Хүүхдийн тоглоом

Тоглоом нь хүүхдийг зугаацуулах, сэтгэхүйг нь хөгжүүлэх гэсэн хоёр үүргийг давхар биелүүлж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн тоглож эхэлнэ. Нэг сар хүртэлх хүүхдийн хүслэн болсон “тоглоом” нь ээжийн гар юм. Нэг сараас хойш шаржигнасан тод өнгөтэй унжлага, зүүлтүүд хэлбэртэй тоглоом нь илүү тохиромжтой гэж үздэг.

Нэг сартай хүүхдийг тоглоомыг цээжнээс 50-70 см-ээс дээшгүй өндөрт өлгөнө.

Харин хоёроос дөрвөн сартай хүүхдийн тоглоомыг нь хөдлөхдөө шүргэж, гараараа барьж болохоор доор өлгөнө. Ингэхдээ нэг дор олон  оглоом өлгөх, эсвэл үлээдэг бөмбөлөг, гацуур модны өлгөдөг тоглоом зэргийг өлгөж болохгүй.  5 хүртэлх сартай хүүхдийг доор өлгөсөн тоглоомын дор хэвтүүлж, гэдсээр нь хэвтүүлж байх хэрэгтэй. 5 сартайгаас хүүхдийг хэвлийгээр удаанаар хэвтэж сурахаар нь тоглоомыг гараа сунгаад хүрэх газар нь тавьж өгдөг.

Хүүхэд идэвхтэй хөдлөж байж сайн хөгждөг болохоор мөлхөх, хөрвөөх боломж гаргаж өгөхийн тулд тоглоомын манеж, эсвэл орон дээр тараан байрлуулах хэрэгтэй. Ингэхдээ тоглоомыг тоог өөрчлөх зэргээр солих нь уйдаж ядрахаас сэргийлнэ.

Ойтойгоос нь эхлэн хүүхэд сэрүүн байхдаа тоглоомыг илэрхий сонирхож эхлэх зэргээр зан нь өөрчлөгдөнө. Хүүхэд тоглоомоор оролдох зуураа тухайн тоглоомын онцлогтой холбоотой тодорхой үйлдлүүдийг хийж сурдаг. Жишээл нь, 7-8 сартай хүүхэд бөмбөгийг өөрөө барьж, шидэж сурсан байдаг.

8,9 сартай хүүхдийг тулж, түшин босч, алхалах боломж олгохуйц том эд зүйл бүхий манеж, шалан дээр тоглуулах нь сайн. Эхний жилдээ хүүхэд маш хурдан бойждогийг тооцон цаашдын хөгжих боломжийг нь хангаж өгөхийн тулд тоглоом, нөхцлийг нь цаг тухайд нь өөрчилж өгч байх ёстой юм. Сэрүүн байх үед нь хүүхэдтэй ярилцаж, хариу өгөх тоолонд нь урамшуулж байх хэрэгтэй. Тоглоомтой хэрхэн харьцахыг харуулах, хүүхдийн гараар нь хийж үзүүлэх,  бүх тоглоомыг нэрлэх зэргээр хүүхэдтэйгээ тоглож байх шаардлагатай. 9-12 сартай хүүхдэд тоглоомоо эвдлэх, тараах зэргээс нь сэргийлэхийн тулд зөвхөн бие даан тоглож, ашиглаж сурсан тоглоомуудыг нь өгч байх нь зүйтэй. Тоглоом ба тоглох сонирхлыг дэмжихийн тулд цугтаа тоглоомыг нь дэс дараагаар нь өрөх, цуглуулах, байранд нь хураах зэрэг үйлдлийг хийж байх хэрэгтэй.

Ойтой хүүхэд дөрвөлжин шоог өрөх, хүүхэлдэйг хөтлөх, машинаар тоглох зэргийг сурсан байдаг. Ингэж сурсан хүүхэд хэсэг хугацаанд томчуудын тусламжгүйгээр бие даан тоглож сурдаг. Гэвч ойтой хүүхэд ингэж өөрийгөө удаан зугаацуулж чаддаггүй тул эцэг, эхчүүд нь цаг тухайд нь анхаарлыг нь өөр зүйлд хандуулж, уйдаж, залхахаас нь сэргийлж байх хэрэгтэй.

Хүүхдэд тоглоомоо хадгалдаг хайрцаг сав байх ёстой бөгөөд аажимдаа тоглоомоо тийш хурааж сурдаг. Амьдралынх нь хамгийн чухал анхны нэг жилийн хугацаанд олсон зүйл нь цаашид улам бүр хөгжин ирээдүйд өөртөө итгэлтэй, бүрэн дүүрэн хүн болж өсч торниход нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

1 Comment

  1. Зулзага

    хүүхдийн хөгжилтэй тоглоом мэдмээр байна

Leave a Reply