Гүйлсэн булчирхайн томролт буюу аденоид

Хамар залгиурын гүйлс дээр суурилсан тунгалагын эдийн томролтыг аденоид буюу хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт гэнэ. Гүйлсэн булчирхай нь хамар залгиурт байрлах тул ердийн үзлэгээр энэ харагддаггүй. Иймээс хамар залгиурын гүйлсэн булчирхайг харахын тулд чих хамар хоолойн (ЧХХ) тусгай багаж шаардлагатай.

Хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт буюу аденоид нь  1 ойтгоос 14- 15 нас хүртэлх хүүхдийн дунд ихээхэн тархсан өвчин юм. Энэ өвчин нь ихэвчлэн 3-7 насанд тохиолддог ч сүүлийн жилүүдэд бүр бага насны хүүхдүүдэд тохиолдох болсон.

Аденоид нь олон сөрөг үр дагавартай.

Дунд чихний хэвийн физиологи өөрчлөгдснөөс үүсэх сонсголын алдагдал

Хэвийн үедээ гадна агаарын даралт дунд чихний дотор даралтын зөрөөг сонсголын (евстахиевын) гуурс зохицуулж байдаг. Хэмжээгээр томорсон хамар залгиурын гүйлсэн булчирхай нь сонсголын гуурсны амсрыг дарж, дунд чих рүү агаар чөлөөтэй дамжихад нь саад болдог. Үүний үр дүнд хэнгэргэн хальс өөрийнхөө хөдөлгөөнийг алдаж сонсголын мэдрэмжинд нөлөөлдөг.

Үе үе ханиад хүрэх

Хамрын амьсгал чөлөөтэй байгаа нөхцөлд хамрын хөндий нь физиологийнхоо үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэдэг. Хэвийн үедээ хамрын хөндийн салст бүрхэвч, хамрын дайвар хөндийнүүд нь  салс ялгаруулж, тэр нь хамрын хөндийг бактери, вирус, болон бусад өвчин үүсгэгчээс “цэвэрлэж” байдаг. Хэрэв хүүхдийг хамраараа чөлөөтэй амьсгалад нь хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт маягын саад байвал салс гадагшлалт хүндрэлтэй болж, халдвар үүсэх таатай нөхцөл бүрдэн үрэвсэлт өвчнүүд үүсдэг.

Харшил, бусад өвчлөл

Хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролтын үед хамрын амьсгал бэрхшээлтэй болсноор үрэвсэлт өвчнүүд үүсэхийг нөхцлийг бүрдээд зогсохгүй бактери, вирусын дайралт хийх сайн орчин болдог. Иймээс хамар залгиурын гүйлсэн булчирхайн эд архаг үрэвслийн байдалд байдаг. Хар үгээр хэлэхэд бактери вирусууд тэндэхийн байнгын оршин суугчид болдог. Архаг халдварын голомт ингэж үүсч түүнээс бичил биетнүүд бүх биеэр тархдаг.

Сурах идэвх, чадвар муудах

Хамрын амьсгал саадтай байхад хүн хүчилтөрөгчөө 12-18% дутуу  хүлээн авна. Иймээс хүүхэд  байнгын хүчилтөрөгчийн дутагдал ордог нь юуны өмнө тархинд нөөлөх нь сурлагын чанарт нөлөөлөх нь гарцаагүй.

Үг хэлний хөгжил алдагдах

Хүүхдэд хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт байвал нүүрний ясны хөгжилт алдагддаг. Энэ нь өөрийнхөө зүй тогтлоор үг ярианы хөгжил, ярианы хөгжилд таагүйнөлөөлнө. Хүүхэд зарим нэг үсгийг хэлж чаддаггүй, байнга хамраараа ярьдаг (гуншиа) болдог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ярианд дасчихдаг болохоор тэр бүр анзаардаггүй нь харамсалтай.

Дунд чихний үрэвсэл

Хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролтын ихсэх нь дунд чихний физиологийг өөрчилж, улмаар сонсголын гуурсны амсрыг дардаг. Үүнээс гадна дунд чихэнд халдвар нэвтрэх, хөгжих таагүй нөхцлийг бий болгодог.

Амьсгалын замын үрэвсэл

Гүйлсэн булчирхайн эдийн ургалтын үед дотор нь архаг үрэвсэл явагддаг. Үр дүнд байнга салс идээ байнга ялгарч, ялгарал нь хүндийн хүчний нөлөөгөөр амьсгалын замын доош орших хэсэг руу буудаг. Ингэж буухдаа залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг үрэвсэл үүсгэдэг.

Эдгээр нь хамар залгиурын гүйлсэн булчирхайн ургалтын үед үүхдийн бие махбодод үүсдэг хамгийн түгээмэл бөгөөд анхаарууштай өөрчлөлтүүд юм. Жаагсаалтыг нь цааш нь үргэлжлүүлбэл цусны бүтцийн өөрчлөлт, мэдрэлийн системийн хөгжлийн алдагдал, шөнө орондоо шээх, бөөрний үйл ажиллагааны алдагдал гээд ноцтой эмгэгүүд олон.

Иймээс хүүхдэд дээрх шинжүүдээс нэгийг нь илрүүлбэл ЧХХ-эмчид хандах хэрэгтэй.

Leave a Reply