Шүдний уйланхай буюу шүдний киста

Киста гэдэг нь грекийн “kystis” гэсэн үгнээс гаралтай бөгөөд орчуулбал уйланхай, хүүдий гэсэн утгатай. Иймд бие махбодод дотроо үхсэн эсүүд, бактер зэргийг агуулсан шингэн бүхий хатуу ханатай хөндий биет үүсэхийг киста буюу уйланхай гэнэ. Уйланхайн ханаг бүрхсэн эсүүд нь байнга шингэн ялгаруулж байдаг тул кистагийн хэмжээ томорсоор байдаг.

Шүдний уйланхай нь буйланд шүдний ёзоор орчмид байрладаг. Хэрэв уйланхай буюу кистаг цаг тухайд нь эмчлэхгүй бол уйланхайн хөндийд орсон шүд нь унадаг.

Шалтгаан

Шүдний уйланхай үүсэх үндсэн шалтгаан гэмтэл, халдвар юм. Шүдний гэмтлийг зодооны, тэмцээнээс эхлээд гэртээ, хатуу самар цөмөх хүртэл янз бүрээр авдаг. Халдвар нь шүдийг буруу эмчлэх үед угын сувгаар нэвтэрч болно. Жишээлэхэд, мэдрэлийг нь аваад сувгийг төгсгөл хүртэл цэвэрлээгүй, эсвэл тохиолдлоор шүдний дотор талд жижиг багаж мартсан үед үүсч болно.

Цөөн тохиолдолд шүдний уйланхай нь хамрын дайвар хөндийн үрэвсэл, эсвэл өөр ямар нэг халдварт өвчний үед хор хөнөөлтэй нян нь буйлнаас цус гарах үед дотогшоо нэвтрэн ордог.

Явц

Шүдний ёзоор орчмын эд буюу периодонтын үрэвсэл нь уйланхай үүсэх эхлэлийг тавьдаг.  Өвчнийг эмчлэлгүй зөнд нь орхисон үед шүдний ёзоорыг тойрсон эс томрон ургаж эхэлдэг. Ингэж шинээ бие болсон эдийн хэмжээ 5 мм хүртэлх бага хэмжээтэй үед нь гранулем гэж нэрлэдэг. Гранулем нь яваандаа бүр томорсоор гадуураа цүнх гэж нэрлэгддэг бүрхүүлтэй болно. Ийнхүү гранулем нь уйланхай болон хувирснаар эрүүний ясанд гэмтсэн эс бүхий хагас шингэнээр дүүрсэн уутанцар бий болно. Эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол уйланхай цаашид томрон олон тооны шүдийг гэмтээнэ.

Заримдаа уйланхай өөрөө нээгдэн, цоорхой суваг үүсгэдэг. Энэ суваг нь уйланхайн хөндийг  гадаад орчинтой шууд холбож байдаг.

Үр дагавар

Гранулем, уйланхай шүдний ёзоорыг гэмтээхээс гадна үе үе сэдэрч бие махбодийг бүхэлд нь хямруулна. Энэ үед бие сулрах, халуурах, хүзүүний тунгалагын булчирхай томрон толгой өвдөх, буйл нь хавагнан тэсэхүйеэ бэрх өвдөж хацар дээр шүдний хаван үүснэ. Улмаар хэт даарах, хүнд ажил хийх, стресс, ханиад хүрэх тоолонд буйлны уйланхай сэдэрч өвддөг болно.

Шинж тэмдэг

Хүн тэр бүр шүд -ний уйланхайтай болсон гэдгээ мэдэх боломжгүй нь маш аюултай. Гаднаас харахад өвдсөн шүд нь эрүүл шүднээс бараг ялгагдахгүй, буйл ч хэвийн мэт байдаг. Хааяа нэг юм хазах үед эвгүй мэдрэмж төрөхөөс өөр шинж илэрдэггүй.

Оношлогоо

Шүдний уйланхайг рентгенээр харах гэсэн цорын ганц аргаар оношлох боломжтой. Иймд шүдний уйланхай үүссэн гэдгийг зөвхөн туршлагатай шүдний эмч л таамаглах боломжтой.

Эмчилгээ

Шүдний уйланхайг эрт оношлох тусам эмчилгээ нь хялбар байдаг. Ийм урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн цөөндөө жилдээ нэг удаа эмчид үзүүлж, өвдсөн байж болзошгүй шүднүүдээ шалгуулж байх хэрэгтэй. Ялангуяа 10, түүнээс олон жилийн өмнө ломбодуулсан, углуурга бүрхүүлтэй шүдийг сайн үзүүлж байх хэрэгтэй.

