үйл ажиллагаатай уялдуулан судалж, тэдгээрийн өөр хоорондын эерэг болон сөрөг нөлөөллийг цогцолбороор авч үзэж мэдээллээр хангах чиглэлээр ажиллана;
л/аймаг, нийслэл, дүүрэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцсан орон тооны ажилтан байна. Сумдад хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ажилтан хариуцна. Цаашид сумдад бие даасан бүтэц бий болгоход анхаарна.
28. Хөтөлбөрийн санхүүжилт:
Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/орон нутагт бий болсон зээлийн эргэлтийн сан;
б/улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
в/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
г/төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар бүрдүүлэх зээл, тусламж, хандивын хөрөнгө;
д/хөрөнгийн бусад эх үүсвэр.
29.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм.
Хөтөлбөрийн хүрээний арга хэмжээг ядуурлыг бууруулах  нэгдсэн сангийн механизмаар хэрэгжүүлнэ. Ядуурлыг бууруулах нэгдсэн сан, түүний дэд сангийн дүрэм, зааврыг шинэчлэн боловсруулж мөрдөнө. 

{mospagebreak}

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн, хяналт, мониторинг 

30. Хөтөлбөрийн үр дүн:
а/төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, айл өрх, иргэд, төрийн бус байгууллагын оролцоо, хамтын хүчин чармайлт, нэгдмэл үйл ажиллагаа, гадаад орон, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааны үр дүнд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн тоо 1999 онтой харьцуулахад 2003 оны эцэст 40, 2006 оны эцэст  60 хувиар тус тус буурсан байх;*
б/нийт өрхийн 80-аас доошгүй хувь нь амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээгээ хангахад шаардагдах орлогын эх үүсвэртэй болсон байх;
в/орон нутагт мэдээлэл, сургалт, судалгаа, сурталчилгааны төв, мэдээллийн сүлжээ бий болсноор  тодорхой мэргэжилгүй, боловсрол багатай, хөдөлмөрийн насны 300 мянган иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулах.
31. Хөтөлбөрийн хяналт, мониторинг:
а/хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх үүргийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн зөвлөл, төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, үнэлгээ, хяналт, шинжилгээний албад хариуцна;
б/хөтөлбөрийн хяналт, мониторингийн үйл ажиллагаанд дэвшилтэт аргыг хэрэглэж, олон нийт, төрийн бус байгууллагыг өргөнөөр оролцуулна;
в/хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх  нөхцөлийг бүрдүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд
32. Үндсэн шалгуур үзүүлэлт:
а/ядуурлын хамралтын хүрээ,нэн ядуурлын эзлэх хувь;
б/ядуурлын гүнзгийрэлтийн индекс, ялгааны индекс;
в/бага орлоготой иргэдийн хүн амд эзлэх хувийн жин.
33. Эрүүл мэндийн арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/эх, нялхсын эндэгдлийн бууралтын хувь;
*  1999 онд ядуурлын статистикийн албан ёсны мэдээ байхгүй тул Үндэсний статистикийн газрын 1998 оны “Амжиргааны түвшний түүвэр судалгаа”-ны дүнг суурь үзүүлэлт болгон тооцсон.
б/материаллаг бааз, үйлчилгээний орчин нь сайжирсан эмнэлгийн тооны өсөлт;
в/сум, баг, өрхийн эмнэлэгт олгосон түргэн тусламжийн унааны тоо;
г/эрүүл мэндийн төрөлжсөн болон нарийн мэргэжлийн үйлчилгээнд хамрагдсан ядуу өрх, эмзэг бүлгийн иргэдийн тоо, давтамж.
34. Боловсролын талаар хэрэгжүүлэх арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/цэцэрлэгт шинээр хамрагдсан хүүхдийн тоо, үүнд ядуу, тахир дутуу болон эмзэг бүлгийн хүүхдийн эзлэх хувь;
б/сургууль завсардалтын хувь, үүнээс ядуу болон малчдын хүүхдийн сургууль завсардалтын хувь;
в/материаллаг бааз, туслах аж ахуй нь сайжирсан цэцэрлэг, сургуулийн тооны өсөлт;
г/бие, эрхтэний согогтой хүүхдэд зориулсан сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан сургуулийн тоо.
35. Ажлын байр бий болгох чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэр,хөрөнгийн хэмжээ;
б/бий болгосон түр ажлын байрны тоо, үүнд эмэгтэйчүүд, тахир дутуу иргэдийн эзлэх хувь;
в/бий болгосон байнгын ажлын байрны тоо, үүнд эмэгтэйчүүд, тахир дутуу иргэд ажиллаж байгаа ажлын байрны тоо;
г/байнгын орлоготой болсон ядуу өрх, иргэдийн тоо.
36. Нийтийг хамарсан ажлын үр дүнг дүгнэх үзүүлэлт:
а/засварласан гүүрийн тоо, замын уртын хэмжээ;
б/цэвэрлэсэн хур хог, талбайн хэмжээ;
в/сэргээн засварласан нийтийн ахуйн үйлчилгээний цэгийн тоо.
37. Санхүүгийн жижиг зээлийн үйлчилгээ хөгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/бүрдүүлсэн  нийт жижиг зээлийн сангийн хэмжээ;
б/шинээр байгуулагдсан санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг банкны бус нэгжийн тоо;
в/зээл олгож бизнесийн үйл ажиллагааг нь урамшуулан дэмжсэн иргэдийн тоо, үүнд эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, тахир дутуу иргэдийн эзлэх хувь.
38. Малгүй болон цөөн малтай иргэдийг малжуулах арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/шинээр малтай болж мал маллагааны арга ухаанд суралцсан өрхийн тоо;
б/малжуулсан цөөн малтай өрхийн тоо, үүнд эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, тахир дутуу иргэдийн   эзлэх хувь;
в/малын тоо, малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ.
39. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үнэлэх үзүүлэлт: 
а/шинээр гаргасан болон сэргээн засварласан худаг, булаг шандын тоо, ажилласан нэн ядуу, ядуу болон бага орлоготой хүмүүсийн тоо;
б/нөхөн сэргээсэн ойн талбайн хэмжээ /метр кв/, ажилласан нэн ядуу, ядуу болон бага орлоготой хүмүүсийн тоо;
в/шинээр цэцэрлэгжүүлсэн, тохижуулсан талбайн хэмжээ /метр кв/, ажилласан нэн ядуу, ядуу болон бага орлоготой хүмүүсийн тоо.
40. Судалгаа, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/хүн амын амьжиргааны түвшин, ядуурлыг бууруулах бодлогын хэрэгжилтийн талаар явуулсан судалгааны тоо;
б/бий болсон мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн урсгалын байдал, мэдээллээр хангагдсан иргэд, аж ахуйн нэгжийн тоо.
41. Амьдрах арга ухааны болон мэргэжлийн богино хугацааны сургалт явуулах арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл судалгаа, сургалт сурталчилгааны төвийн тоо;
б/мэргэжил, ур чадвар, амьдрах арга ухааны сургалтад хамрагдсан иргэдийн тоо, үүнд  эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, тахир дутуу иргэдийн эзлэх хувь.
42. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг үнэлэх үзүүлэлт:
а/иргэдийн амьжиргааны чадавхийг дэмжихэд хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгжийн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
б/хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдсан төрийн бус байгууллагын  тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
в/хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдан түүнийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт өрх, иргэдийн тоо, үр шимийг хүртсэн өрх, иргэдийн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ.

Leave a Reply