Метилийн спирт, модны спирт, техникийн спирт

Шинэ жилээр Багануурт метилийн спирээт найруулж хийсэн архинд олон хvн хордож 10 гаруй нь нас барсан тухай мэдээ олон хvнийг цочирдуулсан. Гэвч дийлэнх хүн метилийн спирт гэгч юу байдаг, ямар vйлчилгээтэй, яагаад хордуулдаг, хордсон үед анхны тусламж яаж vзvvлэх талаар мэдэхгvй байна. Иймд энэ талаар тодруулга өгөх нь зүйтэй гэж бодлоо.

Метилийн спирт буюу метанолыг хар ярианд модны, техникийн спирт гэдэг. Дээхэнэ үед модыг хуурайгаар нэрэх аргаар гаргаж авдаг байсан болохоор модных гэдэг нэртэй болсон. Харин хэрэглэхдээ лак, будагч зэрэгт уусгагч, бензиний октаны тоо нэмэгч, уксусны хүчил, формалин гаргаж авах зэргээр ашигладаг болохоор техникийн спирт гэдэг болжээ.

Юуны өмнө метилийн спиртийг хор гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Химийн томъёо нь СН3ОН. Гэхдээ гай болоход энэ хор нь этилийн спирт буюу хvнсэнд хэрэглэж болдог спирттэй төстэй хурц үнэр, амттай тунгалаг шингэн. Магадгvй ийм ч болохоор үнэрлэж, амтлаж “экспертиз” хийгээд л ууж болох юм байна гэж боддог биз.

Шалгах арга

Гэтэл архийг метилийн спиртээр найруулж уу, эсвэл метилийн спирт өөрөөр хэлбэл хороор найруулж уу гэдгийг шалгах хялбар арга байдаг аж. Үүний тулд зэс утсыг гал дээр барьж улайсгаад архинд дүрэх хэрэгтэй. Хэрэв метилийн спирт байгаа бол формалины юутай ч андуурашгүй, хурц үнэр үнэртэнэ. Өөрөөр хэлбэл морг буюу цогцос хадгалах газраас үнэртдэг үнэр гарна. Формалиныг цогцсыг муутгахаас сэргийлэх зорилгоор ашигладаг болохоор тэр.

Шалтгаан

Метилийн спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальгедгид гэсэн хоёр хүчтэй хор болдог. Энэ хоёр хор нь л хүнийг хордуулж үхэлд хүргэдэг юм байна.

Шинж тэмдэг

Хэр их ууж, хэр их хордосноос болоод хордлогын шинж тэмдэг нь хоорондоо бага зэрэг ялгаатай байна.

Хөнгөн хордсон үед хурдан цуцах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараанд бага зэрэг гажиг орж нүд жирэлзэх, эд зүйл манантаж харагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хордлого хөнгөн болохоор бие сайтай хүмүүсийн хувьд шинж тэмдэг нь 2-7 хүртэл хоног ажиглагдаж байгаад аажмаар арилна. Маш бага хэмжээгээр уусан үед л тэр шүү дээ.

Багаас арай их хэмжээгээр уусан, өөрөөр хэлбэл дунд зэргийн хордолттой үед хурдан цуцах, толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих шинжүүд нь илүү хүчтэй илрэх бөгөөд 1-2 хоногийн дараа сохордог. Мөн л хувь хүний онцлогоос шалтгаалаад хараа аажмаар, удаанаар сэргэх ч хэсэг хугацааны дараа ахин муудна. Бие сайтай хүн амьд үлдэж болох ч хараа эрс муудах бөгөөд хүүхэн хараа эрс томорно.

