Элэгний өвчний үед гликовит бэлдмэлийг хэрэглэсэн дүн

Судалгааны үндэслэл, ач холбогдол: Өнөөдөр манай хүн амын өвчлөлийн тэргүүлэх эгнээнд хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчлөлийн давтамж давамгайлж, үүнээс улбаалан элэг, ходоодны хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болжээ.

Ялангуяа архинаас үүдэлтэй элэгний эмгэг, В, С-хепатит элэгний цирроз, улмаар хорт хавдар үүсэх үндсэн нөхцлийг бүрдүүлж байна. Элэгний өвчнийг эмчлэх эмийн нэр төрөл олон байгаа боловч эмэн эмчилгээний үр дүнг тооцох, байгалийн гаралтай эмийг шинээр бүтээх, клиникт хэрэглэх явц ерөнхийдөө удаан явагдаж байгаа билээ. Иймээс элэгний эмгэгийн үед хэрэглэдэг Гликовит бэлдмэлийг клиникт хэрэглэж үр дүнг тогтоох шаардлага зайлшгүй тавигдаж байна.

Судалгааны зорилго: Элэгний вирүсийн өвчний үед Гликовит бэлдмэлийг хэрэглэж үр дүнг тооцож уг бэлдмэл элэгний вирүсийн өвчний үед нөлөөлж байгаа эсэхийг тогтооход бидний гол зорилго оршиж байна.

Судалгааны зорилт: Уг бэлдмэлийн хэрэглэснээр биохимийн шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөр уг эмийн элэгний вирүсийн өвчний үед хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилтыг тавьлаа.

Судалгааны материал: Бид Гликовит бэлдмэлийг ШКНЭ-ийн дотрын тасаг, “Ачтан” клиникийн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж эмчлүүлсэн элэгний В, С вирүстэй нийт 29 өвчтөнг хамруулав. Өвчтөнгүүдийн дундаж нас 46,27±10,3 Эр 15, буюу 51,7%. Эм 14, буюу 48,3% байлаа.

Ажиглалтын арга зүй: Эмийг клиникт хэрэглэсэн гадаадын судлаачдын дүгнэлтэнд тулгуурлан элэгний В, С вирүстэй архаг хепатиттай өвчтөнийг түүврийн аргаар сонгон эмчлэв. Эхний 10 хоногт өдөрт 2 шахмалаар 3 удаа, дараа нь өдөрт 1 шахмалаар 3 удаа уулгаж эмчилгээ эхлэхийн өмнө ба эмчилгээ хийх явцын 30 дах хоногт биохимийн үзүүлэлтээр эмэн эмчилгээний дүнг гаргасан. Эм хэрэглэх үед өөр бусад эм, хоол унданд хязгаар тогтоогоогүй. Эмийг хэрэглэх явцад гаж нөлөө илрээгүй.

Судалгааны үр дүн: Эмчилгээ эхлэхийн өмнөх билирубин – 0,99±0,25 нийт уураг – 74,49±5,25 альбумин – 41,36±3,88 ГОТ

– 113,67±51,82 ГПТ – 128,47±59,65 ШФ – 426,12±76.24 байна.

Эмчилгээ хийгээд нэг сарын дараа билирубин – 0,55±0,13 нийт уураг – 74,02±4,04 альбумин – 41,28±3,93 ГОТ – 55,56±22,19 ГПТ – 62,15±25,29 ШФ – 351,25±38,46 болжээ.

Нэг сарын эмчилгээний үр дүнд билирубин 45%-иар буюу стастикийн үнэн магадтай (p<0,001), ГОТ 51,2%-иар буюу статистикийн үнэн магадтай (p<0,001), ГПТ 51,7%-иар буюу статистикийн үнэн магадтай (p<0,001), ШФ 17,6%-иар буюу статистикийн үнэн магадтай (p<0,001)тус тус буурсан байна. Харин нийт уураг 0,7%-иар (p<0,5), альбумин 0,2%-иар (p<0,5) буюу эмчилгээний өмнө, хойно онцын ялгаагүй байна.

Дүгнэлт:

  1. Гликовит бэлдмэл нь трансаминазыг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогдлоо.
  2. Гликовитыг хэрэглэхдээ дифенилдиметил- бикарбоксилат (DDB) буюу “Канема” нэртэй эмтэй хавсарвал эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлөх үйлдэлтэй байна.

 

Б.Батболд 1 , Б.Цэрэндаш1 , И.Отгонбаяр 2 1 Анагаах ухааны хүрээлэн 2 “Aчтан” клиникийн эмнэлэг

Leave a Reply