ГҮҮНИЙ СААМЫН ШИМТ ЧАНАР, ХЭРЭГЛЭЭ

Оршил

Гүүний саам сувиллын хүнс, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох манай орны томоохон, өвөрмөц нөөцийн нэг юм.

Манай орон 2 сая гаруй адуутай, үүнээс 900 гаруй мяган саалийн гүүтэй. Судалгаагаар саалийн 3 сарын хугацаанд нэг гүүнээс 500-600л саам гардаг байна.

Монголын сүү үйлдвэрлэгчдийн холбооны судалгаагаар саалийн 3 сарын хугацаанд 40 сая гаруй литр гүүний саам цуглуулах боломжтой.

Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад маш өвөрмөц найрлагатай. Манай ард түмэн 2300 жилийн тэртээгээс гүүний саамыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гүүний айраг, саам нь тансаг ундаа төдийгүй, уушиг, ходоод гэдэс, үе мөчний өвчнийг анагаах эмчилгээний ач холбогдолтой болохыг мэдэж, хэрэглэсээр иржээ.

Манай судлаачдаас В.Балдорж, Ц.Намсрай, Р.Индра нар гүүний саамын гарц, Б.Жамсранжав, Б.Сүхбаатар, З.Ичинхорлоо, Ш. Жадамба нар тосны хүчлийн найрлага, саамыг эхийн сүүтэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Гүүний саам, айрагны эмчилгээ, сувилгааны ач холбогдлын талаар С.Буяннэмэх, Б.Бүрэнтөгс нар бичсэн байдаг бөгөөд Б.Дагвадорж, С.Бадамжав, С.Отгонжаргал, Цагаан зэрэг эмч нар элэг, цөс, ходоод, арьсны өвчин, үе мөч, ясны сийрэгжилтийг анагаах эмчилгээний арга боловсруулан хэрэглэж байна.

Гүүний саамын судалгаа, хэрэглээ нэг хэсэг орхигдсон байсныг ШУҮ-ийн “Монэнзим” ХХК- ийн хэсэг ажилтан 1997 оноос эхлэн сэргээж, орчин үеийн судалгааны мэдээллээр баяжуулах, саамыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологи бий болгон, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр нилээд ажил хийж байна. Эдгээр ажлын үр дүнд жилд 20000л гаруй саам цуглуулж, зохистой технологиор боловсруулан, хуурай саам, гоо сайхны олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Нэг. Гүүний саамын биохимийн найрлагын судалгаа

Гүүний саам бусад малын сүүтэй харьцуулахад уураг, өөх тос, сүүний чихэр багатай. Харин эхийн сүүтэй хамгийн ойролцоо найрлагатай. Бид өөрсдийн хийсэн судалгааны дүнг гадаадын эрдэмтдийн хийсэн дүнтэй харьцуулан харуулав. (Хүснэгт 1, 2, 3).

 

Гүүний саамын найрлагын харьцуулсан судалгаа, %-иар

Хүснэгт 1

(Монгол, Италийн судлаачдын шинжилгээний дүнгээс)

Гүүний хуурай сүү, үнээний хуурай сүүний харьцуулсан судалгаа

Хүснэгт 2

ШУҮ-ийн “Монэнзим” ХХК-д гүүний шинэхэн саамыг вакуум орчинд өтгөрүүлэн тоосруулан хатаах, сублимаци буюу хөлдөөн хатаах аргаар боловсруулж, технологийн боловсруулалтын горим, нөхцөлөөс түүний шимт чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулан судалсан дүнг Хүснэгт 3-аар харуулав.

 Гүүний шинэхэн ба хатаасан саамын найрлагын харьцуулсан судалгаа
Хүснэгт 3

Хоёр. Гүүний саам гайхамшигтай шимт чанартай

1. Уургийн найрлага:

  • Казеин ба альбумины харьцаа 1:1 (Үнээний сүүнд энэ нь 7:1 байдаг). Иймээс үүний саамыг альбуминт сүү гэдэг.
  • Казеиний уургийн мицели нэвс нь үнээнийхээс 3 дахин жижиг байдаг. Иймээс түргэн шимэгддэг.
  • Шар сүүний уургаар баялаг. Энэ нь гүүний сааманд 35-50% байдаг бол үнээний сүүнд 13-15% байдаг.
  • Харшил өдөөгч β-лактоглобулин уургийн хэмжээ үнээний сүүтэй харьцуулахад гүүний сааманд 2 дахин бага байдаг.
  • Нийт амин хүчлийн 42-58% нь чөлөөт амин хүчил хэлбэрээр байдаг.
  • Үнээний сүүтэй харьцуулахад элэгний бодисын солилцоонд чухал үүрэгтэй таурин гүүний саам ба эхийн сүүнд 10-30 дахин их байдаг. Таурин нүдний харааг сайжруулах, цусны даралт, цусан дахь эпинефриний хэмжээг бууруулдаг байна.
  • Дархлаанд нөлөөлөх иммуноглобулинууд, цитокинтай төсөөтэй хүчин зүйлс их хэмжээтэй агуулдаг.

