Альцгеймерын өвчин

Ерөнхий
Альцгеймерын гэж нэрлэгдсэн өвчин нь хөгшрөлтийн солиорлын нэг төрөл юм. Ахимаг болон өндөр насанд үүсдэг оюуны хомсдол -ын хамгийн их тохиолддог шалтгаан нь Альцгеймерын өвчин юм. Анхны шинж тэмдэг 40 наснаас хойш илрэх нь байдаг ч 70 гарснаас хойш гурван хүн тутмын нэг нь өвдөх эрсдэлтэй болно. Нас ахихыг дагалдсан оюуны хомсдлоор дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүд өвддөг.

Шалтгаан

Альцгеймерын өвчний үед уураг нь тархинд хөгшрөлтийн товруу үүсгэн тунадасчиж, гэмтсэн мэдрэлийн эсүүд нь нейрофибрилляр зангилаа бий болгон бөөгнөрдөг нь тархины мэдрэлийн импульс дамжуулах замыг гэмтээдэг.

Хэдийгээр одоог хүртэл ийм өөрчлөлт гарахад хүргэдэг нарийн шалтгааныг тогтоогоогүй байгаа ч Альцгеймерын өвчнийг үүсэхэд нөлөөлдөг тусгай генүүд хүнд байдгийг эрдэмтэд тогтоожээ. Үүний дээр энэ өвчнөөр ихэвчлэн оюуны ачаалал бага шаарддаг мэргэжилтэй, боловсрол султай хүмүүс өвчилдөг байна. Харин оюун ухааны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүсийн тархинд мэдрэлийн эсүүд хоорондын илүү олон тооны холбоо байдаг болохоор энэ өвчнөөр өвдөх эрсдэл бага байдаг гэж үздэг.

Явц

Ой тогтоолт эрчимтэй алдагдах нь энэ өвчний анхны шинж тэмдэг юм. Харамсалтай нь хүн өвчний эхний шинж тэмдгийг ажигласан ч аль болох нуухыг хичээдэг тул эрт үед нь тэр бүр илрүүлж чаддаггүй. Ой тогтоолоо хурдацтай алдаж эхлэхийн дагалдан сандрах, барьц алдах, ойрчин тойрноо үл ойлгосон байдал илэрнэ.

Улмаар хүн цаг хугацаа, орон зайн баримжаагаа алдаж, хуримтлуулсан мэдлэг, туршлага, дадал зүй нь арчигдаж эхэлнэ. Ингэхдээ цаг хугацааны хувьд хамгийн ойр болсон үйл явдал нь хамгийн эхэнд алдагддаг бол эрт болсон үйл явдлын талаарх дурсамж сүүлд нь алдагдана. Хэлбэр, өнгө, нүүр царай ялгахаа байж, орон зайг баримжаалж чадахаа байна. Энэ нь бичгийн хэв алдагдахаар илэрч болох бөгөөд ингэхэд үсэг нь цаасны төв, эсвэл буланд ямар ч харьцаа, замбаараагүйгээр бөөгнөрдөг болж болно. Хэл яриа нь улам бүр ойлгомжгүй болж ирнэ.

Өвчин даамжрах үед өвчтний өөрийгөө авч явах чадварыг нь хадгалахын тулд аль болох орчин тойрноос тусгаарлахгүй байх, сэтгэл гутрал үүсэхээс сэргийлэх зэргээр эерэг нөлөө үзүүлэх боломж бүрийг ашиглах хэрэгтэй. Энэ нь илүү сайн харааны шил, илүү орчин үеийн сонсголын аппарат зүүлгэх, ашиглахад хялбар радио сонсгох, том зураг, том үсэгтэй ном үзүүлэх зэрэг тун энгийн арга хэмжээ байдаг ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.

Харин мэдэхгүй газар удаан хугацаагаар ганцаар байх, таньдаггүй хүмүүстэй их уулзуулах, харанхуй газар байх (бүр шөнийн цагт ч гэрэлтүүлэг шаардлагатай), халдварт өвчнүүд, халуун, их хэмжээгээр эм хэрэглэх зэрэг нь өвчний явцыг хүндрүүлдэг хүчин зүйлс юм.

Оношлогоо

Оношлохдоо өвчин аажмара мэдэглдэлгүй эхлэх, эрчимтэй даамжрах зэрэг шинж тэмдгийг анхаарахаас гадна оюуны хомсдол үүсгэж болох бусад шалтгааныг магадлах хэрэгтэй. Орчин үед Альцгеймерийн өвчнийг тодорхойлох тусгай асуулга ч бий болсон. Оношыг батлахын тулд ЗЦБ, тархины цахилгаан бичлэг, компьютерийн томографи, бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Альцгеймерын өвчин байж болзошгүй гэх шинж тэмдэг илэрсэн үед хүнийг цаг алдалгүй мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Альцгеймерын өвчнийг эмчлэх тусгай бэлдмэл байхгүй ч даамжралтыг удаасгаж, илрэлийг нь сулруулж өгдөг эм байдаг.

2 thoughts on “Альцгеймерын өвчин”

  1. Bi ene ovchniig tussan yum shig bn.Bi dongoj 23 nastai.Iim zaluugaaraa ene ovchniig tusaj bolno gjuu

  2. medreiin emchid uu cetgetciin emchid uzuuleh heregtei yu ali n vee medreliin emch toohgu bcn hariulj ogooch

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.