Өнөөдөр хаанаас л бол хаанаас “стресс” гэж хэцүү нэртэй ах рэкетлэх болсон тул хүмүүс төлбөрт нь “Баасан ахын” төрсөн өдрийг тэмдэглэхээс эхлээд саунад сууж, массаж хийлгэх хүртэл олон зүйл өгөх болсон.
Гэвч харамсалтай нь эдгээр аргуудаас зарим нь хэтэвчинд халтай, зарим нь эрүүл мэндэд халтайн дээр удаа дараалан хэрэглээд байвал хэтэвч, эрүүл мэнд хоёуланд нь халтай.
Иймд танд ажлын байран дээрээ, хэтэвчээ нимгэлнэ, эрүүл мэндээ хохирооно гэж айлтгүйгээр өдөр болгон хийгээд байж болох стресс тайлах энгийн дасгалыг сонирхуулж байна. Компьютерийн ард хэдэн цагаар нуруу хөштөл сууж юм бичдэг, тоглодог, уншдаг хүн болгонд зориулав.
1.Хөл чөлөөтэй унжиж байхаар өндөрлөг газар суу /цонхны давцан, ширээ, өөрөөсөө өндөр хүний өвөр дээр 😀 г.м./
2.Эхлээд нэг хөлөөрөө нөгөө хөлөө нэг тал руугаа хэд хэдэн удаа орооно. Дараа нь нөгөө тийш нь орооно. Ороосон чигтээ хоёр хөлөө зүүн баруун тийш нь хөдөлгөнө. Дараа нь нөгөө хөлөөрөө давтана.
3.Хөлөө өвдгөөр нь тэнийлгэн булчингаа чангалаад суллана. 3-4 удаа.
4.Хоёр хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалж зэрэгцүүлээд зүүн баруун тийш нь хэд хэдэн удаа савлана.
5.Босч суниан цэх зогсоод хамраараа гүнзгий амьсгаа авч, амаараа гаргаад… тэгээд эргээд компьютерийнхаа ард суугаад ажилдаа ор.
Хийгээд үз, айгаагүй бол.
Хүн болгон л ажлын байран дээр стресс тайлах үүнтэй төстэй өөрийн гэсэн дасгал, аргатай байдаг гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Иймд эрхэм таныг өөр өөрийнхөө туршлагаас хуваалцвал “үнээр баярлана шүү”.