Усаар чийрэгжих хөтөлбөр

ус5 Хүйтэн сэрүүний улирал, хаврын тарчиг цагт даарч, хөрснөөс үүддэг элдэв өвчний тоо эрс нэмэгддэг. Ингээд л хүмүүс элдэв эмчид үзүүлж, эм тан авах гээд мөнгөө үрж эхэлдэг. Харин биеэ ус, агаараар чийрэгжүүлвэл даарч хөрөх тоолонд эмнэлгийн босго элээж, мөнгөө үрэх хэрэггүй болно.

Хүйтэн усаар байнга биеэ чийрэгжүүлэхэд хэт даарснаас үүсдэг өвчин эмгэгээс хамгаалах хамгаалтын рефлекс бий болдог. Ингээд ч зогсохгүй хүйтэн ус нь зүрх судасны, цусны болон амьсгалын системийн үйл ажиллагааг маш сайн идэвхжүүлж өгдөг.

1 -р шат

ус1 Усаар чийрэгжүүлэх хөтөлбөр нь тун энгийн зүйлээс эхэлнэ. Юуны өмнө эхлээд өөрийгөө зөвхөн хүйтэн усаар нүүр гараа угаадаг болгож сургах хэрэгтэй. Энэ юухан байхав гэж санагдаж болно. Гэвч шууд мөс шиг хүйтэн усаар угаах нь хэт их цочроо үүсгэн, улмаар таны бие махбодь цаашид тийм гэнэтийн цочрол авахаас зайлсхийхэд хүргэдэг тул аажмаар эхлэх хэрэгтэй. Ус анхандаа тасалгааны дулаантай буюу 20-22 хэмтэй байна. Аажмаар усны дулааныг өдөр болгон нэг хэм, эсвэл 2-3 хоногт 2 хэмээр бууруулна. Ингэсээр аяндаа цэвэр хүйтэн усаар түүртэлгүй угаадаг болно.

2-р шат

Дараагийн шатанд хоолойгоо хүйтэн усаар зайлж сурна. Энд дээрхтэй мөн адилаар усны дулааны аажмаар бууруулсаар цэв хүйтэн усаар хоолойгоо өвдөнө гэж айлтгүйгээр зайлдаг болно.

3-р шат

Гурав дахь шатанд биеийг хүйтэн усанд норгосон алчуураар арчдаг болно. Ингэж сурахын тулд усны хэмийн мөн аажмаар бууруулах ёстой. Анхандаа усны хэм +25 градус байх бөгөөд өдөр болгон нэг градусаар бууруулсаар цэв хүйтэн болгоно. Ингэж арчсаныхаа дараа биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчиж байх ёстой. Хүйтэн хүйтэн усаар арчих тусгай дараалалтай. Эхлээд гараа алганаасаа эхлэн арчаад хүзүү, цээж, нурууг арчаад хөлөө арчина.

4-р шат

Дөрөв дэх шатанд хөлөө хүйтэн усаар чийрэгжүүлнэ. Хөлийн хэд хэдэн аргаар чийрэгжүүлж болдог. Хамгийн энгийн арга нь унтахаас өмнө 1 минутын хугацаатайгаар хөлөө түмпэнтэй усанд дүрнэ. Усны дулааны мэдээж дээрхийн адил аажмаар бууруулах бөгөөд +25 градусаас эхлэн өдөр нэг градусаар бууруулах нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Ингэхдээ усны градус нэгээр буурахтай зэрэгцэн хөлөө дүрэх хугацааг нэг минутаар нэмнэ. Ингэсээр хөлөө гоожуур, эсвэл худгийн цэв хүйтэн усанд 10 минутын турш ямар нэг таагүй мэдрэмжгүйгээр дүрдэг болно. Хөлөө дүрсний дараа зузаан алчуураар хуурай болтол арчих ёстой.

