Монголчуудын 50 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг

Сүүлийн үед архидан согтуурах явдлаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэж судлаачид үзэх болов. Түүний хохирогчид нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд болж, биеийн болон сэтгэл санааны дарамтад орсноос сэтгэцийн хямралд өртөн, эрүүл мэнд төдийгүй амь насаараа хохироход хүрч байна.


Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр 1995 оноос хойш үйлчлүүлэгсдийн бүртгэлд хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл урьд жилүүдийнхээс 2,5 хувиар өссөн дүн гарчээ. Амьдрал дээр архичин эцэг, эхчүүдийн 50 хувь нь хүүхдүүдээ хүчирхийлдэг бол гэр бүлийн аль нэг гишүүний согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн хор хөнөөлийг эмэгтэйчүүд гол төлөв амсдаг байна. Олон улсын судалгаагаар аливаа хүчирхийллийн 98 хувийг эрүүл хүн, хоёр хувийг сэтгэцийн өвчтэй хүмүүс үйлддэг ба нийт хүчирхийллийн 95-98 хувийг эрчүүд үйлддэг гэжээ.

ЭМШУИС-ийн магистрант, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сэтгэцийн эмч Б.Пүрэвжаргал тус нэгдлийн сэтгэц наркологийн кабинет, “Боржигоны оточ” эмнэлэгт үзүүлсэн өвчтөнүүдийн шалтгаан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарын сэтгэцийн хямралыг илрүүлэх замаар санамсаргүй биш түүвэрлэлтийн аргыг ашиглаж 59 хүнийг сонгон судалгаа хийсэн байна.

Ингэхдээ ЭМШУИС-ийн Био анагаахын ёс зүйн зөвлөлийн хурлаар батлагдсан аргачлалыг ашиглажээ. Судалгаанд хамрагдсан 57 эмэгтэй, хоёр эрэгтэйн санал асуулгын хариултаас харахад ажилгүй хүмүүс, ялангуяа 30-39 насныхан гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртөмтгий байна. Тэдний 80 хувь нь хүчирхийллийн шалтгааныг архидалтаас үүдэлтэй гэсний дотор 13,8 хувь нь биеийн идэвхтэй, 37,3 хувь нь биеийн идэвхгүй, 33,9 хувь нь сэтгэл санааны, 15,3 хувь нь бэлгийн идэвхгүй хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулжээ. Сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэхэд 30,2 хувь нь нойрны эмгэгтэй, 26,5 хувь нь сэтгэл түгших, 33,3 хувь нь сэтгэл гутрах хандлагатай байна.

Гэтэл улсын хэмжээнд наркологийн нэр хаяггүй зөвлөгөө өгдөг, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлдэг эмнэлэг хангалтгүй байна. Хүмүүсийн дунд зөвхөн янз бүрийн дуслын шингэн хийлгэчихвэл болох юм шиг ойлголт түгээмэл байдаг ажээ. Сэтгэл зүйн талаар эмчлэх, архидалтаас ангижрахад нь туслах ажил илт үгүйлэгдэж байгаа нь нууц биш. Одоогоос 10 жилийн өмнө буюу 1997 оны байдлаар Монгол Улсын хүн амын 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдгийн найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байсныг доктор, профессор Л.Эрдэнэбаярын удирдсан судалгааны дүн харуулсан. НYБ-ын 1998 оны судалгаагаар насанд хүрэгчдийн 12,7 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн бол 2005 онд ДЭМБ-аас Монгол Улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидемиологийг судалсан тайланд хамрагсдын 13,6 хувь нь нэгэнт архинд донтох эмгэгтэй байсны дотор эрэгтэйчүүд 22, эмэгтэйчүүд таван хувийг эзэлжээ.

Иймээс архидалтаас урьдчилан сэргийлэх, архинд донтох өвчтөнийг эмчлэх, тэдний гэр бүлд мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэх, өртөг багатай ч чанартай эмчилгээ үйлчилгээ явуулах зорилгоор наркологийн сэтгэл зүйн эмчилгээний аргыг Монголын уламжлалт анагаах ухааны эмийн бус эмчилгээний аргатай хослуулан эмчлэх “Боржигоны оточ” эмнэлэг үүдээ нээгээд байна. Тус эмнэлгийн эрхлэгч Б.Пүрэвжаргал:

-Манайх сэтгэцийн болон донтох эмгэгийн улмаас бие махбодь, сэтгэл санааны өвчтэй болсон иргэд, тэдний гэр бүл болон ойр дотнын хүмүүсийг оношлох, мэдээллээр хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмгэгийг эрт илрүүлж, өвчтөнийг ганцаарчилсан буюу бүлгээр сайн дурын үндсэн дээр нэр хаягийг нь нууцалж эмчлэх үйл ажиллагаа явуулна. Мөн сэтгэцийн болон донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт сурталчилгаа хийхийн хамт хөдөөгийн хүн амд ч хүрч үйлчлэх зорилготой хэмээн ярьж байна. Тус эмнэлэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн IҮ хороонд байдаг Монкор төвийн хажуу дахь 18 дугаар байрны 36 тоотод байрладаг ажээ.

Хэрэв Та болон танай гэр бүлийн хэн нэг нь ууж буй архиндаа хяналт тавьж чадахгүй, архидан согтуурах явдлаа хазаарладаггүй, цааш даварч уудаг, маргааш нь бие тавгүйрхэж архиар шараа тайлдаг, улмаар олон хоногоор үргэлжлүүлэн ууж, ааш зан нь эвдэрч агсам тавьдаг, бодит байдлаа үгүйсгэж худлаа ярьдаг зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж яаралтай тусламж авахаас өөр аргагүй болсон гэсэн үг.

Монголчуудын тал хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Монгол Улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийг эпидемиологийг судалсан тайланд насанд хүрэгчдийн 43,6 хувь нь согтууруулах ундааг долоо хоногт 1-3 стандарт уулт, 47,5 хувь нь гурван стандарт уултаас илүү хэрэглэж, түүнд зарцуулсан мөнгөний хэмжээг нэг хүнд ногдох сарын орлоготой харьцуулахад ихээхэн өндөр гарсан баримтаас харж болно.

Leave a Reply