2. Нүүрс ус:

Гүүний сааманд бусад малын сүүтэй харьцуулахад хамгийн их бөгөөд харин эхийн сүүтэй хамгийн ойролцоо хэмжээтэй. Нийт нүүрс усны 85% нь лактоза буюу сүүний чихэр. Бие махбодид лактоза чухал үүрэгтэй. Үүнд:

  • Энергийн эх үүсвэр болдог. Уураг тархины хөгжилд онцгой чухал тул хүүхдэд нэн хэрэгтэй. Эрдэмтэд лактозыг “Тархины түлш” хэмээн нэрлэсэн байдаг.
  • Лактоза нь кальций, магнийн гэдэснээс шимэгдэх чадварыг сайжруулдаг.
  • Бифидум бактерийг дэмжиж, гэдэсний E.Coli-г дарангуйлан, гэдэсний өвчнөөс хамгаална.
  • Өтгөн ялгаруулалтыг хэвийн болгож, гэдэс дүүрэхээс хамаална.

3. Өөх тосны зүйлс:

Үл ханасан тосны хүчлийн агууламж ихтэй. Нийт өөх тосны 59-63% нь үл ханасан тосны хүчил байдаг бөгөөд үнээний сүүнд ханасан буюу царцуу өөх энэ хэмжээтэй байна.

  • Линол, линолений хүчил гүүний сааманд үнээний сүүнийхээс 15-18 дахин их байна.
  • Гүүний саамын тосны бөмбөлгийн хэмжээ үнээний сүүнийхээс 3 дахин жижиг байдаг. Иймээс саам хялбар шимэгддэг.
  • Бактери, вирусын эсрэг үйлчлэлтэй лауриний хүчлийн хэмжээ үнээний сүүнээс 1,5 дахин их байдаг. Холестеролын хэмжээ үнээний сүүтэй харьцуулахад 3,2 дахин бага байна.
  • Фосфолипидийг их хэмжээтэй агуулдаг.

4. Амин дэмийн агууламж:

  • “C” амин дэмийн агууламж үлэмж их. Бидний судалгаагаар гүүний хуурай сааманд үнээний хуурай сүүтэй харьцуулахад 14 дахин их “C” амин дэм байлаа. Эхийн сүүтэй харьцуулахад гүүний саамын “C” амин дэмийн агууламж нь 4-8 дахин их хэмжээтэй болохыг Италийн судлаачид (E.Pagliarini and 1993) тогтоосон байна.
  • А, B1, B3, B6, B7, B9, B12, B13, B15, K, D, E зэрэг аминдэм сааманд агуулагддаг.

5. Эрдэс бодис:

  • Кальций, фосфорын харьцаа гүүний сааманд хамгийн зохистой хэмжээтэй. Бидний судалгаагаар Ca:P= 1,34 байлаа. Энэ хэмжээ нилээд хэлбэлздэг. Жишээ нь Martuzzi болон бусад эрдэмтэд 1,15-2,25 гэж бичсэн байдаг.
  • Үл орлуулах буюу хоол хүнсээр зайлшгүй авбал зохих бүх эрдсийг нэр төрөл, шаардлагатай хэмжээгээр агуулдаг. Гүүний сааманд бидний хийсэн эрдсийн судалгааны дүнг дараахь хүснэгтээр харуулав.
Гүүний саамын эрдсийн агууламж (ppm нэгжээр)

Хүснэгт 4

6. Дархлааг сайжруулах шинж чанар:

Бактери, вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй лактоферрин бусад малын сүүтэй харьцуулахад гүүний сааманд илүү хэмжээтэй байдаг.

  • Гүүний сааманд IL-1, IL-1Ra, IL-6, IL-18, TNF-α, лактоферрин зэрэг 6 төрлийн иммуномодулятор байгааг Л.Амарсанаа (ШУҮ-ийн “Монэнзим” ХХК) анх удаа тогтоосон юм. Лактоферрин төмрийг элэг, чөмөг, булчин руу зөөвөрлөдөг, бактери, вирусын эсрэг үйчлэлтэй.
  • Lymphocyte activation effect1

7. Бусад:

Гүүний саам лизоцим, диастаза, каталаза, пероксидаза, фосфатаза зэрэг 70 гаруй фермент агуулдаг. Эдгээр нь хоол боловсруулалтыг сайжруулан, халдвар авахаас хамгаалахад ихээхэн үүрэгтэй. Эдгээрээс бактерийн эсрэг үйлчлэлтэй лизоцимын хэмжээ үнээний сүүнд байдгаас 4000-10000 дахин илүү, шар сүүний уургийн 11%-ийг эзэлдэг байна. Диастаза буюу амилаза фермент гэхэд гүүний сааманд байдаг хэмжээний дөнгөж 3% нь үнээний сүүнд байдаг ажээ.

