Зүрхний цусан хангамж хомсдох

Зүрхний цусан хангамж хомсдох өвчин гэдэг нь зүрхний булчинг цусаар хангадаг титэм судасны цусан хангамж хурц эсвэл архагаар хямардаг зүрх судасны хурц болон архаг өвчнүүдийн бүлгийг холбосон нэр томъёо гэж мэргэжилтнүүд үздэг. Зүрхний цусан хангамж хомсдох өвчин нь хэд хэдэн хэлбэртэй.

Ерөнхий

Үүнд:

  • цээжний бах
  • зүрхний шигдээс
  • зүрхний архаг дутагдал.

Иймд зүрхний хурц шигдээс, титэмийн гэнэтийн дутагдлаар нас барах зэрэг нь титэм судасны цусан хангамжын хурц алдагдлын өвчин юм. Титэм судасны цусан хангамжын архаг алдагдал (зүрхний цусан хангамж хомсдох архаг өвчин) нь цээжний бах, янзбүрийн зүрхний хэм алдагдал эсвэл зүрхний цусан хангамж хомсдох  өвчнийг дагуулсан ба дагуулаагүй  зүрхний дутагдалаар илэрнэ.

Янз бүрийн орнуудад зүрхний цусан хангамж хомсдох өвчин нас баралт, хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан болж байна. Энэ өвчин нь гэнэт нас баралтын, ялангуяа эрчүүдийн дундах гэнэт нас баралтын хамгийн тархсан шалтгаан юм. 

Шалтгаан

Зүрхний цусан хангамж хомсдох өвчин гэдэг нь зүрхний булчингын хүчилтөрөгчийн хэрэгцээ ба хангалтын тэнцвэрт байдал алдагдснаас үүдэн зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдал үүсч, бодисын солилцооны хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагдан өвдөлт өгөхийг хэлнэ. Титэм артерийн цусны урсгалын алдагдлын шалтгаан нь судас хатуурал, судасны агшилт юм. Зүрхний цусан хангамж хомсдох өвчний үндсэн хүчин зүйлд наснаас гадна тамхи татах, артерийн даралт ихсэх, хяналтгүйгээр эмийн бэлдмэл уух зэрэг орно.

Явц

Хүчилтөрөгч дутагдах шалтгаан болсон титэм артерийн судасны бөглөрөлийг судас хатуурлын товруу, нөж, титэм артерийн судасны агшилт зэрэг нь тус тусдаа, эсвэл тэдгээр хавсарч үүсгэнэ. Титэм артерийн судасны дамжуулалт алдагдах нь зүрхний булчингын цусны хомсдлыг үүсгэснээр зүрхний булчинд очих цус ба хүчилтөрөгч дутагдана.

Холестерин, кальци хуримтлагдах, титэм судасны хананд холбогч эд ургах зэргээс үүдэн судасны хананы дотор бүрхүүл нь хатууран, судасны хөндий нь нарийсна. Титэм судас хэсэгчлэн нарийссанаар зүрхний булчингийн цусан хангамж хязгаарлагдан цээжний бах үүсч, цээжин дотор базалж өвдөнө. Ихэвчлэн зүрхний ачаалал ихсэхийг дагалдан хүчилтөрөгчийн хэрэгцээ нь ихсэхэд ингэж өвдөлт өгдөг.

Титэм судасны нарийсал нь дотор нь нөж буюу тромб үүсэхэд таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Титэм судасны бөглөрөл нь зүрхний шигдээс (зүрхний эд үхжин сорвижно) үүсч, зүрхний агшилтын хэмнэл алдагдах зэрэг таагүй үр дагавартай.

Оношлогоо

Зүрхний цусан хангамж хомсдох өвчний гол оношлогоо нь судасны хөндийг сэтгүүрдэх юм. Зүрхний хөндийд вен ба артериар нь урт уян хоолой оруулна. Хаймсуурын хөдөлгөөнийг зурагтын дэлгэцээр харж чиглүүлэн явахдаа ямар нэг гаж холбоос байгаа эсэхийг шалгана. Зүрхэнд тусгай тодруулагч бодисыг шахан хөдөлгөөний дүрслэлийг харж титэм артерийн судасны нарийссан эсэх, хавхлагын битүүрэл алдагдсан эсэх, зүрхний булчингын үйл ажиллагаанд алдагдал гарсан эсэхийг хянана.
Түүнээс гадна зүрхний эхо, изотоп сканер ашигладаг.

Эмчилгээ

Зүрхний цусан хангамж хомсдох өвчнийг эмчийн зөвлөсөн зүрхний ачааллыг багасгах, цусны даралтыг буулгах, зүрхний хэмнэлийг засах, эсвэл титэм артерийн судсыг өргөсгөх эмийн бэлдмэлийг хэрэглэх замаар хийгддэг. Нарийссан артерийг механик аргаар титэмийн ангиопластик аргын тусламжтайгаар өргөсгөж болно. Ийм эмчилгээ нь үр дүнгүй болсон үед зүрхний мэс засалч венийн судаснаас авсан хэсгээр залгаас хийж цусны урсгалыг артерийн нарийссан хэсгийг тойруулан явуулдаг.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.