Чага мөөг

Ерөнхий

Чага мөөг нь хус модон дээр шимэгчлэн ургадаг мөөг юм. Хагас дугуй хэлбэртэй, хар өнгийн олон тооны цууралт, зураастай гадаргатай. Чага мөөгийг хус модон дээр шимэгчлэн ургадаг бусад мөөгнөөс ялгах хэрэгтэй. Тэдгээр нь дугуй биш харин турай хэлбэртэй, гадар нь сааралдуу өнгөтэй, зөөлөн.

Химийн найрлага

Чага мөөгөнд усанд уусдаг хромогенүүд, фенолын альдегидүүд, полифенолууд, оксифенолкарбону хүчил, стероидын болон пектиний нэгдэл, полисахарид, органик хүчлүүд, тритерпений хүчлүүд, лигнин, чөлөөт фенолууд, цахиурын давс, төмөр, хөнгөн цагаан, кальци, магни, натри, цайр, зэс, марганц, калийн олон төрлийн давс зэрэг бодисууд агуулагддаг ажээ.

Үйлчилгээ

Хүний биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, тархины эдийн бодисын солилцоог нэмэгдүүлдэг, тархины давхаргын биоцахилгаан идэвхийг нэмэгдүүлдэг, гадуур болон дотуур хэрэглэх үед үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, зарим төрлийн өмөнгийн өсөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг зэргийг нь шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон байдаг юм байна.

Хураагуур болон тараагуур судасны даралтыг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг 15,8-29,9% буруулдаг.

Төвөнхийн хавдрын үед уураар нь өдөрт 10 минутын турш амьсгалах байдлаар туслах хэрэгсэл болгон хэрэглэж болно.

Бэлдэх арга

Хөгширч үйрч байгаа чага нь эмчилгээнд тохирохгүй. Чаганы дотор талын цайвар зөөлөн, хөвсгөр хэсэг, модны холтсыг нь зайлуулна. Гадна талын хатуу хэсэг нь хурдан чийг татаж, хөгцөрдөг тул жижиглээд +50 дээшгүй халуунтай хуурай газар хатаана.

Хавар, намрын улиралд түүдэг. Эрүүл модон дээрхийг нь түүнэ. Хатсан мод, модны доод хэсгийнхийг түүдэггүй. Чагаагаас өөр төрлийн мөөгийг түүж, бэлдэж болохгүй.

Шинэ түүсэн, эсвэл хатаасан чагааг буцалгасан хүйтэн усанд 4-5 цаг дэвтээнэ. Мөөг усанд бүхэлдээ далд орсон байх шаардлагатай. Дэвтсэн мөөгийг үрэгч дээр үрж, эсвэл махны машинаар машиндан жижиглэнэ. Ингэж жижиглэсэн 1 стакан чага мөөгөн дээр 5 стакан буцалгасан бүлээн /+50 хэмээс илүүгүй/ ус хийгээд 2-3 өдөр хандална. Дараа нь хандыг давхарласан самбайгаар сайн шүүнэ. Гарсан өтгөн хандыг өмнө нь мөөгийг дэвтээсэн усан дээрээ хийнэ. Ингэж бэлдсэн хандыг ердийн нөхцөлд 5-6 өдөр, хөргөгчинд арай илүү удаан хадгалж болно.

Хэрэглэх арга

Хоол идэхээс хагас цагийн өмнө нэг аягаар өдөрт хоёроос гурван удаа, эсвэл хагас аягаар өдөрт зургаан удаа ууж хэрэглэнэ.

Эмийн сангуудад Бефунгин (Befunginum) нэртэй чагааны өтгөрүүлсэн хандыг зардаг. Гурван халбагыг нь 150 мл усанд найруулан өдөр гурван удаа 1 хоолны халбагыг хоол идэхээс гучин минутын өмнө ууна. Хоногт 3,3-3,5 граммаас хэтрүүлэх хэрэггүй.

Анхаарах зүйл

Чага мөөгөөр эмчилгээ хийж байх үед сүү, ногоо голлосон хоол хүнс хэрэглэж, мах, өөр тосны хэрэглээг багасгана. Консерв, утсан мах, халуун ногоо, хиам г.м. зүйлсийг цээрлэнэ. Глюкозыг судсаар хийх, пенициллинийг уух болон тариулах хориотой юм байна.

2 Comments

  1. сайн байна уу чага мөөгний талаар уншиж мэдлэг авлаа дашрамд хэлэхэд надад энэ чага мөөг байгаа юм хаана яаж борлуулах вэ мэдэх бол хариу өгч туслаач ээ

  2. Ab

    odoo ch borluultsan bizdee

Leave a Reply