Нүдний болор цайх

Хүнийг ямар нэг юм руу харах үед тэр биетээс ойсон гэрэл нүд рүү  орохдоо тунгалаг болроор дамждаг. Энэ болор нь гэрлийг хувиргаж  нүдний арын ханан дээр байгаа торлог эд дээр дүрс болгон буулгана. Торлог  эдээс мэдээлэл нь мэдрэлийн ширхэгээр дамжин тархинд хүрснээр бид юу харж байгаагаа төсөөлдөг юм.

Нүдний болор цайх

Нүдний болор цайх гэдэг нь нүдний болор булингартай болохыг хэлдэг.  Нэгэнт булингартай болсон болроор гэрэл нэвтрэхэд саадтай болдог. Тиймээс  гэрэл сарниж улмаар нүд бүрэлзэж харанхуйлдаг байна.

Нүдний болор илүү булингартай болохын хэрээр хараа мууддаг. Нүдний  болор цайх хүнд хэлбэрийн үед нүдний даралт ихсэх, түр зуурын сохролд  хүргэх мэтийн хүндрэл гардаг байна.

Шинж тэмдэг

Нүдний болор цайх нь өвдөлтгүй явагддаг бөгөөд өдөр тутмын хараатай холбоотой үйлдлийг хийхэд хүндрэл гардагаар илэрдэг байна. Эдгээр хүндрэлүүдийн жишээ нь:

  • Хараа бүдэг болох

  • Юмс хоёрлож харагдах
  • Юмс шар туяатай болж, бүрэлзэх

  • Өнгө нь гандсан мэт харагдах

  • Холын хараа нэмж муудах

  • Юм уншихад бэрх болох

  • Тод гэрэлд мэдрэг болох /нарны гэрэл, ширээний гэрэл, ирж яваа машины гэрэл г.м./

Эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь нүдний бусад өвчнөөс шалтгаалан үүсч  болох учир хараанд ямар нэг өөрчлөлт гарах үед нүдний эмчээс зөвлөгөө авах нь чухал юм.

Шалтгаан

Нүдний болор цайх нь ихэвчлэн нас ахихтай холбоотой байдаг. Нүдний болор эрт цайхад хүргэх дараах шалтгаанууд бас байдаг:

  • Чихрийн шижин зэрэг эрүүл мэндтэй холбоотой шалтгаан

  • Дааврын бүлгийн эмүүд /преднизолон г.м./-ээс шалтгаалах

  • Хүнд хэлбэрийн холын харалган

  • Хүчтэй цохиулах, эсгэх, юмаар хатгуулах, хэт их хүйтэн буюу халуунд өртөх, химийн бодист түлэгдэх, туяаны нөлөөнд автах зэрэг нүдний гэмтэл бэртлүүд

  • Нарны хэт ягаан туяаны хортой нөлөө

  • Тамхи их татах

  • Архи их уух

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчнөөс бүрэн сэргийлж чадахгүй ч үүсэх хугацааг хойшлуулах дараах арга замууд байдаг байна:

  • Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь чихрийн хэмжээг сайн хянаж байх

  • Нүдээ нарны хэт ягаан туяанаас хамгаалах, жишээ нь: нарны шууд туяанаас аль болох зайлсхийх, өргөн хүрээтэй малгай өмсөх, хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил зүүж байх

  • Шинэ жимс ногоо ихээр хэрэглэж байх, ялангуяа хар ногоон болон шар  өнгөтэй ногоонууд наслахтай холбоотой нүдэнд гарах өөрчлөлтүүдийг  сааруулах нөлөө бүхий тэжээллэг бодис, амин дэмээр баялаг байдаг байна.

  • Тамхиа хаях

  • Архи бага ууж байх

Эмчилгээ

Нүдний болор цайхын эхэн үед та хүчтэй нүдний шил эсвэл контакт линз зүүж  болно. Ийм нүдний шилийг таны нүдний талаар мэдэх мэргэжлийн хүний  тусламжтай тааруулж авах хэрэгтэй. Гэвч энэ нь зөвхөн түр зуурын арга  бөгөөд таны нүдэнд явагдаж байгаа өөрчлөлтийг зогсоож чадахгүй. Өнөө үед нүдний болор цайх явцыг эргүүлж хэвийн болгох эмийн эмчилгээ  хараахан байхгүй билээ. Энэ үед хийдэг ганцхан эмчилгээ нь булингартсан  болрыг мэс заслын аргаар солих юм.

Ихэнх хүмүүс болрыг бүрэн цайсных нь дараа мэс заслын эмчилгээ хийлгэх ёстой гэж боддог. Энэ нь буруу ойлголт юм. Та өөрийн хүссэн хэмжээнд харж болохгүй болсон тохиолдолд л болрыг солиулах хэрэгтэй.

Мэс засал

Мэс заслыг хоёр нүдэнд зэрэг хийдэггүй учир нэг нүдээ эдгэх хугацаанд та нөгөө нүдээрээ харах боломжтой. Хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг учир та хагалгааны үед сэрүүн байсан ч өвдөлт мэдрэхгүй. Та бас ерөнхий мэдээ алдуулалттай хагалгаанд орж болох бөгөөд ийм үед та хагалгааны үед унтаагаараа байх боломжтой.

Өнөө үед болор солиулах мэс засал хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь мэс засал хийлгэсэн өдрөө гэртээ гарах боломжтой байдаг. Цөөн тохиолдолд хагалгаанаас гарсны дараа хүслээрээ эмнэлэгт хэд хонодог ба зарим тохиолдолд хүндрэл гарсан үед эмнэлэгт хэд хонох шаардлагатай болдог байна.

Хиймэл болор

Цайсан болрыг авсны дараа нүд гэрлийг төвлөрүүлж чадахгүй болдог учир  юмс бүүдийж харагдахгүй болно. Иймээс дахин фокуслаж харах боломжтой  болохын тулд хиймэл болрыг суулгах шаардлагатай болдог. Энэ хиймэл  болрыг хагалгааны үед цайсан болрыг авсны дараа шууд орлуулж суулгадаг.  Хагалгааны дараа хараа бараг хэвийн болдог. Юм унших, жижиг хэсгүүдийг  сайн харахын тулд нүдний шил зүүж болдог байна.

Leave a Reply