Нулимсны аппаратны өвчин

Ерөнхий

Нулимсны булчирхай нь нүдийг цэвэрлэх, чийглэх өвөрмөц шингэн боловсруулах маш чухал үүргийг гүйцэтгэдэг.  Нулимсны системийн булчирхай, гадагшлуулах зам, дамжуулуах зам зэрэг бүрдүүлэгчдийн нэгийг нь, эсвэл бүгдийг нь гэмтээдэг өвчнийг нулимсны системийн өвчин гэнэ.

Эдгээрийн тоонд дакриоаденит буюу нулимсны булчирхайн үрэвсэл, эпифору буюу нулимсыг хэвийн хэмжээнээс хэт ихээр ялгаруулах, нулимсны замын үрэвсэл ба нарийсал зэрэг орно.

Шалтгаан

Нулимсны булчирхайн өвчин нь төрөлхийн ба олдмол байхаас гадна томуу, улаан эсэргэнэ, гахайн хавдар зэрэг үрэвсэлт өвчин, хавдар ба гэмтлийн үед үүснэ.

Нулимас ялгаруулах замын өвчин нь мэдрэлийн гэмтэл, халдварт өвчин, нүд ба хамрын хавдар болон үрэвсэлт өвчинтэй холбоотой байдаг. Мөн түүнчлэн нулимас ялгаралт алдагдах шалтгаан нь гадны биет (сормуус, цагаан хорхой) байж болно. Нулимсны сувгийн төрөлхийн дутмагшил ч тохиолддог.

Шинж тэмдэг

Хүүхдийн дээд зовхи нь төрөхөөсөө хавагнасан, нулимс байнга гойжих, эсвэл бүр гарахгүй байх, тогтмол халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл нулимсны системийн төрөлхийн дутмагшилтай байх магадлал өндөр.

Нулимсны системийн хурц үрэвсэл нь ихэвчлэн хүүхдэд, залуучуудад тохиолддог. Үрэвсэл нь нэг ба хоёр талдаа байж болохоос гадна шүлсний булчирхайг ч хамарсан байж болно. Дээд зовхины гадна хэсэгт өвдөх, хавагнах нь өвчний үндсэн шинж тэмдэг юм. Их хавагнасан үед нүдээ нээхэд ч хэцүү байдаг. Харин нүдний алим байрнаасаа хөдөлж, нүдний хөдөлгөөн хөшүүн болж. нүдний алим шахагдаснаас үүдэн хөдөлгөхөд хэцүү байдаг.  Мөн толгой өвдөх, нойргүйтэх, хоолны дуршил алга болох, халуурах зэрэг шинж илэрнэ. Нулимс байнга гарах нь нулимас гадагшлуулах замын өвчний үндсэн шинж бөгөөд нь салхи, хүйтэнд ихэсдэг. Үүний улмаас зовхины зах хэсгийн арьс улайдаг.

Оношлогоо

Оношыг нүдний эмч тавьна. Нулимсны аппаратны гэмтсэн хэсгийг тодорхойлохын тулд нулимсны сувагт жижиг тариураар будагч бодис хийгээд буцаж гадагшилж байгаа байдлаар нь нулимас ялгаруулах эрхтний гэмтэл байгаа эсэхийг тодорхойлно. Хавдар, гэмтэл байж магадгүй үед рентген шинжилгээ хийлгэнэ.

Эмчилгээ

Нулимсны аппаратын эмчилгээг, ялангуяа эрхтний төрөлхийн дутуу хөгжлийн үед аг алдалгүй, зөв хийх хэрэгтэй. Учир нь нулимас хуралдсаар идээлж, халдвар нүд, тархи руу аюултай байдаг.

Нулимсны булчирхайн хурц үрэвслийн үед нөхөн сэргээх эмчилгээ, тос ба дусаалга хэлбэрийн эмийн бэлдмэл хэрэглэнэ. Үүнтэй зэрэгцэн үрэвслийн шалтгаан болсон үндсэн өвчнийг эмчилнэ.

Нулимас гадагшлуулах замын өвчнийг өвчний шалтгааныг арилган биеийн эсэргүүцэл сайжруулах чиглэлд хийх бөгөөд шаардлагатай бол мэс заслын аргаар нулимс гадагшлах замыг тэлэх эмчилгээ хийнэ.

2 Comments

  1. тэгшжаргал

    nulimasni apparatnii vrewsliin xvndrel gej bga yu xeregtei bn

Leave a Reply