Шүдний гаралтай ясны хальсны үрэвсэл

Өвчний угийг таслалгүйгээр эмчлэх боломжгүй. Иймд өвчтэй шүдийг содоор зайлж, анальгин уугаад, эсвэл цоорхойг бөглөдөг гэх “шидэт” оогоор угаасан болоод эмчлэх боломжгүй. Иймд шүд өвдсөн тохиолдолд элдэв зүйлээр өөрийгөө хууралгүй мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчид үзүүлэхгүй бол өвдсөн шүд хавдана. Харин хаванг нь эмчлэхгүй бол идээлнэ. Идээн нь эрүү рүү нэвчинэ гэдэг тун их уршигтай.

Ерөнхий

Шүдний гаралтай эрүүний буглаа буюу флюс  гэдэг нь шүдээ өвдөхөөр нь гаднаас нь оо түрхсэн болоод, өвчин намдаагч уугаад гүйж явдаг хүмүүст хамгийн их таардаг аминд ч хүрч мэдэх аюултай өвчин.

Шалтгаан

Ясны хальсны үрэвслийн шалтгаан нь дийлэнх тохиолдолд шүд цоорох өвчин байдаг. Гэхдээ механик гэмтэл, буйлны халаасны үрэвсэл ч заримдаа энэ өвчний шалтгаан болдог. Гэвч ямар ч тохиолдолд халдвар нь үрэвсэл үүсч, идээлэх үндсэн шалтгаан болдог.

Явц

Шүд цоорсны улмаас бий болсон идээ нь гадагшлахдаа ясны эдийг нүхлэн гараад дээд, эсвэл доод эрүүний ясны хальсны дор буглаа үүсгэн гацдаг. Ингээд ясны хальсны үрэвсэл үүснэ.

Шинж тэмдэг

Хэрэв шүд байнга өвддөг, дээр нь дарах, юм зажлах, дээрээс ямар нэг юмаа тогших үед өвдөлт улам нэмэгддэгийн дээр шүдийг урьд нь зөөлөн эдийн үрэвслийн улмаас эмчилж байсан бол шүдний суурь эдийн үрэвсэл буюу перидонтит. Харин энэ бүх шинж тэмдгээс гадна шүдийг тойрсон эд хавагнаж, өвчтэй шүдний орчим хацар хавагнасан бол эрүүний ясны хальсны үрэвсэл буюу периостит.  Хүнд тохиолдолд халуурах шинж илэрнэ.

Эмчилгээ

Дээр дурдсан бүх шинж илэрч, хацар хавдсан үед нэн яаралтай шүдний эмчид хандах хэрэгтэй. Эмчилгээг мэдээ алдуулалт хийсний дараа амны хөндийд зүслэг хийж, идээг гадагшлуулах замаар хийнэ. Халдварыг бүрэн эмчлэхээс өмнө зүслэг анихаас сэргийлэн резинэн хавчуурга хийнэ. Үүнээс гадна эмчийн бичиж өгсөн бактер болон үрэвслийн эсрэг үйчилгээтэй эм хэрэглэх шаардлагатай болж магадгүй.

Эмчилгээ хийгээгүй үед үрэвсэл, идээт буглаа, нэвчсэн идээт үрэвсэл гэсэн шатлалтайгаар явж аминд хүрэх аюултай.

Буглаа буюу абсцесс

Халдварыг цаг тухайд нь эмчлүүлээгүйээс идээлж буглаа буюу абсцесс үүсдэг. Энэ нь идээ эдийн дотор хэсэг газар хуримтлагдахыг хэлдэг. Буглааг нээж, хавчуурга тавьдаг. Гэхдээ хавчуургыг илүү удаан хугацаагаар байлгана.

Идээт нэвчдэст үрэвсэл буюу флегмон

Идээт нэвчдэст үрэвсэл буюу флегмон гэдэг нь идээ нь эдийн дотор тархахыг хэлнэ. Улмаар идээ нь нүүрний булчин хоорондын янз бүрийн хэсэгт нэвтрэн хүзүү рүү шилжин гол руу ч уруудах аюултай. Энэ бол үхлийн аюултай өвчин юм. Цагт нь эмчлээгүй шүднээс болж үхнэ гэдэг харамсалтай.

