Цусны биохимийн шинжилгээ. Кали

Potassium, кали нь эсийн дотор агуулагддаг бөгөөд биеийн усны тэнцвэрийг тогтоон барих, зүрхний хэмнэлийг хэвийн болгох үйлчилгээтэй. Мөн ухаан санаа саруул байхад нөлөөлөх, тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцох, биенээс шаараг гаргахад туслах, дархлал сэргээгчийн нөлөө үзүүлэх, даралт буурахад нөлөөлөх гээд олон үйлчилгээтэй.

Хоол хүнснээс авах, хүний биенд хуваарьлагдах ба биенээс гадагшлуулагдах гэсэн явцаас хүний бие дэх калийн хэмжээ нь хамаарч байдаг. Кали нь хүний биенд хуримтлагдаггүй болохоор бага зэргийн дутагдал нь л мэдрэл, булчингийн эдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулан, гэдэсний түгжрэл, шээсний хэмжээ ихсэх г.м. таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Кали нь нимбэг, жүрж, зэрэг жимс, ногоон навчтай бүх хүнсний ногоонд, гаа, наран цэцгийн үр, гадил/банан, төмсөнд агуулагддаг. Үүнээс гадна биен дэх калийн агуулгыг нэмэгдүүлэх зориулалттай тусгай бэлдмэлүүд байдаг. Гэвч ийм бэлдмэлүүдийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Учир нь байх ёстой хэмжээнээсээ давч гарсан өндөр агуулга нь хүнийг хордуулдаг.

Калийн хэвийн хэмжээ

Нас   Цусан дахь калийн хэмжээ, ммоль/л

12 сар хүртэлх   4,1 – 5,3

12 сараас 14 нас хүртэл  3,4 – 4,7

14-өөс дээш нас  3,5 – 5,5

Цусан дахь калийн агуулга хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн байхыг гиперкаликеми гэдэг бөгөөд дараах эмгэг өөрчлөлтийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– эсийн гэмтэл /цусын эс задрах, удаан хугацаанд өлсөх, шөрмөс татах, хүнд гэмтэл, гүн түлэгдэлт/

– шингэний дутагдал

– шок

– ацидоз /биеийн эд эс дэх хүчлийн агуулга өндөрсөх/

– бөөрний хурц дутмагшил

– бөөрний булчирхайн дутмагшил

– шингэж байгаа калийн давсны хэмжээ ихсэх

Мөн хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг болон бусад үйлчилгээтэй зарим эм, бэлдмэлийг уусны дараа калийн түвшин өндөрсдөг.

Сэтгэл санааны болон биеийн хэт ачаалал нь калийн дутагдалд хүргэж болно. Мөн этилийн спирт, кофе, сахар, шээс хөөх үйлчилгээтэй бэлдмэлүүд нь калийн үйлчилгээг буруулдаг. Мөн чихэрлэг зүйл хэт их иддэг, хоол сойх дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм барих үед калийн дутагдал үүсч болно. Кали агуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх замаар калийн дутагдлыг нөхөх боломжтой.

Үүнээс гадна дараах эмгэг өөрчлөлтийн үед цусан дахь калийн түвшин нь хэвийн хэмжээнээсээ багассан /калийн дутагдлыг гипокалиеми гэнэ/ байдаг , үүнд:

– гипогликеми /цусан дахь глюкозын дутагдал/

– усан хаван

– гэдэсний цоорхой

– өлсгөлөн

– удаан хугацаанд бөөлжих, гүйлгэх

– бөөрний үйл ажиллагааны дутагдал, бөөрний дутмагшил

– бөөрний булчирхайн ялгаруулдаг дааврын түвшин хэвийн хэмжээнээс өндөр байх

– магнийн дутагдал

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply