Антибиотикууд

Өвчин туссан хүн хурдан илааршихыг хүсэх нь мэдээж. Харамсалтай нь хурдан эдгэх гэхдээ эмчийн зааваргүйгээр өөрөө өөртөө онош тавиад, эмчилгээ хийгээд эхэлдэг. Энэ мэтээр хүмүүсийн дураараа хамгийн их хэрэглэдэг эмийн бэлдмэлүүдийн дотор пенициллин, ампициллин, левомецитин зэрэг антибиотикууд ордог.

Гэтэл эдгээр эмийн үйлчлэх хүрээ, үр дагавар, зориулалт зэргийг мэдэлгүйгээр дураараа хэрэглэснээр өвнөөс салах нь бүү хэл бүр ч хүнд байдалд орж болзошгүй гэдгийг мэддэггүй.

Иймд юуны өмнө антибиотикууд юуны эсрэг үйлчилдэг тухай тодруулах хэрэгтэй.

Үйлчилгээ

Өвчин үүсгэгч бичил биетүүд нь хүнд учруулдаг хор нөлөөгөөрөө хоорондоо ялгаатай. Хамрын ханиад үүсгэгч мэтийн заримыг нь хүний дархлалын систем гадны туслалцаагүй дийлдэг. Гэтэл тарваган тахал, менингит зэрэг өвчний үүсгэгчд нь дархлалын системийн даван гарч, хүний үхүүлэх чадалтай.

Бичил биетүүдийг дотоод бүтцийнх нь зохион байгуулалтаар нь бактери, вирус, эгэл биетэн гэсэн гурван бүлэт хуваадаг.  Бактерууд ба эгэл биетүүд эсийн бүтэцтэй (ДНК агуулсан бөөм, эсийн хана гэх мэт), бие дааж амьдрах чадвартай. Вирусууд эсийн бүтэцгүй бөгөөд уургийн бүрхүүл бүхий ДНХ, эсвэл РНК-н молекулууд юм. Тэд зөвхөн хүн, амьтан, ургамал зэргийн эсэнд нэвтэрсний дараа л үржих зэргээр амьд эсийн шинж тэмдэг гаргаж эхэлдэг. Улмаар “эзнийхээ” эсийг нэгэн төрлийн биохимийн “бичил завод” болгон ашигладаг.

Эдгээр бичил биетийн эсрэг үйлчилгээтэй бодисыг анх химийн будагчаас гарган авч байсан тул эмийг химийн бэлдмэл гэж нэрлэжээ. Удалгүй бактер хоорондын тэмцлийг ашиглахаар болжээ. Бактериуд нь бусад амьд биетийн адил амьдралын төлөө хүчтэй тэмцэл өрнүүлдэг. Ингэхдээ бусад бактериудыг устгах чадвартай тусгай бодис ялгаруулдаг ньта бидний мэдэх антибиотикууд юм. Гэвч бактер ба вирусын дотоод бүтцийн ялгаатай байдлаас үүдээд аль алинд нь адилхан үйлчилдэг антибиотикийг одоо хүртэл бүтээж чадаагүй л байна. Иймд бактерийн гаралтай өвчнийг антибиотикуудаар дарж болдог бол вирусын гаралтай өвчнийг барагтай л бол антибиотик хэрэглэн дарж чаддаггүй.

Хүрээ

Антибиотикийн талаар мэдэж байвал зохих бас нэг зүйл үйлчлэх хүрээ юм. Зарим антибиотик нь олон төрлийн бактерид нөлөөлдөөг байхад өөр бусад нь зөвхөн хэсэг нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Иймд антибиотик тус бүрийн үйлчлэх хүрээг бэлдмэлийн заавар дээр нь зааж өгсөн байдаг. Иймд ямар тохиолдолд ямар антибиотик хэрэглэх ёстойг зөвхөн мэргэжлийн эмч, шинжилгээ хийсний дараа л тогтоох ёстой юм.

Жишээлэхэд, хамрын хөндийн хурц үрэвсэл буюу ринит, гуурсан хоолойн салст бүрхүүлийн хурц үрэвсэл буюу бронхитийн үүсгэгч нь дийлэнх тохиолдолд вирус байдаг болохоор элдэв антибиотик хэрэглээд үр дүнгүй.

Харин, ангин, чихний үрэвсэл, хамар орчмын хөндийн үрэвсэл буюу гайморит зэрэг өвчний үүсгэгч нь дийлэнхдээ бактериуд бадаг болохоор антибиотик нь үр дүнтэй байж болно. Бас нэгэн анхаарууштай зүйл нь эмийн хугацаа юм. Хугацаа нь дууссан антибиотикуудын харш нөлөө нь эрс нэмэгддэг болохоор эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд, жаахан хүүхдүүдэд антиобиотикийн эмчийн хяналт, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өгч болохгүй.

Дашрамд сонирхуулахад өнөөдөр 30 гаруй төрлийн 200 гаруй антибиотикууд хэрэглээнд байдаг. Иймд ямар тохиолдолд алийг нь хэрэглэвэл зохистой вэ гэдгийг зөвхөн мэргэжлийн эмч нь заах боломжтой юм.

Leave a Reply