Хөлийг чийрэгжүүлэх өөр нэг арга байдаг. Үүнд нэг саванд ойролцоогоор 35 градус орчим дулаантай ус, өөр нэг саванд +15 градусаас дооргүй дулаантай ус хийнэ. Ингээд хөлөө энэ хоёр саванд ээлжлэн дүрнэ. Эхлээд халуун усанд, дараа нь хүйтэн усанд дүрэх бөгөөд халуун усанд 1 минут орчим, хүйтэн усанд 30 секунд орчим дүрнэ. Эхний үедээ нийтдээ 5 минутаас илүүгүй дүрнэ. Аажмаар хүйтэн усны дулааныг буруулах замаар температурын ялгааг ихэсгэнэ. Хүйтэн усны градус өдөрт бүр нэг градусаар буурсаар сүүлд нь +5 градустай усанд хөлөө элдэв таагүй мэдрэмжгүйгээр дүрдэг болох ёстой. Хүйтэн усны градус буурахыг дагалдан хөлөө дүрэх хугацааг нэмсээр сүүлдээ цэв хүйтэн усанд хөлөө 3 минут дүрдэг болгоно.Хөлөө дүрсний дараа заавал хуурай болтол нь арчих ёстойг мартаж болохгүй.

5-р шат

Ингээд хөлөө хүйтэн усанд дүрдэг болсны дараа бие дээрээ хүйтэн ус асгах чийрэгжилтийн тав дахь шатанд шилжинэ. Үүний тулд ванн дотор, эсвэл хашаандаа зогсож байгаад түмпэнтэй хүйтэн усыг зулайнаасаа эхлэн бүх бие рүүгээ цутгана. Эхний үед нэг удаад ганц удаа л ус асгах бол яваандаа нэг удаад асгах усны тоо нэмэгдэнэ.

Дээрээс асгах усны дулааныг аажмаар багасгах замаар биеэ дасгах хэрэгтэй нь ойлгомжтой. Эхний үед +30 градус дулаантай ус байхад болно. Цаашид усны дулааныг өдөр болгон, эсвэл хоёр өдөр алгасаад 1 градусаар бууруулсаар +5 градус хүргэх ёстой. Дуусгасныхаа дараа биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчих ёстой тогтоож аваарай. Ингэж ус асгасныхаа дараа цагийн дотор биеэ хат дааруулахаас зайлсхийх шаардлагатай. Ийм чийрэгжүүлэлтийг хийхэд үд дунд, эсвэл үдэш хамгийн тохиромжтой байдаг.

6-р шат

Ийм аргаар бүх биеэ хүйтэн усанд дасгасны дараа хүйтэн халуун ээлжилсэн шүршүүрт орж чийрэгжүүлэх зургадугаар шатанд шилжнэ. Энэ шатанд биеэ хүйтэн, халуун усаар ээлжлэн шүрших юм. Ийм аргаар чийрэгжихдээ эрүүл мэнддээ хор хүргэхгүй байхын тулд хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй байдаг.

Юуны өмнө халуун усны дулаан нь хүний биеийн дулаантай адил байх ёстой. Дараа нь холигчийг эргүүлэн усны дулааныг бага зэрэг бууруулна. Ингэж бууруулсан хүйтэн усан дор 10 секунд зогсоод усыг ахиад халуун болгоно. Халуун усан дор зогсох хугацааг хязгаарлах шаардлагагүй. Бүрэн дулаацаж ахин хүйтэн усан дор зогсоход бэлэн болсон гэдгээ мэдрэх хүртлээ зогсоно. Дасгалын хамгийн сүүлд нь хүйтэн усанд орж дуусгаад биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчих ёстой.

2-3 өдөр тутам хүйтэн усны дулааныг 1-2 градусаар бууруулсаар биед эвгүй мэдрэмж төрүүлэхээргүй хамгийн доод градуст хүргэнэ. Улмаар хүйтэн шүршүүр дор зогсох хугацааг аажмаар нэмсээр 10 секундээс 2 минут хүртэл нэмнэ. Халуун усанд орох хугацаатай нийлээд шүршүүрт орох хугацаа ч 5 минутаас эхлээд 20-30 минут хүртэл нэмэгдэнэ.

Хамгийн гол нь биедээ эвгүй мэдрэмж төрүүлэн барин богино хугацаанд усыг боломжтой хамгийн доод температур хүртэл хүйтэн болгох гэж яарч болохгүй. Чийрэгжих үед аажим, тайван биед эвтэйгээр гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг. Мөн халуун, хүйтэн ээлжилсэн шүршүүрт орох гэж байгаа хүн ханиад гэх мэтийн өвчин тусаагүй байх ёстойг мартаж болохгүй. Эс бөгөөс өвчин хүндэрч болзошгүй.

