Түрүү булчирхайн өмөнгөөр 50-аас дээш насны 7 эрэгтэй тутмын нэг нь өвчилдөг. Улмаар нас ахисан эрчүүдийн нас баралтын багагүй хувийг эзэлж байна. Түрүү булчирхай нь шээс ялгаруулах замын эхлэл хэсэгт бугуйвч хэлбэрээр бүсэлж байрласан эр бэлгийн дотор эрхтэн юм.
Ерөнхий
Түүний үндсэн үүрэг нь үрийн шингэн боловсруулах (бүх шингэний 30% хүртэл) болон үрийн шингэн гадагшлах үйл явцад оролцох юм. Мөн шээс барих үйл ажиллагаанд ч оролцдог эрхтэн юм. Түрүү булчирхайн эдээс үүссэн хорт хавдрыг түрүү булчирхайн өмөн гэнэ. Мөн л бусад өмөн шиг бие мах бодоор тархан бусад эрхтэнд үсэрхийлэл өгдөг.
Шалтгаан
Одоог хүртэл түрүү булчирхайн өмөнг үүсгэх шалтгааныг бүрэн тодорхойлж чадаагүй байна. Бэлгийн даавар тестостеронтой холбоотой болох нь тодорхой болсон.Энэ дааврын хэмжээ цусанд их байх нь өмөн үүсэхэд нөлөөлдөг байна. Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
- өндөр нас;
- удамшил (удамд нь уг өвчнөөр өвдсөн хүн байх);
- түрүү булчирхайн томролт (хоргүй хавдар- аденом) өвчилсөн байх;
- байгаль цаг уурын нөлөөлөл;
- кадми элемент ихтэй нөхцөлд ажиллах (хэвлэх үйлдвэрийн хэвлэгч, өрөгч, гагнуурчин, резиний үйлдвэр);
- зөв бус хооллолт (амьтны гаралтай өөх тос их хэрэглэх, эслэг бага хэрэглэх) гэх мэт;
Явц
Түрүү булчирхайн өмөн нь аажим болон түргэн гэсэн хоёр янзаар явагдана. Аажим гэдэг нь хавдар микроскопид харагдах болсноос сүүлийн үе шат хүртлээ дунджаар 10-15 жил үргэлжлэхийг хэлнэ. Түргэн гэдэг нь хавдрын хэмжээ бага хэрнээ биед тархан бусад эрхтэнд үсэрхийлэл эрт өгөхийг хэлнэ. Ихэвчлэн тунгалагын булчирхай, яс (аарцаг, дунд чөмөг, нугалам), уушиг, элэг, бөөрний дээд булчирхайд үсэрхийлдэг. Энэ бол өмөнгийн хамгийн их аюул нь юм. Үсэрхийллүүдийг бүгдийг нь авч байж л өвчинг зогсооно. Зөвхөн нэг хагалгаагаар л бүгдийг нь авч чадахгүй учир тун ээдрээтэй зүйл юм.
Шинж тэмдэг
Эрчүүдэд голдуу бүх шинж тэмдэг нь илрээд эмчлэх боломж бага болчихсон үед эмчид ханддаг нь харамсалтай. Түрүү булчирхайн өмөнгийн үед ойр ойрхон шээх, хярзан орчмоор өвдөх, шээс болон үрийн шингэн цустай гарах шинж илэрнэ. Гэхдээ эдгээр шинжээс илрэхгүй ч байж болох талтай. Үсэрхийлэл өгсөн үеэс л ясаар өвдөх (аарцаг, гуя, нуруу нугалам), цээжээр өвдөх зэрэг анхны шинжүүд илэрнэ. Цаашдаа шээс хаагдах ба турах, бие суларч, арьс цайж ирнэ зэрэг хавдрын хордлогын шинжүүд илрэнэ. Харин Түрүү булчирхайн өмөнгийн ховор илэрдэг шинж бол бэлгийн сулрал ба бэлэг эрхтэний хөвчрөлт алдагдах, үрийн шингэний хэмжээ багасах зэрэг юм.
Оношлогоо
Шээс ялгаруулах ажиллагаанд ямар нэгэн зовиур илэрвэл нэн даруй эрэгтэйчүүдийн (бөөрний мэс заслын эмч) эмчид хандах хэрэгтэй.Энэ нь түрүү булчирхайн томролт, үрэвслээс үүдэлтэй байж болох талтай. Эхний ээлжинд эмч шулуун гэдэсний үзлэгээр түрүү булчирхайн тогтоцыг тодорхойлно. Энэ бол түрүү булчирхайн өмөнг оношлох хамгийн энгийн арга юм. Өмөнгийн хожуу үед хавдар тэмтрэгдэнэ. Иймд хавдар тэмтрэгдэхгүй байвал цусанд простатспецифический антиген (ПСА) тодорхойлох шинжилгээ хийлгэнэ. Энэ бодисын хэмжээ цусанд ихсэхэд түрүү булчирхайн өмөн үүсэх нь ихэсдэг байна. Оношыг баталгаажуулахын тулд хэт авиа болон компьютерийн томографиар харах, рентген, радио идэвхэт бодисоор шинжилнэ. Эцсийн оношыг хярзан болон шулуун гэдсээр дамжуулан тусгай нарийн зүүгээр хатгаж авсан эд эсийн шинжилгээгээр батална.
Эмчилгээ
Мэс засал, эмийн болон туяа эмчилгээг түрүү булчирхайн өмөнгийн үед хийнэ. Эмчилгээний ямар аргыг сонгох нь өвчтөний хувийн онцлог, нас, өвчний үе шат, үсэрхийлсэн эсэхээс хамаарна. Мэс заслын эмчилгээний аргыг (түрүү булчирхайг авах) зөвхөн үсэрхийлэл өгөөгүй үед хийнэ. Хэрэв яг ингэж хийж чадвал өмөнгөөс бүрэн ангижрана. Эмийн эмчилгээний зарчим нь тестостероныг багасгах, саатуулах үйлчилгээтэй даавар байх бөгөөд хавдар болон үсэрхийллийн өсөлтийн хурдыг багасгана. Даавар эмчилгээ нь бүрэн эдгэрлийг өгөхгүй ч өвчтний биеийн байдал сайжирч өвчний илрэх шинж сул болдог. Туяа эмчилгээ нь түрүү булчирхайн өмөнгийн хавдрын өсөлт болон үсэрхийллийг багасгадаг радио идэвхэт шарлага бөгөөд өмөнг эмчилж эдгээж чадахгүй. Эмийн болон туяа эмчилгээ нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг арга юм.
Сайн байна уу. Би 24 настай надаас цустай үрийн шингэн гарсан ганцхан удаа бас эрхтэн хөвчирхөөр өвддөг боллоо энэ хавдартай гэсэн үг үү?