Та хүүхэдтэй болохоор шийдлээ

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн насанд хүүхэдтэй болоход зөв болон буруу цаг үе гэж үгүй. Бие махбод үүнд байнга бэлэн байдаг. Харин амьдралын нөхцөл байдал, гишүүдийн санаа бодлоос  үүдэн ийм асуудал гарч ирдэг. Хүүхдийг хэзээ ч захиалж болдоггүй, бид төлөвлөх хэрэгтэй юм.

Нийгмийн байр суурь, эдийн засгийн байдал Үр хүүхэдтэй болох -оор шийдсэн гэр бүл эдийн засгийн тогтвортой, боломжтой нөхцөл  байдлыг бүрдүүлсэн байх нь зүйтэй.

Хүүхдээ тээх, төрүүлэхээс аваад түүнийг насанд хүрч өөрөө амьдралаа залгуулах хүртэл нь эрүүл чийрэг байлгах, зохих боловсролыг эзэмшүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх гэх мэт амьдралын зайлшгүй багц олон асуудлууд ундран гарч ирнэ.

Эдийн засгийн гачаалаас үүдэн хүүхдэд шим тэжээлт хоол унд өгч чадахгүйгээс өвчин эмгэг, тураал сульдаатай  болгох, мөн боловсролгүй, бичиг үсэг тайлагдаагүй болгох зэрэг амьдралын баталгаагүй байдал нь эцэг эхийн буруу төдийгүй цаашид нөхөж баршгүй хохирол учруулах хортой. Шинэ хүүхэдтэй болсноор та хэр зэрэг сэтгэл хангалуун байж чадах билээ гэдгээ урьдчилан тунгаах нь зүйтэй. Таны баяр баясгалан байж чадах уу?

Мөн хүүхэддээ гаргах чөлөөт цаг зав хэр билээ?

Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд

Өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд эцэг, эхийн сэтгэл санаа, бие махбод эрүүл байх, эрүүл хүүхэд төрүүлнэ гэсэн бэлтгэл, бат итгэлтэй байх  нь зүйтэй. Хүүхэдтэй болсоноо мэдмэгц гэнэт айж балмагдах, эрүүл биш гажигтай хүүхэд төрөх болов уу хэмээн байнга түгшүүрлэх, хүүхдийн ирээдүйд санаа зовох гэх мэтчилэн тогтмол айдастай байх нь  тархи мэдрэлийн замаар хүүхдэд тодорхой хэмжээний эмгэг үүсгэнэ. Хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэр бүл зөв чанартай хооллож, бие биенээ хүндэтгэн хайрлаж, халамжилж, гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн өсөж торних орчинг аятай тохьтой байлгах нь чухал.

Бие эрхтэний эмгэгийг эрүүлжүүлэхийг чухалчил. Шүдний цоорхойг эмчлэхээс авахуулаад цус багадах, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, халдварт өвчнүүд, бөөр, зүрх, элэг, дотрын бүхий л  өвчинг эмчлэх хэрэгтэй.

Жирэмсэн байх үед биеэ авч яваа байдал, эрүүл ахуйн дэглэм, идэж ууж байгаа хоол хүнсний тохироонд гол анхаарлаа тавь. Эмийн бодисыг хамаа замбараагүй хэрэглэх, архи уух, тамхи татах,  мансууруулах аливаа бодис, хорт зуршлууд нь бүрэлдэн тогтож буй хүүхдэд зохих хэмжээгээр муу нөлөө үзүүлж байдгийг санах нь зүйтэй. Гаднаас нь харахад эрүүл мэт боловч их бага хэмжээгээр  дүлий, хэлд удаан орох, өвчин эсэргүүцэх чадвар сул, нүдний хараа муу зэрэг эрүүл биш шинжүүд эцэг эхээс шалтгаалдагийг олонх гэр бүл тэр бүр мэддэггүй.

Жишээ нь : хүүхдийн зүрх хөгжиж  буй тэр мөчид архи, тамхи, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэснээс зүрхний гажиг үүсч болно.

Энэчилэн санаанд оромгүй олон нөлөөлөл хүүхдийн өсөлт хөгжилтийг эмгэг байдалтай болгодог гэдгийг залуу гэр бүл ямагт санаж явах нь зүйтэй. Хүүхдийн ирээдүй таниас 100 хувь шалтгаалах  мөч бол хүүхэдтэй болохыг хүссэн тэр үеэс эхэлдэг.

Идэвхтэй амьдрах

Та хөдөлгөөн багатай амьдралтай бол түүнийг өөрчлөх гээд үзээрэй. Дасгал сургууль хийх, бясалгал үйлдэх, теннис тоглох, алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах зэргээр чөлөөт цагаа идэвхтэй  өнгөрөөх нь зүйтэй. Гэртээ хийхэд боломжтой дасгал сурч өдөр бүр 20 минутаас доошгүй хийхийг зөвлөе. Жирэмсэн болоод төрсний дараа хийх дасгалыг та энэ номын хойноос уншиж суралцаарай!

