Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох уу?

Төрөлт ойртохын хирээр өвдөлт улам ихэснэ. Жирэмсэн байх хугацаандаа төрөлтийн үеийн өвдөлтийг яаж намдаах вэ? гэдэг талаар мэдэх нь танд ашигтай. Төрөлт гэж юу болох талаар мэддэг бол сэтгэл зовоод байх зүйлгүйгээр өвдөлтөөс зайлсхийж болно.

Өөрийгөө хянаж удирдах чадваргүй, төрөлтийн тухай мэдлэггүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүд өвдөлтийг илүү мэдэрдэг. Ийм учир төрөлтийн үед биеэ суллах, тайван итгэлтэй байх, амьсгалаа зохицуулж сурах хэрэгтэй. Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийн амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг мэдрэх мэдрэмжээ багасгаж чадна. Биеэ суллах, амьсгалаа зохицуулах, биеэ эвтэйхэн байрлалд байлгах нь эмэгтэй бүрд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл зарим эмэгтэй өвдгөөр сууж юм түших, зарим нь урагш хойшоо хөлхөж хөдлөх зэргээр өвдөлтийг хөнгөвчилдөг. Ихэңх эмэгтэйчүүд төрөлтийн үед нөхөр, ойр дотны хүнтэйгээ хамт байж тэдэнтэй ярилцахыг эрхэмлэдэг байна.

Хийн холимогоор амьсгалах

Хүчилтөрөгч, азотын ислийн холимогоор амьсгалахад өвдөлт намддаг. Тусгайлан бэлтгэсэн амавчаар /маск/ дамжуулан амьсгална. Умайн базлалт эхэлмэгц амавчыг амандаа тулгаж амьсгалах хэрэгтэй.

Өвчин намдаах тариа

Өвдөлт намдаах өөр нэг арга нь эмийн бодисыг хэрэглэх арга юм. Петидин хэмээх тариаг өргөн хэрэглэж байна. Тарьснаас хойш 20 минутын дараа үйлчилгээ нь эхэлж, 2-4 цаг үйлчилнэ. Тарилгын тусламжтайгаар өвдөлт намдаахад төрөх эмэгтэйг нойрмог, дүйнгэдүү байдалд оруулдаг нь энэ аргын сул тал юм.Төрөлт ойртох тутам өвдөлтийн эрч хүч нэмэгддэг билээ. Эхийг амархан, хурдан, өвдөлтгүй төрүүлэх эм, тариа гэж байдаггүй.

Ямар ч хүн мэдэхгүй юмнаас айж, санаа зовдог. Хэрвээ та төрөхөөс өмнө төрөлтийн тухай мэдлэгтэй, төрөх үедээ өөртөө итгэлтэй байвал өвдөлтийг өөрөө хянаж багасгаж чадна. Мөн төрөх үедээ та өөрөө биеэ дайчилж, эмч, эх баригчийн зөвлөсний дагуу амьсгалаа зөв зохицуулж, анхаарлаа төвлөрүүлж, базлалт, дүлэлт хооронд биеэ суллаж, амарч чадвал төрөлт нь жигд, хүндрэлгүй явагдана.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.