МЕТИЛИЙН СПИРТ – ХОРТОЙ БОДИС!

Метилийн спирт буюу модноос анх гаргаж авсныг үндэслэн модны спирт гэж  нэрлэдэг химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт эрэглэдэггүй хорт бодис юм. Метанолын хими, хорт чанарын талаар ЭМШУИС-ийн хими- биохимийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Энхмаагийн өгүүлэлийг нийтлэв-Ред.

Метилийн спирт (метанол) буюу модны спиртийг синтезийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Модыг хуурай нэрэх аргаар метилийн спиртийг гарган авах үед их  хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой спирт гардаг. Уг спирт нь өнгөгүй  шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй. Метилийн спиртийн хэрэглээ олон салбарт нэвтэрсэн бөгөөд формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч болгон  өргөн ашиглана. Гэр ахуйн зориулалттай цэвэрлэгээний бодисууд метанолын  агуулгатай байдаг. Хүнсний зориулалттай бүтээгдэхүүнд метанол агуулагдах ёсгүй.

Метанолын хордлого ганц нэг хүмүүст эсвэл нийтийг хамарсан байдлаар тохиолдоно. Гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх юмуу эсвэл  санаатайгаар этилийн спирттэй хольц хэрэглэснээс хорддог байна. Нийтийг  хамарсан метанолын хордлого нь нийгмийн ядуурлын индикац болох бөгөөд  дайны үед юмуу эсвэл дайны дараах хүнсний хямралын үед нэлээд тохиолддог байна.

Метанол нь физик химийн шинжээрээ этанолыг бодвол устай илүү төрөлсөлтэй байдаг. Түүний өөх тосонд уусах чадвар их бага. Иймээс этанолтай харьцуулахад  метанолын шингээлт мэдэгдэхүйц удаан байна. Шингээгдсний дараа голлон  биеийн шингэнд тархана. Биед метанолын хувирал этанолын нэгэн адил  механизмаар явагдана.

Метанол алкохольдегидрогеназа /АДГ/ энзимийн тусламжтай исэлдэж формальдегидад хувирна. Формальдегидын өчүүхэн бага хэсэг нь  монооксигеназын тусламжтай, ихэнхи хэсэг нь цаашид альдегиддегидрогеназа  энзимийн нөлөөгөөр исэлдэж шоргоолжны хүчил үүсгэнэ. Шоргоолжны хүчил нь  С1- бодисын солилцооны дүнд /коэнзим: тетрагидрофолын хүчил/ СО2 ба Н2О болтлоо исэлдэхийн зэрэгцээ бас зарим хэсэг нь формальдегидын нэгэн адил аминхүчил болон өөр бусад бүтцийн нэгдлүүдэд холбогдох Каталаза I ба III–шатанд хэр их оролцдож буй нь одоогийн байдлаар бүрэн тогтоодоогүй байгаа. I-р  шатны урвал этанолынхоос харьцангуй удаан үргэлжлэх ба харин  формальдегидын хувирал маш хурдан явагдана. Формальдегидын хагас задралын  үе нь 1 минутаас ч бага байна. Гэтэл шоргоолжны хүчил нүүрсхүчлийн хий болон  задрах процесс маш удаан үргэлжлэнэ.

IV ба V шатны метилжих урвал тоо хэмжээний хувьд онц нөлөөлөхгүй.  Шоргоолжны хүчлийн шээсээр гадагшлах процесс мөн удаан байдаг. Иймд энэхүү  органик хүчтэй хүчил бие организмд хуримтлагдаж хордлого үүсгэх гол шалтгаан болно.

Метанолын хордлогын байдал: Симптом нь метанол ба түүний исэлдэлтийн бүтээгдэхүүн болох шоргоолжны хүчлийн концентрацаас хамаарна. Зарим төрлийн амьтад тухайлбал хулгана, харх, туулайнд шоргоолжны хүчлийн задрал хурдан явагддаг учир эдгээр амьтдад хожуу үеийн хордлогын шинж тэмдгүүд огт илэрдэггүй байна.

Гэтэл хүний биед шоргоолжны хүчлийн задрал нь концентрацаас шууд хамааралтай байх ба биед орсон метанолын хэмжээ их байх тусам шоргоолжны  хүчлийн задралын хагас үе нь удаан үргэлжилнэ, өөрөөр хэлбэл хордлого гүн, удаан үргэлжилнэ.

