Хөдөлгөөнийг дэмжих

Хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагааны зорилго нь өдөр бүр хийж гүйцэтгэдэг үйлдэл, хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд оршино. Суугаа ажилтай, хөдөлгөөн багатай хүмүүс өдөр бүр их биш ч гэсэн  дундаж хэмжээгээр хөдөлгөөнтэй байх нь өөрсдийн эрүүл мэндийг сайжруулж, эрүүл амьдрахыг дэмжиж байгаа юм.

Судалгааны дүнгээр өдөр бүр төдийлэн их эрч хүч шаардахгүй ч, тогтмол  хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд илүү их ач холбогдолтойг тогтоосон байна. Хүн бүр өөрсдийнхөө өдөр тутам хийж байгаа энгийн хөдөлгөөнийг тооцож сурах нь ихээхэн ач холбогдолтой.

Ингэснээрээ аль болох илүү их хөдөлгөөнтэй байж улмаар эрүүл чийрэг бие бялдартай болно.

Та хэр зэрэг их хөдөлгөөнтэй байдаг талаараа доор дурьдсан жишээтэй харьцуулан өөрийгөө үнэлээрэй. Үүнд:

  • Ажил, сургууль, дэлгүүр эсвэл айлд очихдоо явган явах, дугуй унах, эсвэл шогшиж гүйх

  • Цахилгаан шат хэрэглэхгүй байх

  • Ажлаа түр зуур завсарлаж амрахдаа кофе ууж, тамхи татахгүйгээр чийрэгжүүлэх дасгал хийх

  • Хүүхдүүдтэйгээ тоглох, нохой, муураа салхилуулж алхах

  • Ногоо тарих, цэцэрлэг арчлах эсвэл гэртээ засвар хийх

  • Гэрээ цэвэрлэх, хог шүүрдэх, шал зүлгэж угаах гэх мэт

Хүн бүр эрүүл байхын тулд дор дурьдсан хэмжээгээр хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Үүнд:

  • Долоо хоногт 5 -аас доошгүй өдрүүдэд, доод тал нь 30 минут ба түүнээс дээш дунд эрчимтэй хөдөлгөөн хийх, эсвэл өдөрт 10000 алхам явган явах

  • Долоо хоногт 3- ба түүнээс доошгүй өдрүүдэд, доод тал нь 30 минут хүртэл, нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх, шогших, гүйх гэх мэт

Тухайлбал, хурдан алхах, өвс хадах, бүжиглэх, усанд сэлэх эсвэл өгсүүр бус тэгш талбайд дугуй унахыг дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнд тооцдог. Харин шогших, гүйх, түлээ хагалах, тасралтгүй  үргэлжлүүлэн сэлэх, өгсүүр газар дугуй унах, шатаар өгсөх зэрэг нь нэлээд эрчимтэй хөдөлгөөнд хамаардаг.

Ер нь долоо хоногийн ихэнх өдрүүдэд, 30 минутын турш дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх хувилбарыг сонгох нь илүү ашигтай. Учир нь хүн өдөр бүр тогтмол хөдөлгөөнтэй байх дадал эзэмших нь эрүүл мэндийн хувьд илүү их ач холбогдолтой.

Харин өдөр бүр, дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийж заншсан хүмүүсийн хувьд хөдөлгөөний эрчим болон түүнийг хийх хугацаагаа нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн хувьд илүү их ашигтай байх  болно.Тогтмол, нэлээд эрчимтэй хөдөлгөөнтэй байдаг хүмүүс энэ байдлаа амьдралынхаа байнгын дадал хэвшил болгох нь чухал юм.

Амьдралын туршид дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь хааяа нэг дасгал хийхээс илүү их ач холбогдолтой байдаг. Жишээлбэл, өдөр бүр цахилгаан шат хэрэглэхгүйгээр 4  давхарт алхаж гардаг байх нь аэробикийн дасгал тогтмол бус хийдэг байхаас илүү эрүүл мэндийн ач холбогдолтой гэж үздэг. Энэ талаар хөдөлгөөний пирамид (ХП)-д тодорхой дүрслэн харуулсан.  ХП нь өөр хоорондоо ялгаатай олон төрлийн хөдөлгөөнийг хэрхэн яаж хийснээр эрүүл, чийрэг бие бялдартай байж чадахыг харуулж байна. ХП-ийн сууринд дүрслэн харуулсан хөдөлгөөний  төрлүүдийг ихэнх тохиолдолд өдөр бүр давтан хийдэг байвал зохино.

Leave a Reply