Жирэмсний үеийн судасны өргөсөлт

Ерөнхий

Хамгийн хүнд тохиолдлуудыг нь эс тооцвол хураагуур судасны өргөсөлт өвчин нь жирэмслэлтийг хориглосон заалт болдоггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн венийн зангилааны өргөсөлт үүсэх шалтгааны нэг нь жирэмслэлт, төрөлт байдаг гэдгийг санаж,  энэ өвчний шинж тэмдэг илрэх, өвдөх магадлал өндөртэй бол судасны эмгэг судлагч  буюу флеболог эмчид хандах хэрэгтэй.

Хураагуур судасны өргөсөлт нь архаг өвчин бөгөөд жирэмсний үед байнга даамжирч байдаг юм. Хураагуур  судас өргөсөх өвчин хүндрэх эрсдэл нь ч жирэмснй үед мөн нэмэгддэг.Төрөлт болон төрсний дараах үед венийн судсанд бөглөрөл үүсэх нь эх, хүүхдийн амьдралд аюулт учруулж мэдэх ноцтой асуудал юм.

Шалтгаан
Жирэмсэн үед бие махбодод дааврын өөрчлөлт явагддаг. Үүний нөлөөгөөр хүний биед төрөлтийг хялбар болгоход чиглэсэн үеийн хөдөлгөөн ихсэх, холбоос зөөлрөх зэрэг өөрчлөлтүүд гарахын сацуу хамт хураагуур судасны хана зөөлөрдөг байна. Ийм үед хураагуур буюу венийн судас ны эмгэг өөрчлөлт явагдахад таатай орчин бүрдэнэ.

Томорсон умай нь бага аарцгийн хураагуур судсыг дарснаар хөлнөөс цус чөлөөтэй урсан гарахад саад үүснэ. Гэтэл энэ үед бага аарцаган дахь цусан хангамж эрс нэмэгдэснээр венийн судаснуудын ачаалал ч нэмэгдсэн байдаг.

Венийн судас өргөсөхөд нөлөөлдөг хүчин зүйлс:
• Удамшлын хүчин зүйлс
• Жирэмслэхээс өмнө хураагуур судас болон хялгасан судаснууд дангаараа буюу хослон өргөссөн байх
• Биеийн жин хурдан нэмэгдэх ба илүүдэл жин
• Хөдөлгөөний дутагдал
• Халуун газар, эсвэл наранд удаан хугацаагаар байх
Хоёр ба түүнээс олон удаа жирэмслэж байгаа эмэгэтйчүүд эдгээр хүчин зүйлсэд илүүтэй анхааралтай хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт ба эмчилгээ

Жирэмсний үед эмчийн заалтгүйгээр биеийн тамираар хичээллэх, хөдөлгөөнийхөө идэвхийг эрс багасгах онц шаардлагагүй. Харин ч эсрэгээр хөдөлгөөнийхөө идэвхийг байж болох хамгийн идэвхтэй түвшинд хадгалахын тулд эмчээс нарийвчилсан зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээрээ судсанд өргөсөлттэй холбоотой эмгэг өөрчлөлт гарахаас сэргийлнэ. Харин жирэмслэхээс өмнө биеийн тамираар хичээллэдэггүй байсан бол судасны цусны эргэлтийг сайжруулдаг энгийн дасгалуудыг хийдэг болох хэрэгтэй.

Гэхдээ жирэмсэн үеийн хураагуур судасны өргөсөлтөөс сэргийлэх, эмчлэх хамгийн аюулгүй, үр дүнтэй арга нь бие барьсан тусгай сүлжмэл эдлэл хэрэглэх явдал гэж үздэг. Эм хэрэглэж болохгүй үед эмчилгээний сүлжмэл эдлэл нь урьдчилан сэргийлэх цорын ганц арга байдаг.

Ийнхүү тусгай аргаар сүлжсэн оймс, триког жирэмсний үед болон төрсний дараах 6-8 долоо хоногийн хугацаанд байнга өмсөх хэрэгтэй. Төрөх үед болон төрсний дараа судсанд нөжрөлт үүсэн бөглөрөхөөс сэргийлсэн оймс өмсөх хэрэгтэй. Орчин үеийн эмчилгээний оймс нь гаднаас нь харахад ердийн оймс, триконоос ялгагдахгүй болсон бөгөөд өдөр болгон өмсөхөд эмчилгээнийхээ чанарыг хагас жилийн хугацаанд алдалгүй хадгалах чадвартай.

