Дасгалыг дэмжих

Дасгал нь бие махбодыг бүхэлд нь болон түүний аль нэг хэсгийг эрүүл чийрэг болгоход чиглэгдсэн байдаг. Эрүүл чийрэг бие бялдар нь эрүүл мэндтэй холбоотой дараах 4 төрлийн үзүүлэлтээр  тодорхойлогддог байна.

Үүнд: зүрх, амьсгалын эрхтэний ачаалал даах чадвар, булчингийн хүч ба ачаалал даах чадвар, уян хатан чанар, ба биеийн галбир багтана. Дасгал хөдөлгөөний хөтөлбөр  боловсруулахдаа эдгээр 4 үзүүлэлтийн аль нэгийг нь сонгон авах нь чухал. Дасгал хөдөлгөөний хөтөлбөр нь зүрх, амьсгалын эрхтэний ачаалал даах чадвар, булчингийн хүчийг нэмэгдүүлэх эсвэл  биеийн жингээ хасах зэрэг аливаа нэг зорилгод чиглэсэн байж болно.

  • Зүрх, амьсгалын эрхтэний ачаалал даах чадвар: Энэ нь зүрх судас, амьсгалын тогтолцооны эрхтэний хүчилтөрөгч болон шимт бодисуудыг эд эсэд түгээх, тэдгээрээс бодисын солилцооны эцсийн  бүтээгдэхүүнийг зайлуулах чадварыг илэрхийлнэ. Дасгал хийх явцад зүрх ба уушиг нь булчинг шаардлагатай хэмжээний хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй байдаг. Хэрэв таны зүрх ба уушиг энэхүү үүргээ илүү хялбар (зүрх их хэмжээгээр дэлсэхгүй, хэм алдалгүй, цээжээр өвдөхгүй, эсвэл дасгалын дараа түргэн хугацаанд хэвийн байдалдаа орж чадаж байвал ачаалал даах чадвар  сайтай байна гэж үзэж болно. Гүйх, сэлэх, аэробик дасгал зэрэг хүчилтөрөгч шаардсан дасгалууд нь / Аэробны / зүрх ба уушигны ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг байна.

ХӨДӨЛГӨӨНИЙ ПИРАМИД (ХП)

  • Булчингийн хүч ба ачаалал даах чадвар: Булчингийн ачаалал даах чадвар нь хэр их удаан хугацаанд ажиллах чадвараар тодорхойлогдоно. Тухайлбал удаан хугацаанд тариан талбайд ажиллах, эсвэл  босож суух гэх мэт. Эдгээр нь бүгдээрээ дахин давтан хийгдэх хөдөлгөөнүүд байдаг. Булчингийн хүч нь гадны хүчийг эсэргүүцэх чадвараар илэрхийлэгдэнэ. Жишээ нь: хүн 50-70 кг-аас дээш хүнд  жинтэй шуудай гурил гэх мэт хүнд ачаа өргөх. Бидний өдөр тутам хийж гүйцэтгэдэг энгийн хөдөлгөөнүүд болон биеийн тамирын дасгалууд нь булчингийн хүчийг шаарддаг юм.

  • Уян хатан чанар: Олон төрлийн хөдөлгөөнийг булчингийн хүчээ ашиглан хийж чадах чадвараар тодорхойлогдоно. Уян хатан чанар нь сунгалтын дасгал хийх, үе мөчөө чөлөөтэй нугалж, тэнийлгэн  хөдөлгөх чадвар олгоно. Сунгалтын дасгалуудыг зөв хийснээр хөдөлгөөний уян хатан чадварыг нэмэгдүүлэх ба дасгал хийх үед гэмтэл авах эрсдлийг бууруулж чадна. Иймээс аливаа төрлийн  дасгал хийхийн өмнө сунгалтын дасгалууд орсон бие халаалтыг зайлшгүй хийх шаардлагатай. Та гар хөл, нурууны хөдөлгөөнийг уян хатан чанарыг энгийн аргаар шалгаж өөрийгөө үнэлэх боломжтой. Жишээ нь: бөхийж гарын алгаараа шаланд хүргэж үзэж болох юм. Энэ бол нурууны булчингийн уян хатан чанарыг харуулна.

  • Биеийн галбир: Биеийн галбир нь биед агуулагдах өөхний хэмжээг яс ба булчингийн хэмжээнд харьцуулсан үзүүлэлтээр тодорхойлогдоно. Энэ нь ихэвчлэн өөхлөг эдийн хэмжээг тодорхойлох  хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг байна. Бие махбодид агуулагдах өөхлөг эдийн хэмжээ ихсэх буюу таргалалт нь зүрхний өвчин үүсгэх, АДИ, ЧШ, хорт хавдар, үе мөчний үрэвсэлт өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг.

Leave a Reply