Люксембург эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх 6.6 сая еврогийн буцалтгүй тусламж өгчээ

 Люксембургийн Их Гүнт Улсын  нь Монголын Зүрх судасны төв болон эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийг санхүүжүүлж байгаа.  11-р сарын 3-ны өдөр төслийн удирдах зөвлөлийн гуравдугаар хурал хуралдаж, төслүүдийн тайланг авч хэлэлцлээ.

Хурлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар удирдаж, төслийн удирдах хорооны гишүүд болох ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Люксембургийн Засгийн газрын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн хөгжлийн агентлагын албаны хүмүүс болон төсөл хэрэгжүүлэгч эмнэлгүүдийн захирлууд тус тус оролцлоо.

Зүрх судасны төв төсөл 2001-2007 онд эхний үе шатандаа хэрэгжиж, Монгол Улсын анхны телемедицины сүлжээг үүсгэн П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг хамруулан орон нутгийн оношлогоо эмчилгээг сайжруулан хэрэгжсэн байна.

2007-2010 онд төслийн хоёрдугаар шатанд Люксембургийн Засгийн газраас 2 341 300 еврог Зүрх судасны төв төслийг үргэлжлүүлэхэд, мөн 1 236 914 ам долларыг эх барих эмэгтэйчүүдийн салбарт олон талт хамтын ажиллагааны гэрээгээр алсын зайн анагаах ухааныг салбарлуулан хөгжүүлэхээр буцалтгүй тусламжаар олгосон.

Одоогоор зүрх судас болон эх нярайн чиглэлээр Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл болон Дорноговь аймгуудад телемедицин ашигласан хоёр төсөл хэрэгжиж байна.

Хурлын эхэнд хөтөлбөрийн дагуу Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийн тайланг хэлэлцэв. Энэхүү төсөл нь 2007 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд гурван үндсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнд: Сонгосон аймаг орон нутгийн эмч ажилтнуудыг дэмжих зорилгоор төв эмнэлэгт эх нярайн тусламж, үйлчилгээний зайн оношлогооны сүлжээг байгуулж ажиллуулах, хөдөөгийн хүн амыг эх, нярайн эрүүл мэндийн чанартай үйлчилгээгээр хангах, орон нутгийн эмч ажилчдын чадавхыг бэхжүүлэх, жирэмсэн болон төрөхийн хүндрэлтэй эмэгтэйчүүд болон нярайд чанартай цогц үйлчилгээг хүргэх хамтарсан багийг багуулах зэрэг болно.

Үүний дараагаар П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг дээр хэрэгжиж буй Зүрхний судасны төв төслийн тайланг хэлэлцэв. Төслийн үндсэн зорилго нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, орон нутгийн эмнэлгүүдэд зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээ хяналтын чанарыг дээшлүүлснээр хөдөө орон нутгаас төв рүү шаардлагагүй зардал өндөртэй шилжүүлэгдэх өвчтөний тоо бууруулах юм. Төсөл зүрх судасны өвчний менежментийг төвийн болон орон нутгийн хэмжээнд сайжруулах зорилтдоо хүрч чадсан байна.

Мөн Шастины төв эмнэлэг дэх Зүрх судасны өвчний оношлогооны төв нь Үндэсний хэмжээний Зүрх судасны өвчний лавлагаат төв болон хувирсан байна. 7-8 бүрэн ажиллагаатай орон нутгийн зүрх судасны төвүүдийг сайжруулан шинэчлэсэн бөгөөд алсын зайн анагаах ухааны хамтын ажиллагааны төвийн үндэс тавигдаж чадсан байна.

Хурлын үеэр төслийг хэрэгжүүлэх хугацаанд гарч ирсэн шийдвэрлэх асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Үүнд: Орон нутагт төсөл хэрэгжүүлэхэд интернетийн хурд хангалтгүй, зүрх судасны мэс заслын хүний нөөцийн асуудал болон хагалгааны нэг удаагийн багаж хэрэглэлүүд хиймэл хавхлаг хиймэл судасны хангалтын талаар, хөдөө орон нутагт мэдээлэл зүйн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болон бусад шаардлагатай боловсон хүчнийг сургах болон төвийн эмч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгааг зохицуулж зохих урамшууллын систем бий болгох зэрэг байлаа.

Үүний дараагаар Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга ноён Клоуд Женген гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 6.6 сая еврогийн буцалтгүй тусламжийг Люксембургийн Засгийн газраас олгох болсон баяртай мэдээг дуулгалаа.

Хурлын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар хоёрдугаар шатны төсөл амжилттай хэрэгжиж дууслаа гэж дүгнэн, цаашид энэхүү төслийг хэрэгжүүлэх үед гарсан сургамжууд дээр анхаарч, хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох газар хэлтэс, эмнэлгийн дарга нарт үүрэг болголоо.

 

Leave a Reply