Гэхдээ эмчилгээний зорилгоор ердийн сүлжмэл оймс, триког биеийн хэт барьдаг болохоор өмсөхөд тохиромжгүй төдийгүй хориотой байдаг. Эмчилгээний сүлжмэл эдлэл нь биед үзүүлэх даралтаа хувиарлаж байдгаараа ердийн сүлжмэлээс онцлог. Тухайлбал, судас өргөсөхийн эсрэг үйлчлэлтэй триконы даралт нь шагайны орчим 100% байгаад, өвдөгний орчим 75% болж багасаад, гуяны орчим 50% болоод цавины орчим 20% болж буурдаг. Ингэж үе мөчөнд үзүүлэх даралтаа хувиарласнаар цусны эргэлтийг мэдэгдэхүйц хурдасгадаг.

Харин галбир сэргээх үйлчилгээтэй сүлжмэл эдлэлийн даралт нь жигд байдаг бөгөөд эмчилгээний ямар нэг нөлөөгүй. Ингээд ч зогсохгүй судас өргөсөлтрийн эсрэг үйлчилгээтэй трико, оймсны хэмжээ, даралт үзүүлэх чадварыг нь өвчтөн өрөө үзэмжээрээ бус харин мэргэжлийн эмч зааж өгдөг. Ийм сүлжмэл триког өглөөд орноосоо босолгүйгээр хөлөө өндийлгөн өмсдөг. Ингэх үед хөлийн судасны хэлбэр нь хамгийн зөв байдалтай болдог.

Жирийн сүлжмэл эдлэлийн нягтрал, үзүүлэх даралтыг DEN-ээр хэмждэг бол эмчилгээний зориулалттайг нь мөнгөн усны баганын миллиметрээр хэмждэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд хэрэв судас өргөсөхийн эсрэг үйлчилгээтэй гэсэн тодолтгой атлаа даралтыг нь DEN-ээр заасан байгаа бол “хульхи” бүтээгдэхүүн юм.

Эмчилгээний трико нь үзүүлдэг даралтаасаа шалтгаалан 4 зэрэглэлтэй байдаг.

1-р зэргийнх нь хавагнах хандлагатай болон судас өргөсөх өвчний эхний шатанд судас өргөсөхөөс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 18,4-21,1 миллиметр даралт үзүүлдэг.

2-р зэрэглэлийнх нь судас өргөсөх өвчин,  эрсдэл ихтэй үед гүнийн судсанд бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 25,2-32,3 мм даралт үзүүлнэ.

3-р зэрэглэлийнх нь венийн судас бөглөрөлийн дараах үүсэх өвчин, яршилттай судас өргөсөх өвчин, тунгалаг судасны дутмагшил зэргийн үед өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 36,5-46,6 мм даралт үзүүлнэ.

4-р зэрэглэлийнх нь  венийн системийн төрөлхийн гажиг зэрэг хүнд тохиолдолд өмсөх бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 59 мм-ээс дээш даралт үзүүлнэ.

Гэхдээ судас хатуурах, эндартрит, Рейногийн хам шинж, чихрийн шижингийн гаралтай судасны гэмтэл,  2-3 зэргийн зүрхний титэм судасны дутмагшил, шалтгаан нь тодорхойгүй арьсны үрэвсэл зэрэг өвчний үед эмчилгээний триког өмсөхийг хориглодог.

Дахин давтан хэлэхэд хэрэв танд хураагуур судасны өргөсөлт байвал жирэмсний хугацаандаа хураагуур судасны эмчийн ажиглалтанд бай.

3 Comments

  1. Odko

    Энэ нийтлэлийг цаг заваа гарган бичсэн хүнд баярлалаа. Уг нь хураагуур судас гэж яг югаа хэлээд байгаа, энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг, үүнээс яаж урьдчилан сэргийлж болох зэрэг мэдээллийг оруулбал мань мэтийин энэ талаар ямар ч мэдлэггүй хүмүүст илүү хүрэх болов уу?

  2. жигүүр

    сайн байна уу

  3. Narna

    Баярлалаа,Энэ их муухай өвчин байна лээ төгс эдгэдэггүй юм шигээ тромбо үүссэн нөхцөлд триконоос өөр эмчилгээ бий юухагалгаа хийлгэж болдог юмуу

Leave a Reply