Өтгөн хатах

Өтгөн хаталт -ын шалтгаан нь хооллолттой холбоотой. Хоол хүнс чанарын хувьд боловсруулалт сайтай улам боловсронгуй болж байгаа ч гэдэсний ажиллагааг сайжруулж ходоодыг сулладаг ислэг бодис  нь багассанаас өтгөн хатдаг.

Түүнээс гадна цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай амьдрал нь өтгөн хатах нэгэн шалтгаан болдог.

Хоол ундны илчлэг нь биш харин хэмжээ нь ходоод сулрахад нөлөөлнө. Ялангуяа хоол хүнсэнд тодорхой хэмжээтэй агуулагддаг, биемахбодод боловсрогддоггүй ислэг бодис болон шингэн хэр  хэмжээтэй байхаас ихээхэн хамааралтай. Эдгээр нь их байх тусмаа сайн. Өтгөн хатах хандлагатай бол өдөрт 8-10 шилэн аяга буцалсан ус, шингэн зүйл уух хэрэгтэй.

Туулгыг зөвхөн аргагүй байдалд ууж болно. Туулга нь өтгөн хаталтын үндсэн шалтгааныг арилгахгүй, зөвхөн яаралтай тусламж үзүүлнэ. Хэтрүүлж хэрэглэвэл гэдэсний ажиллагааг хямрааж биемахбод кальц хэмээх бичил элементээ алдаж дахин өтгөн хатахад хүргэнэ.

Ялгадас хүний биед удаан байх нь идээлүүлэгч нян үржих нөхцөл бүрэлдүүлж хий их хуримтлагдсанаас хэвлий дүүрч өрц өргөгдөн зүрх уушигны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Энэ үед  зүрхээр хатгах, амьсгаадах шинж илэрнэ. Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг бодисууд цусанд шимэгдэж биеийг архаг хордлогод оруулна. Мөн өтгөнийг гаргахад хэт их дүлснээс ивэрхий  үүсэх, тархи, зүрхний цусан хангамжинд муу.

Өтгөн хатахаас яаж сэргийлэх вэ?

  1. Хоолны дэглэм сахих. Хоолонд голчлон ногоо, жимс эслэг ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэх, буцалсан хүйтэн ус өглөө өлөн элгэн дээрээ уух, хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар 1 удаа наранцэцгийн тос уух хэрэгтэй. Мөн өлөн элгэн дээрээ 2 ш алим угааж хальстай нь идвэл сайн. Мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, хар талх, цайны печенье, тараг, гүүний саам, ногооны салат сайн ид.

  2. Клизм тавих. Шамбарамтай бол болгоомжтой хандана. Клизмыг наранцэцгийн тос, давстай юм уу цэвэр буцалсан бүлээхэн ус зэргээр тавьж болно. Өглөө өлөн дээрээ тавих нь сайн.

  3. Иллэг хийх. Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан иллэгийг өдөрт хэд хэдэн удаа хийх нь тохиромжтой.

  4. Дасгал хийх. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгал хийснээр хэвлий хавийн булчин сайн хөгжиж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

  5. Тогтмол өглөөний цай ундаа ууж байх хэрэгтэй. Өглөөний цайны дараа ходоод сунаж бие засмаар болдог. Харин яарч сандрах, хугацаа давчдах зэрэг шалтгаанаас бие засахгүй байх нь зохимжгүй юм.

Leave a Reply