Эрүүл зөв хооллолт

Хүүхдийг эрүүл өсгөхийн тулд олдсон цагаас нь л анхаардаг. Эрүүл хоолло гэдэг нь тусгай хоол иднэ гэсэн үг биш. Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэнэ гэсэн үг юм. Зөв хоол нь олон төрлийн тэжээлийг агуулсан, аминдэм элбэгтэй байдаг. Таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжилт шууд хамаарна.

Хэвлий дэх хүүхдийн өсөж томрохын хирээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг. Жирэмсэн үед дунджаар 10-12кг нэмнэ. 24-32 долоо хоногтойдоо хамгийн эрчимтэй жин нэмэгдэнэ.

Эдгээрийн ихэнхийг томорсон умай, өдөр хоногоор өсөж байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг. Мөн цусны эс үйлдвэрлэлт, хэмжээ ихэснэ. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны  хуримтлал биед байнга явагдаж байдаг. Энэ хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна.

Жин нэмэх нь хэдийгээр хэвийн үзэгдэл ч хэтэрхий илүүдэл жин нь төрөх явцыг хүндрүүлдэг.

Жирэмсэн үед хоолны дэглэм барих нь хамгийн цагаа олоогүй арга. Харин зөв баланстай, төрөл бүрийн хүнс хэрэглэх нь чухал.

Хоол тэжээлийн дутагдалтай байдал нь хүүхдийн тархины хөгжилт, боловсролтонд маш муу нөлөөтэй. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар бүр хомсдолтой ч  төрж болзошгүй.

Мөн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөх, бие махбодын болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжилтэй, зулбах магадлал өндөр байна. Энэ нь тураалтай, бага жинтэй эхчүүдэд  тохиолддогыг анхаараарай.

Хэт илүү жинтэй байх нь төрөх үед хэд хэдэн хүндрэлийг учруулна:

  • эх хөдөлгөөнтэй байж чадахгүйгээс хүүхэд эхийн хэвлийд таргалж төрөхөд бэрхшээл учирна

  • төрөх үед умайн булчингийн ширхэгүүдэд өөх ихээр хуримтлагдсанаас хангалттай агшиж хүүхдийг түрж гаргаж чадахгүй

  • дээд хэмжээгээрээ ажиллаж байгаа зүрхэнд улам илүү ачааллыг өгнө

  • хожуу хордлого хавсрах нь элбэг

Жирэмсэн болмогц хоол идэх дуршил нэмэгддэг. Шөнийн цагаар ходоод харлаж босох нь олонтаа тохиолдоно. Цагийн ихэнх үед өлөн мэт байдаг. Энэ нь аргагүй. Учир нь бодисын солилцоо эрчимтэй  явагдаж, хүүхдээ зэрэг хооллож байдаг. Энгийн үед иддэг байснаасаа 15%-аар илүү хооллохыг шаарддаг. Иймээс та гол нь цадахдаа биш, хэр зэрэг чанартай хэрэгтэй зүйл идэж байгаагаа хянаарай.

Жирэмсэн үед хооллох ганц зөв хэлбэр бол төрөл бүрийн хоолыг бага багаар идэх явдал юм. Өдөрт 5-6 удаа хооллоно. Энэ үед гэдэс ходоодны ажиллагаа, хоол шингээлт удаашрах тул нэг  мөсөн их идэх нь буруу юм.

Ялангуяа сүүлийн саруудад хүүхэд томорч хөдөлгөөн нь ихэсдэг тул бага, багаар хооллох нь өөрт ч амар байдаг.

Зайлсхийх хүнс

  • удаан хадгалсан хоол хүнс

  • зуны цагт өөх тос ихтэй хоол

  • хэт боловсруулалт хийсэн хүнс, жишээ нь цагаан гурилан бүтээгдэхүүн

  • өнгө оруулсан хүнс

  • чихэрлэг ихтэй хүнс

  • хийжүүлсэн чихэрлэг ундаа

  • өтгөн кофе, амт ихтэй цай

  • түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий

  • шүүрхий мах

  • элэг, элгээр хийсэн бүтээгдэхүүн

  • жимс жимсгэнийг угаахгүй болон дутуу угааж идэх

Хоол тэжээлийн доройтолд оруулдаг байдлууд

  • сүү болон үр тариа зэрэг зарим хүнсний зүйлээс харшил авдаг бол

  • тураалтай, тэжээллэг хоол идэж чаддаггүй, ядуу өрхүүд

  • урьд нь зулбаж, дутуу төрж байсан

  • архи ууж тамхи татдаг бол

  • архаг өвчтэйн улмаас эм байнга хэрэглэдэг хүмүүс хамаарагдана.

3 Comments

  1. дээгий

    сайн байна уу. нэг юм лавлах гэсэн юм. нилээн хэдэн сарын өмнө танай сайтыг үзэж байхад жирэмсний хуанли билүү календарь ч билүү, хэдийд хүүхдтэй болохоо мэдэж болох хүснэгт байсан юм. тэрийг үзэх гэсэн боловч олж чаддаггүй ээ. тэр хүснэгтийг яаж олж үзэхийг зааж өгөөч.

  2. jiremslehgui bgaa uyd yah estoi haana handah talaar emegteichuudiin ene talaar haigaad olsongui yagaad ene tuhai baidaggui yum be oruulj uguuch

Leave a Reply