Цэцэрлэгт орох нас

Хүүхэд өсч том болохыг дагалдан гарч ирдэг нэг асуудал нь цэцэрлэгтэй холбоотой байдаг. Зундаа өвөө, эмээгийн тусламжтайгаар зусланд “аргалаад” байх боломжтой ч харин намар их ажлын үе эхлэхээр гэрийн асрагч, эсвэл хүүхдийн цэцэрлэг хоёрын нэгийг нь сонгохоос өөр аргагүй болдог.

Нас

Хүүхдийг цэцэрлэгт өгөх насны талаарх улс болгон өөрийн гэсэн бодлого баримталдаг. Жишээлэхэд, Израилд төрсний дараах амралт  3 сар  байдаг болохоор энэ хугацааг дуусмагч ээж хүүхдээ яслид өгч, харин өөрөө ажилдаа эргэн ордог.  АНУ-д болохоор хүүхдийг нэг ой хүртлээ эхтэйгээ байнга байх шаардлагатай, 3 нас хүртэл хэрэв түр зуур ганцаар байж чаддаг болоод 3 наснаас хойш л хэдэн цагийн турш ээжгүйгээр байж болно гэж үздэг.

Хүүхэд төрснийхөө дараах эхний сар, жилүүдэд орчин тойрондоо хандах, итгэх сууриа бий болгож, улмаар цаашид түүн дээрээ суурьлан хөгждөг тул цэцэрлэг, яслид огт өгөх хэрэггүй гэсэн үзэл ч байдаг. Гэвч байнгын халамжин дор өссөн хүүхэд нь ирээдүйд олонтой харьцах, бусдыг хүндлэх зэрэг чадваргүй болох эрсдэл байдаг гэдгийг мартаж болохгүй.

Манай улсад хүүхдийг 2-3 настайгаас нь цэцэрлэгт явуулдаг. Цэцэрлэгт орж байгаа хүүхэд бие даах хамгийн наад захын дадалтай болсон байх ёстой. Энэ нь мэдээж эцэг, эхийн үүрэг. Олон хүүхэд цугларсан болохоор халдварт өчвин тархах магадлал ч өндөр болдог тул шаардлагатай тарилга, вакциныг цаг тухайд хийлгэсэн байх шаардлагатай. Мөн хэрэгтэй үед хандаж зөвлөгөө авах, үзүүлэх боломжтой сайн хүүхдийн эмчтэй болсон байх хэрэгтэй юм.

Сонголт

Хувийн цэцэрлэгүүд нь цөөн тооноы хүүхдийг сурган хүмүүжүүлэх ухааны хамгийн сүүлийн үеийн гэгддэг аргачлал ашиглан сургадгаараа давуутай. Үүнээс нь гадна хувийн цэцэрлэгүүдэд хүүхэд харьцангуй чөлөөтэй, дураараа байх боломжтой. Гэвч нөгөө талаас сарын 100-300 долларын төлбөртэй байдаг.

Улсын цэцэрлэгүүд нь хооллолт, хүүхдийн тоо багшийн анхаарал, сургалттай холбоотой олон асуудлууд үүсдэг. Гэвч олон эцэг, эхчүүдийн хувьд улсын цэцэрлэг нь хүүхдэдээ сургуулийн өмнөх насны шаардлагатай мэдлэг, боловсрол олгох цорын ганц боломж байдаг. Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр шийдсэн бол бүр эртнээс хөөцөлдөн шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй.

Энэ хоёр хувилбар хоёулаа тохирохгүй үед эцэг, эхчүүд нийлэн гэрийн цэцэрлэг байгуулах боломжтой. Ийм нөхцөлд ээжүүд долоо хоногт ээлжлэн хүүхдүүдээ харах, эсвэл нэг ээж нь бусдынхаа хүүхдүүдийг байнга гэртээ харах гэсэн хоёр хувилбар байдаг. Гэрийн цэцэрлэгт хүүхдэд илүү уян хатан хандах боломж гардгаас гадна халдварт өвчин тархах эрсдэл хамгийн бага гэж үздэг.

Бэлтгэл

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлснээр бэлтгэл ажил хязгаарлагдахгүй. Элдэв өвчин эмгэгээс сэргийлэхийн тулд хүүхдээ чийрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд өдөр болгон хүйтэн усаар арчих гэх мэтийн хэцүү арга хэмжээ заавал авах шаардлагагүй. Хүүхдээ хүлэмжний ургамал биш гэдгийг санаж,  өөртэйгээ адил хувцасладаг болоход л хангалттай. Ой хүрсэн хүүхэд тараг, шүүсийг шууд хөргөгчнөөс нь уух чадвартай болсон байдаг гэж үздэг. Усан оруулахдаа усны дулааныг аажмаар багасгасаар 28-26 градус болгож болно. Мөн усанд оруулахдаа халуун, хүйтэн усаар ээлжлэн шүршиж болно. Мэдээж хүйтэн усны хэмийн аажмаар буруулах хэрэгтэй.

Цэцэрлэгт очоод бие даан хийхээс өөр аргагүй болох зүйлст нь сургахыг хичээх хэрэгтэй. Хүүхэд суултуурыг ашиглаж чадахгүй байгаа бол сэтгэлээр унах хэрэггүй. Олон хүүхдүүд дунд орохоороо дурайгаад сурчихдаг.  Бие дааж хооллох ч мөн адил.

Дасгах

Манайхан гол төлөв эхнйи өдрөөс эхлэн хүүхдээ цэцэрлэгт авчирч өгөөд орхиод явчихдаг. Хүүхэд эцэг, эхийгээ дагаж уйлаад хэн хэнд нь таагүй сэтгэгдэл үлддэг. Зүй нь хүүхдийг цэцэрлэгт аажмаар дасгах хэрэгтэй байдаг. Үүний тулд эхэндээ цэцэрлэгт хүүхдээ дагуулан ирээд 1-2 цаг хамт байж, бусад хүүхдүүдтэй танилцан, тоглох боломж өгнө. Ингэсээр бусад хүүхдүүдтэйгээ танилцан дассаны дараа хэсэг хугацаанд орхиж яван дасгана. Ингэхдээ хэдийд эргэж ирэхээ хүүхдэдээ заавал хэлнэ. Гэхдээ “хоёр цагийн дараа ирнэ” гэх мэтийн томчуудад зориулсан үг хэлж болохгүй. Учир нь хүүхэд цаг гэж юу байдгийг мэдэхгүй, мэдэх хэмжээнд хүрээ ч үгүй байгаа. Иймд “үдийн хоолны дараа ирнэ” гэх мэтээр ойлгомжтой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд хэлсэн амандаа заавал хүрч байх ёстой.

Хүүхэд хувийн зан чанараасаа хамаараад 1-2 долоо хоногийн дотор цэцэрлэгтээ бүрэн дасдаг.

Leave a Reply