Метанолын исэлдэлт нийтдээ харьцангуй удаан үргэлжлэх бөгөөд түүний 30-60%  нь уушгаар /амьсгалаар/, багахан хэсэг нь бөөрөөр дамжин хувиралд оролгүйгээр  биеэс гадагшилна. Нүдний харааг гэмтээж байгаа механизмыг одоо болтол бүрэн  тайлбарлаж чадаагүй байгаа. Туршилтаар формальдегидийг шууд нүдний дотор  хэсэгт тарьж оруулвал ретинаг дегенерацид оруулдаг, харин формальдегидыг судсаар хийх үед ретинад ямар ч нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна.

Хурц хордлого

Метанолын наркотик үйлчлэл нь этанолтай харьцуулахад харьцангуй бага байх ба харин хэрэв мансуурсан тохиолдолд метанолын исэлдэх болон ялгарах процесс  удаан явагддагтай холбоотойгоор мансуурлаас гарах нь удаан байна. Ямар нэгэн  согтох байдалд оролгүйгээр метанолын хожуу хордлогын /ацидроз, амауроз/ шинж тэмдэгүүд илрэх тохиолдол олон байдаг.

Биед шоргоолжны хүчил хуримтлагдсанаас улбаалж метаболик ацидозд орох  бөгөөд энэ нь метанол ууснаас 2-3 хоногийн дараа илэрч цаашид нэлээд олон  өдөр үргэлжилнэ. Энэ үед цусны рН хэмжээ 7.0 –оос багасаж, амьсгал хурдсаж,  шээс хүчиллэг болж зүрх – цусны эргэлтэнд нөлөөлнө.

Метанолын хордлогын нэг гол шинж нь нүдний хараа муудах бөгөөд энэ нь 2  фазаар явагдана. 1 ба 3 дах өдрөөс эхлэн visus булингартаж, хэрэв энэ байдал  буцаад хэвэндээ орохгүй бол энэ нь ретина-д одем үүссэн болохыг илтгэх ба энэ  процесс эргээд сайжирч болно. Дараагийн шатанд харааны мэдрэлийн дегенераци эргэлтгүй явагдаж улмаар сохрох аюултай. Харах эрхтэний мэдрэг  чанар нь тухайн хүний биеийн байдал ба хоол идсэн эсэхээс ихээхэн хамаардаг  болох нь тогтоогдсон байна.

Метанолын хордлогын үед үхлийн тавилан бусад хордлоготой харьцуулахад  өндөр байдаг. 30-100 мл метанол үхэлд хүргэх аюултай. Үхэлд хүргэж буй гол  шалтгаан нь ацидозийн улмаас бодисын солилцооны хямралд орсонтой холбоотой. Метанолыг хэт өндөр тунгаар хэрэглэсний улмаас ацидоз-д орохоос  өмнө наркотик үйлчлэлийн улмаас үхэлд хүрэх тохиолдол их цөөхөн гардаг.

Хордлогын үед авах арга хэмжээ

Метанолын хордлого тайлах тодруулбал, метанолын исэлдэх процессыг  саатуулах ба метаболийн ацидозыг арилгах гэсэн хоёр үндсэн зам бий.

1. Этанол өгөх: этанолын алкохолдегидрогеназа энзимтэй холбогдох чадвар нь метанолоос хамаагүй өндөр байдаг. Иймээс харьцангуй бага концентарцаар этанол өгөхөд метанолын исэлдэлтийг бүрэн дарангуйлж чадна. Ингэснээр  хордлогыг үүсгээд байгаа хортой нэгдэл болох шоргоолжны хүчил үүсэх процесс  зогсож, метанол хувиралгүйгээр амьсгалаар биеэс гадагшлах боломж бүрдэнэ.  Хордлогод орсон хүний цусанд дах спиртийн хэмжээ 1 промилл байлгахаар  тооцож 2-3 цагийн зайтай этилийн спиртийг биед оруулна. Энэ арга хэмжээг хэдэн  өдрөөр дараалан авах шаардлагатай. Энэ хугацаанд өвчтөнд хяналт сайтар тавих  шаардлагатай. Метанол ба этанолын холимог хордлого арай хөнгөвтөр байдаг.

Метилийн спиртийн бас нэг антидот бол фомеризоле /4-метилпиразол, антизол/ юм. Үйлчлэх механизм нь этилийн спирттэй  адилхан. Этилийн спиртээс давуу тал  нь сөрөг нөлөө багатай, серум дах концентрацыг хянах шаардлагагүйн зэрэгцээ  биед оруулахад хялбар байдаг. Гэвч өртөг өндөртэй байдгаас практикт тэр болгон хэрэглээд байдаггүй ажээ.