Саяхныг хүртэл шүдийг авч, буйлыг цэвэрлэх гэсэн ганцхан аргаар уйланхайг эмчилдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ чиглэлд нэлээд өөрчлөлт гарснаар шүдийг авалгүйгээр эмчлэх боломжтой болсон. Шинээр бий болсон аргуудыг мэс ажилбар, эмийн гэсэн хоёр хэсэгт хувааж болно.

Мэс ажилбаруудын дотор цистоэктоми буюу уйланхайг авах арга нь хамгийн их ашиглагддаг. Хагалгааны үеэр уйланхайг авч, шүдний гэмтсэн ёзоорыг тайрч авдаг. Хэдийгээр энэ арга нь 100% баталгаатай байдаг ч өндөр мэргэшил шаардсан хүнд хагалгаа тул хэр баргийн эмч хийж зүрхэлдэггүй.

Уйланхайг эмчлэхэд гемисекц гэдэг өөр нэг төрлийн мэс ажилбарыг бас хийдэг. Энэ нь арай зөөлөн мэс ажилбар бөгөөд шүдний гэмтсэн ёзоорын аль нэгийг авахаас өөр аргагүй үед хийдэг. Уйланхайг мэс заслын аргаар аваад гэмтсэн ёзоорыг, шүдний хэсгийн хамт тайраад үүссэн гэмтлийг углуурга бүрхүүлээр засдаг.

Гэхдээ шүд уйланхайн хөндий рүү унаж ганхсан, мөн юу ч үгүй шахуу болтлоо идэгдэж нурсан үед мэс ажилбар тус болохгүй. Ийм шүдийг авахаас өөр аргагүй байдаг.

Уйланхайг мэс заслын бус аргаар эмчлэх арга нь эмийн эмчилгээ юм. Өвчтөнд зовиур багатай, гранулемийг эмчлэхэд хамгийн тохиромжтой гэсэн давуу талтай ч 70% нь уйланхайг бүрэн устгадаг сул талтай.

Энэ эмчилгээний үед өвдсөн шүдийг өрөмдөн ёзоорын сувгийг туушд нь цэвэрлэнэ. Уйланхай нь шүдний ёзоор хэсэгт байрладаг тул ингэж цоолсны дараа доторх шингэн нь гадагш урсан гарах боломжтой болно. Дараа нь ёзоорын сувгийг ариутгагч шингэнээр сайтар угааж цэвэрлээд уйланхайн ханыг идэж байдаг нянгийн эсрэг үйлчилгээтэй эм хийнэ. Ийм замаар уйланхайн хөндийг  нян, гэмтсэн эсээс бүрэн цэвэрлэсний дараа хөндийг тусгай оогоор дүүргэнэ. Ингэснээр гэмтсэн ясны эдийн оронд шинэ, эрүүл эс ургах боломжтой болно. Үүний дараа шүдийг ломбодоод хүлээдэг. Хагас жилийн дараа рентген зураг авахуулахад уйланхай үүсээгүй бол эмчилгээг амжилттай болсонд тооцно.

Шүдний уйланхай буюу кистаг эмчлэх депофрез нэртэй өөр нэгэн аргыг хэдэн жилийн өмнө Оросын мэргэжилтнүүд зохиосон юм. Энэ аргын үед шүдний өрөмдөж томруулсан суваг руу зэс кальцийн гидроокисийг оруулна. Үүний дараа сул цахилгаан гүйдлийн нөлөөгөөр оруулсан холимог нь шилжин хөдөлж шүдний өрөм хүрэх боломжгүй хэсгүүд рүү нэвтэрч, гэмтсэн эс, нян устгаж эхэлнэ. Ийнхүү депофрезийн гурван удаагийн эмчилгээ хийсний дараа цэвэрлэсэн шүдийг ломбоддог. Ингэхэд дотор нь үлдсэн холимог нь илаарших үйл явцыг хянаж байдаг. Энэ аргаар шүдний уйланхайг 95% хүртэл үр дүнтэйгээр эмчлэх боломжтой том давуу тал юм. Гэвч энэ эмчилгээг хийхээд шаардлагатай тоног төхөөрөмж хомс байдаг нь сул тал нь гэж болно.

Leave a Reply