Ацетилхолин агуулдаг

Гүүний саам эпидермийн өсөлтийн хүчин зүйл EGF (Epidermal Growth Factor) агуулдаг тул ходоод, гэдэсний эдийн ургалтыг тэтгэн, шархлаа үүсэхээс хамгаалж, гэдэсний салст бүрхүүлийн ургалтыг сайжруулж байдаг.

Гурав. Гүүний саамын хэрэглээ

Сувиллын салбарт: Гүүний саамын шимт чанарт үндэслэн, олон өвчний үед үр дүнтэй хэрэглэж байгаа тухай, Казакстан, Итали, Энэтхэг, Австрийн судлаачдын нийтлэл олон байна. Үүнд:

  • Ходоод, гэдэсний хямрал, шархлаа, дибактериоз
  • Уушиг, амьсгалын замын өвчин
  • Элэг, цөс, нойр булчирхайн өвчин
  • Зүрх судасны өвчин
  • Склероз
  • Паркинсоны өвчний үе
  • Мэс заслын өмнө ба дараа
  • Эмэгтэйчүүдийн өвчин
  • Арьсны өвчин, нейродермит
  • Харшил
  • Үе мөчний өвчин
  • Дутуу төрсөн хүүхдүүд, хүүхдийн тэжээл
  • Бэлгийн замын дотоод шүүрлийн улмаас үүссэн хямрал
  • Хавдрыг хими, цацраг туяагаар эмчилсний дараа

Антибиотик үйлчлэл:

  • Cаамын Streptococcus бактери ницин, Lactobacillus Bulgaricus нь ацидофилин, ацидолин ялгаруулдаг тул антибиотикийн үйлчлэлийн өргөн хүрээтэй.
  • Гүүний саамыг хэдэн долоо хоног уухад, тамир тэнхээ сэргээн, эрч хүч өгч, анхаарал төвлөрөлт, ой тогтоомж сайжирдаг тухай Австрийн судлаачид (Werner Seidl, Tomas Derler-Tochterle: Mare’s milk-curing nourishment, 2005) бичсэн байна.

Гүүний саамын гайхамшигт шимт чанар нь түүнийг эмчилгээ, сувилгаа, хүүхдийн тэжээлийн зориулалтаар өргөн хэрэглэх боломж олгож байна.

Гоо сайхны салбарт: Гүүний саамын тосны хүчлийн найрлага нь хүний арьсны тосны хүчлийн найрлагатай ижил байдаг.

  • Арьсны бүтцийг сайжруулдаг.
  • Үрчлээсний эсрэг үйлчлэлтэй.
  • Арьсыг шимт бодисоор тэтгэнэ.
  • Чийглэг, тослогийг тэнцвэржүүлнэ.
  • Цусны эргэлтийг сайжруулна.
  • Үл ханасан тосны хүчлүүд нь орчны хорт бодисоос арьсыг хамгаална.
  • Эдгээр шинж чанарт үндэслэн, гүүний саамыг гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн сайн түүхий хэмээн, арьс арчилгааны бүх төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн олон оронд үйлдвэрлэдэг болж байна.

ШУҮ-ийн “Монэнзим” компанид 2000 оноос эхлэн, гүүний саам, цэвэршүүлсэн тосыг агуулсан, төрөл бүрийн арьсанд зориулсан нүүрний өдөр, шөнийн тос, цэвэрлэх шингэн, тоник, гар, хөл, биеийн тос үйлдвэрлэж байгаа билээ. Өнөөдөр Францын гоо сайхны бүтээгдэхүүний дэлхийд алдартай “Лореал” компанид ажиллаж байсан зөвлөхийн удирдлаган доор шинэ нэр төрлийн 10 гаруй бүтээгдэхүүн хийхээр, туршилт шинжилгээний ажил хийж байна.

Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор Ph, дэд профессор Ж.Алимаа ШУҮ-ийн “Монэнзим” ХХК, зөвлөх ШУҮ-ийн “Монэнзим” ХХК-ын захирал М.Алтанцэцэг.monenzyme@mongol.net

4 Comments

  1. daramaa

    хуурай саам ямар үнэтэй вэ ? шингэн саамыг орлуулж уувал болох уу ?

  2. Ц.Балжинням

    Айраг” нэрийг патентлах хэрэгтэй. Энэ нэрийг ашиглан архи пиво үйлдвэрлэгчид архи пивоны сурталчилгаа амжилттай хийж ард түмнээ хордуулах бизнес хийж нэр хүндийг нь унагаж байна.

  3. Баби

    Сайн байна уу. БИ гүүний айраг уух маш их дуртай одоо байнга уудаг. Хамгийн гол нь би жирэмсэн юм аа.  Жирэмсэн байх хугацаанд уухад ямар нэг муу нөлөө байхгүй биз дэ. Та бүхэн миний майлрүү заавал хариу бичээрэй хүлээж байяэ

  4. batochir

    Sn buteegdehuun bnlee amjilt husii

Leave a Reply