Цусны биохимийн шинжилгээ. Креатинин

Креатинин нь уургийн солилцооны бүтээгдэхүүн юм. Креатинин нь элгэнд үүсээд дараа нь цусанд ялгардаг.Креатинин нь булчингийн болон бусад эдийн энергийн солилцоонд оролцдог. Креатининийг бөөр ялган шээсээр гадагшлуулдаг тул креатинин нь бөөрний үйл ажиллагааны янз байдлыг тодорхойлогч чухал үзүүлэлт юм.

Креатинины цусан дахь хэмжээ нь булчингийн массаас шалтгаалдаг тул эрэгтэйчүүдийн цусан дахь хэвийн хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс гол төлөв өндөр байдаг. Мөн булчингийн масс богино хугацаанд хурдан өөрчлөгддөггүй болохоор креатининий цусан дахь хэмжээ нь хангалттай тогтвортой хэмжигдэхүүн юм.

Креатинины хэвийн хэмжээ

Эмэгтэйчүүдэд 53-97 мкмоль/л, эрэгтэйчүүдэд 62-115 мкмоль/л. Нэг ой хүртэлх насны хүүхдэд 18-35 мкмоль/л, Нэг ойтойгоос 14 хүртэлх насны хүүхдэд 27-62 мкмоль/л.

Бөөр, ясны булчингийн байдлыг оношлоход цусан дахь креатининыг хэмжээг тодорхойлох шинжилгээ хийдэг.

Креатинины хэмжээ нэмэгдсэн байх нь бөөрний архаг болон хурц дутмагшил, туяаны өвчин, бамбай булчирхайн хэт ажиллагааны шинж тэмдэг байж болно. Мөн зарим төрлийн эм уух, шингэн дутагдах, механик гэмтэл, эсвэл мэс заслын улмаас булчин гэмтэхэд креатининий хэмжээ нэмэгддэг. Мөн мах, махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь креатинины хэмжээ өндөр байж болно.

Харин өлсөх, цагаан хоолны дэглэм барих, булчин масс буурах, жирэмсний 1-2 үе, кортикостероид уусны дараа креатининий хэмжээ буурсан гарч болно.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply