Эрүүл мэндээ хамтдаа дэмжицгээе

Хүмүүст өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих хувийн чадвараа хөгжүүлэхэд нь боломж олгодог, хамт олноороо хамтарч үйл ажиллагаа явуулахыг дэмждэг, нийт хүн амд тохиромжтой эрүүл нийгмийн бодлогыг хөгжүүлдэг, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах болон дэмжлэг бүхий орчинг бий болгох үйл ажиллагаа юм.

Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл

– Хувь хүний амьдралын хэв маягаас шалтгаалсан хүчин зүйлс 55-70%

– Удамшлын хүчин зүйлс 10-20%

– Гадаад орчны нөлөө 15-25%

– Эмнэлгийн тусламж үйлчилгээ 10% тус тус эзэлдэг байна.

Эрүүл мэндийг дэмжих гэдэг нь

Хүмүүст өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих хувийн чадвараа хөгжүүлэхэд нь боломж олгодог, хамт олноороо хамтарч үйл ажиллагаа явуулахыг дэмждэг, нийт хүн амд тохиромжтой эрүүл нийгмийн бодлогыг хөгжүүлдэг, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах болон дэмжлэг бүхий орчинг бий болгох үйл ажиллагаа юм.

Эрүүл мэндээ дэмжихийн тулд Та өөрийн амьдралдаа эрүүл хэв маягийг хэвшүүлэх нь чухал

1. Биеийн хөдөлгөөн, илч зарцуулалтад тохирсон хоол, хүнс хэрэглэ.

2. 7 хоногт 3-5 удаа 30 миут ба түүнээс дээш хугацаагаар тогтмол дасгал хий

3. Тамхи татахгүй байх, хэрэв татдаг бол тоог нь цөөрүүлэх, тамхиа хая

4. Архи, согтууруулах ундааг их хэрэглэдэг бол багасгаж, зохистой хэрэглээний стандарт хэмжээг баримтла

Нэг. Зөв, зохистой хооллох

Та биеийн хөдөлгөөний идэвхэд тохирсон илчлэг бүхий тэжээллэг, аль болох олон нэр төрлийн хүнс хэрэглээрэй.

5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс өдөр бүр хэрэглэж хэвшицгээе

1. Будаа, гурил – бүдүүн ширхэгтэй гурил, арвайн гурил, хивэг, гурвалжин будаа, хөц будааг түлхүү хэрэглэх нь таны эрүүл мэндэд ашигтай.

2. Мах, махан бүтээгдэхүүн – чанасан, жигнэж болгосон өөхгүй махын мах, загас, тахианы шинэ мах хэрэглэ.

3. Хүнсний ногоо – Та хоногт 400 граммаас багагүй хэмжээгээр хүнсний ногоо хэрэглэж хэвшээрэй. Ногоон, улбар шар, улаан өнгөтэй ногоо нь эслэг, төрөл бүрийн аминдэм, ялангуяа А, С аминдэм, фолийн хүчил, кальц, кали, төмөр зэрэг эрдэс, хавдраас сэргийлэх өвөрмөц бодисыг агуулдаг.

4. Сүү, цагаан идээ – тослог багатай сүү, тараг, хоормог, бяслаг, ааруул, аарц хэрэглэ.

5. Жимс – Улбар шар, ногоон, улаан өнгөтэй шинэ жимс, жимсгэнийг өдөр бүр тогтмол хэрэглэ. Жимсийг боломжтой бол хальстай нь хэрэглэж хэвшээрэй.

Хоёр. Идэвхтэй хөдөлгөөн, дасгал тогтмол хийж биеийн жингээ хэвийн хэмжээнд барих

Дасгал, хөдөлгөөн нь зүрхний багтраа, зүрхний хэм алдагдах, цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэрэг олон өвчнөөс сэргийлж чадна.

Биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийснээр:

1. Эрүүл чийрэг, өөдрөг үзэлтэй болгож сэтгэл санааны таагүй байдлаас ангижруулна

2. Наснаасаа илүү залуу сайхан харагдана.

3. Хүч чадал нэмэгдэж, өөртөө итгэх итгэлтэй болно.

4. Илүүдэл өөхийг хайлуулж таны гадаад байдал сайжирч өөртөө сэтгэл хангалуун байх болно.

5. Тэвчээртэй болж амархан ядарч түүртэхгүй болно.

6. Биеийн уян хатан чанар дээшилж, бэртэл гэмтэл авахгүй, яс холбоосын эдийг бэхжүүлнэ.

Гурав. Тамхинаас гарах

Тамхи танд дараах өвчнийг бэлэглэнэ.

1. Зүрх судасны өвчин

2. Уушигны хорт хавдар

3. Бусад хорт хавдрууд

4. Амьсгалын замын өвчнүүд

5. Уушиг тэлэгдэх өвчин

6. Архаг бронхит

7. Астма

Тамхинаас хэрхэн гарах вэ?

1. Амьсгал зөв авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно.

2. Зөвхөн шингэн зүйл уу – Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу.

3. Завгүй бай – Тамхи татах, зав бүүгарга.

4. Залбир, сүсэглэ – Өөрөө чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд. Өөрийнхөө итгэл үнэмшилд залбир, мөргө.

Та тамхиа хаяж чадсанаар

1. Эрүүл амьдарна

2. Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно.

3. Цагаа үр ашиггүй үрэхгүй

4. Бусадыг хордуулахгүй

5. Бусдад зэмлүүлэхгүй

6. Тамхинд мөнгөө үрэхгүй

Дөрөв. Архи, согтууруулах ундааг зохистой хэмжээгээр хэрэглэх

Архийг хэтрүүлэн хэрэглэснээс гарах үр дагавар:

1. Зүрх судасны өвчин

2. Элэг болон бусад эрхтэний хорт хавдраар өвчлөх

3. Бэлгийн сулрал үүсэх

4. БЗХӨ-нд өртөх эрсдэл ихсэнэ

5. Ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх

6. Гоо сайхан алдагдаж, эрт хөгширнө

7. Осол гэмтэлд өртөх магадлал ихсэнэ

8. Хөдөлмөрийн чадвар алдагдана

9. Орлого багасана

10. Бухимдлыг бий болгоно

11. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт

Архины хоногийн стандарт хэрэглээ

Архи 30 мл, Дарс 60 мл, Пиво 150 мл

Хэрэв Та дээрх зөвлөмжийг өдөр тутам хэвшүүлж, жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан эмчийн зөвөлгөө авч байвал өөрийгөө эрүүл байлгаад зогсохгүй хамгийн дотны хүмүүстээ ч эрүүл байж амьдралын сайн сайхныг мэдрэх боломжийг өгч чадна гэдэгт итгээрэй.

Эрүүл мэндийг дэмжих нь бид өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй, хямд төсөр арга юм.

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв

Leave a Reply