2. Шүлтлэгжүүлэх. Ацидозыг зохицуулахад натрийн бикарбонат ба трисбуферийн  уусмал хэрэглэнэ. Ацидоз-д хэр гүн орсноос хамаарч тун нь янз бүр байна. Биед  метанол ба шоргоолжны хүчил бүрэн задарч дуустал хяналтыг хийж давтан хэрэглэнэ. Шүлтлэгжүүлэх эмчилгээг цаг алдалгүй авч чадвал хүний амь насыг  эрсдэхээс хамгаалж чадна.

3. Гемодиализ нь метанолыг биеэс гадагшлуулахад үр дүн багатай, харин  ацидозыг зохицуулахад илүү үр дүнтэй арга хэмжээнд тооцогдоно.

Архаг хордлого

Хурц хордлогод шууд оруулахаас бага хэмжээгээр хэрнээ давтан олон хэрэглэсэн тохиолдолд хараа болон сонсголын мэдрэл дегенерацид орж, эдийн түвшинд энэ төрлийн хордлогын шинж илэрнэ.

Хордлого үүсгэх аюултай спиртийн бусад гомологууд

Алифатик спиртүүдийн гомолог эгнээ ихсэх тусам наркотик шинж нэмэгдэх бөгөөд  харин эмчилгээний хязгаар С3 –аас эхлээд огцом буурна.

Ариутгах зорилгоор, косметик болон зарим арьсны дерматологийн бэлдмэлүүдэд изопропилийн спиртийг өргөн ашигладаг.

Изопропилийн спирт нь алкохольдегидрогеназа эмзимийн үйлчлэлээр ацетонд  хувирна. Тус спиртийн хурц хордлогын үед мансуурлын байдалд орсон байхын  зэрэгцээ амьсгалаар нь ацетоны үнэр ханхална.

Хоёр болон олон атомт спиртүүдийг техникийн зориулалтаар өргөн ашигладаг.

Тухайлбал хоёр атомт спирт болох этиленгликолийг машины хөргөгчид  хөлдөлтөөс хамгаалагч бодис болгон ашиглахын зэрэгцээ косметикийн  үйлдвэрлэлд уусгагчаар маш өргөн хэрэглэдэг. Тус спиртийг этанол гэж андуурч хэрэглэснээс үүдэлтэй хордлого нэлээд тохиолддог байна. Этиленгликоль нь  бодисын солилцоонд этанолын нэгэн адил исэлдэх ба энэ нь олон шат дамжин  эцэст нь оксалын хүчил үүсгэнэ. Оксалын хүчил нь Са2+ ионтой урвалд орж муу уусдаг давс үүсгэнэ. Шээсэнд түүний концентрац нэмэгдэж улмаар бөөрний сувганцаруудыг бөглөнө, зарим үед шээс хаагдах тохиолдол ч гардаг. Хамгийн их  хордлого үүсгэдэг бодис нь завсрын бүтээгдэхүүн болох глиоксилын хүчил /СНОСООН/ юм.

Тэрээр бөөрний тубулусыг шууд гэмтээдэг байна. Үүний нөлөөгөөр урамие үүсч, комад орсны улмаас үхэлд хүргэдэг байна. Үүний зэрэгцээ  тархины үйл ажиллагаа алдагдаж, психозын шинж  тэмдэгүүд ажиглагддаг.  Этиленгликолийн 100-200 мл шингэн үхэлд хүргэнэ. Хордлогод орсон тохиолдолд  цаг алдалгүй хиймэл бөөрний аппарат-д оруулах бөгөөд түүний исэлдэж хортой  бүтээгдэхүүнд хувирах процессыг метанолын хордлогын нэгэн адил этанол өгөх  замаар сааруулна.

1,2-пропиленгликоль нь 1,3-пропиленгликолиос бага хортой ба муу уусдаг бодисуудын уусгагчаар фармакологи ба токсикологийн салбарт өргөн ашиглагддаг.

Түүний исэлдэлтийн бүтээгдэхүүн нь хоргүй сүүний хүчил байдаг. Хоёр суурьт гликолийн дээд гомологууд нь С2ба С3 –ын төлөөлөгчдөөс илүү хүчтэй хордуулах  үйлчлэлтэй байна. Глицериныг их хэмжээгээр уусан эсвэл судсаар орсон тохиолдолд гемолизын хүнд хэлбэр үүсгэнэ.

Доктор Д.Энхмаа,хими-биохимийн тэнхим, ЭМШУИС

Leave a Reply