Менингококк, менингит

Ерөнхий

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийг тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж яриад сурчихсан байдаг.

Шалтгаан

Менингококк (Neisseria meningitidis) гэдэг нян -г анх 1887 онд А.Вейксельбаум гэдэг эрдэм нь менингитээр өвдсөн хүний нугасны уснаас ялган гаргаж, нарийвчлан судалсан байдаг. Менингококк дотроо А, В, С, D, Z, X, Y гэсэн олон хэлбэртэй байдгаас өвчний дэгдэлтийн хэлбэр нь гол төлөв А хэлбэрийн менингококктой холбоотой байдаг.

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Ийм болохоор 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор үхдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин vvсгэгч нян нь 36-37 градусын дулаанд vрждэг.

Халдварлалт

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг.

Үржих таатай температур нь 36-37 градуас байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл агаар дуслын замаар халдварладаг.

Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.

Менингококкын халдвар

Далд үе нь гол төлөв 2-10 хоног үргэлжилнэ. Менингококкоор үүсгэгдсэн өвчний эмнэл зүйн хэлбэрүүд нь янз бүр байж болно.

Өвчин үүсгэгч нь тодорхой нэг эрхтэнд байрласан хэсэгчилсэн хэлбэр, үүнд: менингококкын тээгч, назофарингит.

Халдвар бүх биеэр тархсан нэрвэгдсэн хэлбэр, үүнд: менингококкеми, менингит, менингоэнцефалит.

Цөөн тохиолддог ховор хэлбэр, үүнд: эндокардит /зүрхний дотортос/, полиартрит /олон үетэс/, хатгаа.

Хурц назофарингит

Нянгийн тээгч байх, назофарингит зэрэг хэсэгчилсэн хэлбэр нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаггүй тул огт мэдэгдэлгүй өнгөрч болно.

Харин хурц хэлбэрийн назофарингит нь идээт менингитын анхны шинж тэмдэг, эсвэл өөрөө менингококкын халдварын эмнэл зүйн бие даасан илрэл байж болно. 38,5 хүртэл халуурах, толгой өвдөх, бие сульдах, хамар битүүрэх, залгиурын арын хана улайх зэрэг шинж илэрнэ. Ийм шинж тэмдэг илрэхтэй зэрэгцэн толгой маш хүчтэй өвдөх, бөөлжих, дотор муухайрах, янз бүрийн тууралт гарвал эмчид нэн яаралтай хандах шаардлагатай.

Менингококкеми

Дархлаа суларсан үед нян нь хамар залгиураас гадагшлан цусанд орох үед менингококкеми /цус үжих/ гэдэг хүүхдийн хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэг үүсдэг. Нянгийн ялгаруулсан хорны нөлөөгөөр олон тооны жижиг судас бөглөрч, цусны бүлэгнэлт алдагдаснаар биеэр цусархаг тууралт гарна. Толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, 40, түүнээс дээш халуурах, бөөлжих.

Энэ хэлбэрийн халдварын үед менингитийн шинж тэмдэг илрэхгүй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед эмчид нэн яаралтай хандах хэрэгтэй.

Менингит

Менингококк нь тархи, нугасыг гэмтээвэл менингит үүснэ. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар залгиураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг.

Менингит нь чичрүүдэс хүрэх, огцом өндөр халуурах /38-39/, хөөрлийн байдалдт орох, тайван бус болох, татагнах шинж тэмдэгээр эхэлнэ. Толгой маш хүчтэй өвдөх, дотор муухайралгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэмтгий болно. Улмаар гэрэл, дуу чимээнд хэт мэдрэмтгий, цочимтгой болох. Эхний хоногийн сүүлээс менингитийн шинж тэмдэг илэрнэ, үүнд: дагзны булчин хөших, Кернигийн шинж тэмдэг буюу өвдгөөр нь нугалсан хөлөө тэнийлгэж чадахгүй байх, Брузинскийн шинж тэмдэг буюу эрүү цээжинд хүргэхэд хөлөө өвдгөөр нь нугалах.

Мөн дэмийрэх, шөрмөс татах, үе мөч салаглах шинж тэмдэг илэрч болзошгүйгээс гадна хөхүүл хүүхдийн зулай нь товойж, чангарах, лугшихаа болих шинж илэрч магадгүй. Өвчилсөн хүмүүсийн 50% нь өвчний 2-5 дахь өдөр нь их хэмжээний үсэрхийлсэн тууралт, арай цөөн тохиолдолд бэржрүүт тууралт /жижиг цус хуралт/ гарна. Тууралт нь од хэлбэртэй, үе мөчний их биенээс хол хэсэгт, өгзөг, их биеийн хажуу хэсэгт гарна.

Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид нэн яаралтай хандах хэрэгтэй.

Эмчилгээ

Дээрх шинж тэмдэг илэрсэн үед эмчид нэн яаралтай үзүүлж, эмнэлгийн туслалцаа авбал өвчнийг эмлэх боломжтой. Эмчид үзүүлэх, эмнэлэгт хандалгүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх зэргээр цаг алдвал үхэлд хүргэх аюултай гэдгийг анхаараарай. Өвчний үед хэрэглэх эм тариа, тун зэргийг зөвхөн эмч заана.
Урьдчилан сэргийлэлт

– Хүүхдийг дэлгүүр, зах г.м. олон хөлийн газраар дагуулж явахгүй байх.

– Цэвэр агаарт агарах.

– Амин дэм уух зэргээр дархлааг бэхжүүлэх.

– Өвдсөн хүнээс тусгаарлах.

2 thoughts on “Менингококк, менингит”

  1. sain bna uu bi oi 5 sartai ohintoi mi ohin unaj tatadgvi ch neg nvd ni haaya aniwchaad heseg hugatsaanii daraa ergeed hewendee ordog ene baidal ni odort mash olon udaa dawtagddag ene taLAAR MEDEELEL ZOWOLGOO OGOHIIG HVSEJ BNA MINII OHIND TASLAACH GUIJ BNA BAIGIIN TATALTIIN EM UUGAAD LYMARCH NOLOOGVI

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.