Энтеровирус

Ерөнхий

Хятадад гарсан энтеровирусын халдвар Монголд тархаж олон зуун хvн өвдөөд байна. Сонин хэвлэлд гарч байгаа мэдээнээс үзвэл энтеровирусын халдвар чухам хүү аюултай, эмчлэгдэшгүй, аймшигтай өвчин юм байх.

Гэтэл үнэн хэрэг дээрээ байдал өөр байгааг хүмүүс мэдэхгүй байгаа нь харамсалтай. Энтервирус -71 (EV71)-ын халдвар авсан хүүхдүүдийн дундах нас баралт нь өргөн тархсан хүүхдийн бусад өвчнийхөөс илүү гараагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүх

Энтервирус -71 нь гэв гэнэт сая илрээд байгаа аймшигт өвчин үүсгэгч гэдэг нь ор үндэсгүй зүйл юм. Энтервирусуудын бүр 1940-50 онуудад америкийн судлаачид нээн илрүүлжээ. Энэ төрлийн вирус нь хүний гэдсэнд үржих чадвартай ч төв мэдрэлийн системийг хамгийн ихээр гэмтээх аюултай.

Төрөл зүйл

Энтервирусууд нь пиковирус буюу асар жижиг вирус ба РНХ төрөлд багтдаг. Дотроо хүнд аюултай 67 зүйлтэй. Эдгээрээс 3 нь полиомелтийнх /нугасны бор эстэс/, 23 нь Коксаки А-ийнх, 31 нь ЕСНО-вирус, 4 нь энтеровирус 68-71.

Явц ба тархалт

Энтеровирусын халдваруудын 85% орчим нь ямар ч шинж тэмдэггүй явцтай байдаг бол 12-14% -д нь вирусын гаралтай хөнгөн хэлбэрийн халуурал гэж оношлогддог. Харин менингит, энцефалит /тархины үрэвсэл/ г.м. ноцтой байдлаар хүндэрдэг өвчлөл нь нийт халдварын ердөө 1-3 % байдаг ажээ.

Энтеровирусын халдварт өртөгсдийн дийлэнх нь 7 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Энтеровирус нь маш өргөн тархацтай байдаг болохоор үүнээс дээш насныхан нь дархлаа тогтсон байдаг.

Энтеровирусын халдвар нь бохир гар, угаагаагүй хүнсний ногоо, түүхий усаар гол төлөв тархдаг. Агаар дуслын замаар тархадаг ч энэ замаар түгэх нь харьцангуй бага байдаг юм байна. Иймд сургууль, цэцэрлэгт ариун цэврийн арга хэмжээг сайтар сахих нь энеровирусын халдварын тархалтаас сэргийлэх үндсэн арга юм.

Сүр дуулиан тариад байгаа энтеровирус-71-ийн тархалт нь шинэ зvйл биш юм. Жишээлэхэд, АНУ, Швед, Япон 1969-1973 онуудад), Болгар /1975онд /, Унгар /1976 онд/, Малайз /1997 онд/, Тайван /1998 онд/, Сингапур /1999 онд/ зэрэг улсуудад түр зуурын тэсрэлтийн байдлаар тархаж байсан байна.

Ийм ч учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хятад дахь салбарын тэргүүн Ханс Трёдсон нь сэтгүүлчдэд хандан “Бид Сингапур, Вьетнам болон Хятадын зарим хэсэгт тогтмол гардаг халдварт өвчинтэй тулгарсан төдий зүйл. Иймд өвчилсөн хүмүүсийн тоо цашид нэмэгдэх ч түгшүүр зарлаад байх шаардлага ер алга” гэж мэдэгдсэн байна.

Үнэхээр ч БНХАУ-ын араас хөрш зэргэлдээ бусад улсуудаас энтеровирусын халдварын талаарх мэдээ ирж байна. Жишээлэхэд, Вьетнамд он гарсаар 400 хүн өвдсөн бол, Сингапурт 9 мянган хүн өвдөөд байгаа юм байна. Хамгийн гол нь эдгээр тоо нь энтеровирусээр өвчлөгсдийн жилийн дундаж үзүүлэлтээс ер давж гарахгүй байгаа ажээ.

Өнөөдөр дуулиан тариад байгаа энтеровирус-71-ийн өвчлөл нь уушигны хурц хаван үүсгэн үхэлд хүргэдгээрээ онцлог юм байна.

Энтеровирус -71-ийн эсрэг вакциныг бүр 1970-аад онд хуучин ЗХУ –д бүтээсэн байдаг гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Гэвч энтеровирус нь тун хувирамтгай, олон дэд зүйлтэй болохоор вакцин хийх замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр ашиг муутайд тооцогддог.

Хятадад тархаад байгаа энтеровирус-71-ийн өвчлөлийн хувьд гэвэл тархсан бүс нь дулаан, чийглэг уур амьсгалтай, энтеровирус-71-ийг үржин тархахад таатай болохоор ийм байдал үүссэнд гайхаад байх зүйл огт байхгүй гэдгийг судлаачид онцолж байна.

Харин манай улсын хувьд урин дулааны уур амьсгал эхэлсэн, алим жимс, төмс, хүнсний ногоог угаах, гараа тогтмол савантай усаар угаах г.м. ариун цэврийн наад захын арга хэмжээ авах тэл дээр хойрго хандаж байгаагаас үүдэн байдал хурцадмал болоод байна.

Иймд элдэв дуулиант мэдээлэл уншин стресст оролгvйгээр, тайван амгалан байж, ариун цэврийн сахих хамгийн наад захын арга хэмжээг аваад байхад вирусын халдвар тусна гэх аюул vгvй юм.

Leave a Reply