Ингэж халуун, хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орох нь хүний биед ихээхэн сайн нөлөө үзүүлдэг. Юны өмнө бие тайвширч сулрах, зүрх судасны системийн зөв ажиллагааг сэргээж, мэдрэлийн системийг тогтворжуулан, дархлалын системийг бэхжүүлдэг. Шүршүүрт орох үед мөр, хүзүүн дээр буух усны дусал нь иллэгтэй адил нөлөө үзүүлснээр зүрх судасны системийн өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн арга болж өгдөг.

Хоёрт гэвэл чийрэгжих энэ арга нь сэтгэл санааг сэргээх нөлөөтэй. Иймд нойрноос салж, биеэ, ухаанаа сэргээх хэрэгтэй байдаг өглөөд чийрэгжих дасгалыг хийх нь сайн үр дүнтэй байдаг.

Гуравт нь халуун, хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орох нь целлюлит, булчин унжихаас сэргийлэх маш сайн арга болдог нь таргалалт мэтийн асуудалтай эмэгтэйчүүдэд чухал юм.

7-р шат

Ингээд халуун хүйтэн ээлжилсэн усанд орж сурсныхаа дараа дан хүйтэн устай шүршүүрт орж сурах долдугаар шатанд орно. Хүйтэн усанд биеэ дасгах аргачлал нь халуун хүйтэн ээлжилсэн шүршүүрийнхтэй адил. +30 градустай уснаас эхлэн өдөр бүр 1 градусаар буулгасаар +5 градус хүргэнэ. Шүршүүр дор зогсох хугацааг ч 20 секундээс эхлээд 5-7 минут хүргэж сунгана.

8-р шат

365 Хүйтэн устай шүршүүрт орж сурсныхаа дараа хүйтэн устай онгоц буюу ваннд орж сурах наймдугаар шатанд шилжнэ. Энд бүх зүйл дээрх бүх үе шатуудын адил аажим, тайвнаар явагдах ёстой. Анхандаа ердийн үед ордог дулаантай усанд орж эхлээд өдөр болгон температурыг нь 1 градусаар бууруулна. Ваннд орох хугацааг анхлан өөрт тохиромжтой байдлаар сонгоод цаашид сунгах хэрэггүй. Хүйтэн устай ваннд орсны дараа биеэ зузаан алчуураар хуурай болтол нь арчих ёстойг мартаж болохгүй. Гэхдээ хүйтэн ус нь хир буртгийг арилгах, ариун цэвэр сахихад тийм ч тохиромжтой биш тул хүйтэн ваннд орсноос хойш хэсэг хугацааны дараа бүлээн устай шүршүүрт орж биеэ угаах хэрэгтэй.

Хүйтэн устай ваннд ордог болж сурснаас хойш хүйтэн усаар биеэ норгох, хүйтэн усанд хөлөө дүрэх, биеэ хүйтэн усанд норгосон алчуураар арчих дасгалуудыг хасч болно. Учир нь эдгээр нь хүйтэн устай ваннд ордог болж сурахын өмнө бэлтгэл үе шатууд юм.

Ямар нэгэн өвчин эмгэгтэй, эсвэл хүнд өвчний дараа илааршиж байгаа, эсвэл бие давхар хүн эдгээр дасгалуудыг хийхийн өмнө эмчлэгч эмчдээ үзүүлэн заавал зөвшөөрөл авах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Гол чийрэгжих хөтөлбөрийг шат дарааллын биеэ аажмаар дасгах замаар яаралгүй хийх хэрэгтэй. Ингээд чийрэгжсэн байхад огцом даарч, хөрснөөс болоод ханиад, томуу, хатгаа г.м. эмгэг тусах нь эрс багасна.

4 Comments

  1. eegii

    tiim shuu,Murduj chadval zugeer l yum.Gehdee hetsuu yumaa.

  2. amaraa

    gehde eniig hiij surah gej heden litr us zartsuulah bol gej bodogdchihloo. tsewer usnii dutagdald orchih geed bga manai orond jaahan tiimhen l yum.

  3. zuchi

    cold-showers.com ruu orood uzeerei hamag bie chin sergeed yostoi yanziingoe doo ehendee baga zereg evgui

  4. око

    jhan ih l yum gehdee goy medeelel bna shuu

Leave a Reply