Анхаарах зүйлс

Шүдний гаралтай эрүүний хальсны үрэвслийн үед дараах зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй, үүнд:

  • Бүлээн жин хэрхэвч тавьж болохгүй. Үрэвслийг улам даамжруулах аюултай.
  • Эрүү нүүрэндээ боолт хийх хэрэггүй. Инээдмийн кино энэ тэр дээр шүд нь өвдсөн хүн хацраа боосон байдаг гээд дуурайх нь тэнэг хэрэг. Боолт нь эмчилгээний бэлдмэл болж чадахгүй.
  • Эмчийн заалтгүйгээр ампицилин, амокс гэх мэтийн антибиотик ууж болохгүй. Антибиотикийг замбараагүй ууснаар нянг дасган үйлчлэхгүй болгох аюултай.
  • Эмчид үзүүлэхээс гурван цагийн өмнөөс эхлээд өвчин намдаах эм ууж болохгүй. Хэрэв уувал онош буруу тавигдаж, улмаар буруу эмчилгээ хийгдэх аюултай.
  • Зүслэг хийлгэсний дараа аспирин ууж болохгүй. Учир нь аспирин нь цус алдалт үүсэх эрсдэлтэй. Тэгээд ч зүсэлт хийсэн үед аспирин нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлэхгүй.
  • Зүслэг хийлгэснээс хойш 12 дотор бие гайгүй болохгүй байвал эмчид дахин хандах хэрэгтэй.
  • Эмчийн зааваргүйгээр өөр эм дураараа уух, эсвэл эмчийн заасан эмийн уухгүй байх нь уршигтай гэдгийг мартаж болохгүй. Мөн зөвхөн эмч л өвчний талаарх үнэн бодит зөвлөгөө өгнө үү гэхээс найз нөхдийг үгээр өөртөө эмчилгээ хийнэ гэдэг байж болшгүй хэрэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээний дараа

Шүдний гаралтай ясны хальсны үрэвслийн эмчилгээ хийлгэсний дараа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй, үүнд:

  1. Зүслэг хийлгсэн ч хаван, эдийн нягтрал нь тэр даруй алга болно гэж байдаггүйг мартаж болохгүй. Харин ч хаван бага зэрэг томорч болох ч гурван өдрийн дотор бүх зүйл эргээд хэвийн болох ёстой.
  2. Гэмтсэн хэсгийн зөөлөн эд нягтарч хатуурах буюу инфильтрат үүснэ. Энэ нь нэлээд удаан хугацаагаар арилахгүй байж болно.
  3. Ясны хальсны үрэвсэл, эсвэл идээт буглаа байсан бол эмчилгээ хийсний дараа  өвчний голомт байсан хэсэг дэх өвдөлт нь намдаж, халуун ч буурч эхлэх ёстой.
  4. Зүслэгийг дагуу бага зэрэг таагүй өвдөлт байж болох ч хүчтэй өвдөлт өгөх ёсгүй.
  5. Амны хөндийд резинэн хавчуурга байх ёстой. Түүнийг татаж чангааж, засах гэж оролдосны хэрэггүй. Эмчилгээ дуусахаас өмнө зүслэг анихаас сэргийлэх зориулттай. Хавчуурга унасан тохиолдолд эмчдээ ханд.
  6. Анхаарууштай, сэтгэл зовинуулсан зүйл гарвал багаар бодож эмчтэйгээ утсаар ярьж зөвлөгөө ав.

1 thought on “Шүдний гаралтай ясны хальсны үрэвсэл”

  1. bi yag ungej havdaj uvduj bsan bi ih yaaruu zantai bolhoor havan buuh bh gj huleej suugaagui shuud emchid ichsin ter n ch onoson tegeegui bol tiim amar zuil bish bnlee shuu

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.