Согтуурал гэж юуг хэлэх вэ?

Бие хүн болон нийгэмд сэтгэл санаа, ёс суртахуун, эрх зүйн хэм эмжээ, эд материалын болон биологийн хохирол учруулах хэлбэрээр архийг хэтрүүлэн хэрэглэхийг согтуурал гэж үздэг.


Согтууруулах ундааг хэрэглэсний улмаас үүсэх мэдрэл сэтгэцийн өөрчлөлтүүдийг согтолт буюу архины хурц хордлого гэнэ.

Архины энгийн согтолт

Архины энгийн согтолт нь архины хурц хордлогын хамгийн олон тохиолддог хэлбэр юм.Үүнээс хөнгөн зэргийн согтолтын үед бие сэтгэл тайвширч ихэд амарлингуй болно. Дунд зэргийн согтолтын үед сэтгэл хөөрлийн байдлыг дагалдан хилэгнэх, гомдох, зэрэг сэтгэл тавгүйдлийн шинж илэрнэ. Харин архины хүнд согтолтын үед ухамсарт ухаан балартана. Энэ үедээ орон зай,цаг хугацааны баримжаа алдах ба аливааг ухаарах чадваргүй болно. Ой тогтоомж суларна. Иймээс болсон үйл явдлыг эргэн санаж чадахгүй. Үүнийг ойгүйдлийн шинж тэмдэг гэнэ.

Архины хэв шинжит бус согтолт

Архины энгийн согтолтын хэв шинжит бус хэлбэрүүд нь энгийн согтолтын дээрхи шинжүүдээс зарим талаараа ялгаатай. Хэв шинжит бус согтолтын үед сэтгэцийн өөрчлөлтүүд зонхилон илэрдэг. Тэрхүү сэтгэцийн өөрчлөлтүүд архины энгийн согтолтоос ялгаатай бөгөөд яаралтай арга хэмжээ авахыг шаарддаг. Хэв шинжит биш согтолтын үед нийгэмд онц аюултай гэмт хэрэг үйлдэх нь олонтаа.

Эмгэг согтолт

Эмгэг согтолт нь байнгын эсвэл түр зуурын хугацаагаар үргэлжилдэг бөгөөд ямар нэг өвчин эмгэгийн суурин дээр үүсэн хөгждөг хурц солиорол юм. Эмгэг согтолт үүсэхэд нөлөөлдөг суурь өвчний тоонд тархины гэмтлийн мэдэгдэхүйц үлдэц шинж тэмдэг бүхий мэдэрлийн органик өвчнүүдийн суурин дээр үүсдэг болохыг судлаачид тогтоожээ.

Архи- үр удам

ДЭМБ-ийн мэдээнээс үзэхэд архидалт ба түүнтэй холбогдон үүссэн өвчин эмгэгээс шалтгаалан нас барах явдал зүрх судас ба хорт хавдрын дараа буюу гуравдугаар байранд орж байна. Эцэг эхийн архидалтын улмаас ураг-зулбах,оюун ухааны хомсдол, унаж татах өвчин , хүүхдийн тархины саа, нүд болон олон эрхтний төрөлхийн согог зэрэг янз бүрийн өвчин эмгэгүүд үр хүүхдэд тусдаг байна.

Leave a Reply