Хиймэл шүд

Сайн мэдэхгүй хүнд бол хиймэл шүд нь хуванцар, эсвэл резин ч гэмээр эдээр хийгдсэн энгийн зүйл мэт санагдах байх. Үнэн хэрэг дээрээ хиймэл шүд нь нэлээд нарийн бүтэцтэй биомеханик хийц юм.  Хиймэл шүдний хамгийн гол зорилго нь алдагдсан шүдийг амьд шүднээс ялгагдахгүйгээр нөхөн сэргээх.

Хүний шүдний бүтэц мэдэгдэхүйц их алдагдаснаар шууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болох, тоо нь цөөрсөн, гоо сайхны хувьд согогтой тохиолдолд хиймэл шүд буюу шүдний протезээр орлуулдаг.

Шүдний протезийг шүдний согог заслын эмч хийнэ. Эмч нь шүдийг зөвхөн орлуулах төдийгүй үлдсэн шүднүүдийг удаан хугацааны туршид бүрэн бүтэн байлгаж чадахуйц тийм хийцтэй хиймэл шүдийг бэлдэж өгөх ёстой. Хиймэл шүдний чанарт эмчийн мэргэшлээс гадна эмнэлгийни техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал ихээхэн нөлөөлдөг.

Бэхлэгддэг протезүүд

Бэхлэгддэг буюу авагддаггүй протезийг шүдэн дээр тусгай цементээр бэхэлдэг. Бэхлэгддэг протезүүдийг дараах байдлаар хуваадаг, үүнд :

  • Хавчуулга
  • Бүрээс
  • Дамнуурган протез
  • Цавуутай протезүүд,
  • Винир

Хавчуулга

Хавчуулгыг тухайн хүнээс авсан хэвийн дагуу лаборатрид хийдэг. Энэ нэг ёсондоо керамик ба компомер эдээр хийгдсэн өндөр нарийвчлалтай бат бэх хийгдсэн нэгэн төрлийн ломбо юм. Шүд хэт их эвдэрсний улмаас шаардлага хангасан чанартай ломбо тавих боломжгүй үед хавчуулгыг хийдэг. Дээхэн үед ингэж эвдэрсэн шүдэнд бүрээс хийхийн тулд үрж хэлбэрийг нь өөрчилдөг байсан. Харин орчин үед шүдний эвдэрсэн хэсгийг дуурайлган хийгээд тусгай цементээр бэхэлдэг болсон.

Төмөр керамик бүрээс

Харин шүд маш ихээр эвдэрсэн, эсвэл өнгө нь өөрчлөгдөж харласан үед төмөр керамик бүрээс хийхээс өөр аргагүй. Үүний тулд гэмтсэн шүдийн амьд эс, мэдрэлийн эсийг авч, үрж шовх болгоод дээрээс нь эрүүл шүдийг дуурайлган хийсэн бүрээс угладаг.

Дамнуурган протез

Нэг, түүнээс олон шүд байхгүй үед алдагдсан шүдийг нөхөх шаардлагатай болно. Урьд нь энэ зорилгоор дамнуурган протез гэгддэг ганцхан төрлийн хийцийг ашигладаг байсан.  Ингэхдээ алдагдсан шүдний хоёр талын шүдийг гэмтсэн, эрүүлээс нь үл хамаараад засч шовхлоод дээр нь дамнасан бүрээс углан бэхэлдэг байсан. Туршлага багатай эмч нар шүдний зөөлөн эдийг гэмтээж, өвдөлт үүсэхээс сэргийлэн эрүүл шүдний мэдрэлийн авдаг байсан. Дамнуургын тулгуур болж байгаа шүднүүд нь ганхахаас эхлээд өвдөх хүртэл олон сөрөг талтай. Улмаар байхгүй болсон шүдийг тогтоож байсан яс нь ажилгүй болж шимэгддэг нь нэлээд таагүй зүйл юм.

Харин орчин үед алдагдсан шүд байсан газар эрүүний ясанд имплантанд буюу тусгай эдээр хийгдсэн гол суулгадаг болсон. Ийм гол дээр суурьлуулсан бүрээсний хэвийн ажиллах хугацаа ч урт, физиологийн хувьд ч хүнд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Гэхдээ имплантанд суулгах хориотой, эсвэл хэт их цаг авах тохиолдолд цавуут дамнуурган протезийг ашигладаг болсон. Хамгийн сүүлийн үед гарч ирсэн тусгай материалуудыг ашиглан дамнуурга бэлдээд зэргэлдээх шүднүүдэд тусгай цавуугаар наадаг. Ингэхэд зэргэлдээх шүднүүд гэмтдэггүй ч ажиллах хугацаа нь 5 жилээс ихгүй байдаг.

Винир

Винир нь инээмсэглэхэд оролцдог шүдний өнгө, хэлбэрийг засахад ашигладаг ялтас юм. Винир нь маш нимгэн керамик ялтас бөгөөд шүдэнд нааж бэхэлдэг. Голливудын одуудын гялалзсан, өөгүй инээмсэглэлийн гол ачтан нь винир байдаг. Гоо сайхантай холбоотой болохоор эмчээс ихээхэн өндөр мэргэшил, мэдрэмж шаарддаг.

Leave a Reply