Метилийн спиртээр найруулсан архийг их хэмжээгээр ууж /архи сайн даадгаараа онгирч их уух дуртай хүмүүс анхаараарай/ хүнд хордлогод орсон үед анхандаа дээр дурдагдсан шинж тэмдэгүүд илрэх ч дараа нь нойр хүрч, орчин тойрноо бодитоор хүлээж авах чадвар эрс буурна /манарна гэсэн үг/. 6-10 цагийн дараанаас толгой, хөлөөр өвдөх, ам цангах шинж тэмдэг илэрнэ. Арьс, салтс бүрхүүл нь хуурай, хөх туяатай болж үрэвсэнэ. Хэл дээр саарал өнгөр тогтож, амнаас архины үнэр гарна. Судасны лугшилтын давтамж түргэсэх ч аажимдаа удааширч, хэмнэл нь алдагдана. Цусны даралт ихэссэн байх ч дараа нь унана. Ухаан балартана, хэт хөөрөлд автах, улмаар шөрмөс татаж болзошгүй. Улмаар комд орж, дагзны булчин татна, үе мөчний булчин зангирна. Цаашид яаралтай арга хэмжээ аваагүй бол амьсгал саа, зүрх судасны үйл ажиллагааны дутагдлаас болж нас барна.

Харин бүр хүнд буюу бүр маш хэмжээгээр метилийн спиртээр найруулсан архи ууж хордсон үед ахар богино хугацаанд хорддог /шилээр нь, эсвэл аяга аягаар нь уудаг хүмүүс анхаараарай/. Иймд үед согтох, хөдөлгөөний эвсэл алдагдах, хэт хөөрөлд орох зэрэг гүн согтолтын шинж тэмдэг нь ахар богино хугацаанд илэрч 2-3 цагийн дотор нас барна.

Дашрамд сонирхуулахад 96% цэвэр метилийн спиртийг ердөө 50 граммыг уухад л сохорч, 100-150 граммыг уухад тэр даруй үхнэ.

Эмчилгээ

Яаралтай бєєлжvvлж, ходоодыг угаах арга хэмжээ авна. 1-2%натрийн гидрокарбонатын уусмалаар угаавал илvv vр дvнтэй ч байхгүй бол их хэмжээний ус уух шаардлагатай. Антидот буюу хордлогыг тайлах бэлдмэл болгож этилийн спиртийг ашиглана./хvнсний спирт/. Ингэхдээ эхлээд 30%-ийн этилийн спиртийн уусмалыг /бага зэрэг сулласан цагаан архи/ өгнө. Дараа нь 2 цаг тутамд 50 граммаар 4-5 удаа, дараагийн 2-3 өдөрт нь хоногт 100 граммыг өгнө. Гэхдээ ингэж “ориг” архиар хордлго тайлах нь хордлогыг цаг алдалгүй илрүүлсэн, өөрөөр хэлбэл хордосны дараах эхний хэдэн цагийн дотор л авч болох арга хэмжээ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Илүү удсан үед хордлогын төвүүдэд илүү үр дүнтэй шуурхай арга хэмжээ авч байж л хүний амийг аврах боломжтой тул ямар ч тохиолдолд цаг алдалгүй заавал түргэн тусламж дуудан эмнэлэгт яаралтай хандах зайлшгүй шаардлагатай.

Комд орсон vед этилийн спиртийг 5-10% дусал хэлбэрээр /жингийн 1 кг хоногт 96% 1 мл хvртэлх спирт ноогдохоор/ хийнэ.

Хараагvйдсэн vед судсаар 40% глюкозын уусмал 200 мл, 20 мл новокаины уусмал хийхээс гадна инсулыны 20 Ед арьсан доор хийж, АТФ 1% уусмал 2-3 мл-ийн булчинд нэмж хийнэ.

Үр дагавар

Хордлогын гаралтай элэгний үрэвсэл буюу гепатит үүснэ. Хүний бие сайжирсан ч гэлээ элэгний үрэвсэл арилахгүй. Улмаар цирроз, хорт хавдар тэгээд…

Урьдчилан сэргийлэлт

Урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга хэмжээ бол архи огт уухгүй байх явдал юм. Бүр болохгүй уумаар байгаа бол шалгалт, хяналт сайтай нэртэй брэнд архинуудыг шалгалт хяналт сайтай нэртэй дэлгүүрээс ав. Ийм дэлгүүр ч байхгүй, тийм архи нь ч байхгүй үед уухын төлөө яахаас ч буцахаа байсан бол дээр дурдсан шалгах аргыг хэрэглэж биедээ үргэлж зэс утас, асаагуур хоёр авч явж бай.

Leave a Reply