Уйлж буй хүүхдийг аргадах хамгийн сайн арга нь тэврээд алхах болохыг эрдэмтэд тогтоожээ

Уйлж буй нялх хүүхдийг тайтгаруулах нь эцэг эхчүүдийн хувьд том сорилт болдог.

Тэгвэл Япон, Италийн хэсэг эрдэмтэд туршилт дээр үндэслэн уйлж буй хүүхдийг тайвшруулах хамгийн сайн аргыг олсон тухайгаа “Current Biology” сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт нийтлүүлжээ.

Судалгааны үр дүн эцэг эхчүүдэд, ялангуяа туршлагагүй залуу эцэг эхчүүдэд чухал хэрэгтэйг эрдэмтэд тайландаа онцолсон байна.

“Би дөрвөн хүүхэд өсгөсөн хүн. Гэхдээ би ч гэсэн статистик тоо баримтыг харах хүртлээ судалгааны үр дүнд эргэлзэж байлаа” гэж Японы тархи судлалын RIKEN төвийн эрдэмтэн, судалгааг ахалсан Күми Күрода ярьжээ.

Түүний удирдсан баг өмнө нь хөхтөн амьтад үр зулзагаа зөөвөрлөж явах үеэр ямар үр дүн гардгийг хулгана, нохой, сармагчин зэрэг амьтад дээр туршиж байсан гэнэ.

Амьтдыг ийм үйлдэл хийхэд зулзага нь чимээгүй, даруухан болж, зүрхний хэмнэл нь удааширдаг болохыг тэд тогтоожээ.

Ингээд Күродагийн баг энэ туршилтаа хүн дээр гүйцэтгэсэн байна.

Тэд 0-7 сартай хүүхэдтэй 21 ээжийг дөрвөн горимд туршжээ.

Үүнд тэврээд алхах, тэврээд суух, хөдөлгөөнгүй хэвтүүлэх, хөдөлгөж бүүвэйлэн хэвтүүлэх горимуудыг туршсан байна.

Хүүхдийг тэврээд алхахад 30 секундийн дотор уйлах нь багасаж, зүрхний цохилт нь удааширч байжээ. Хөдөлгөж бүүвэйлэхэд бас ойролцоо үр дүн гарсан ч хөдөлгөөнгүй хэвтүүлэхэд үр дүнгүй байсан байна.

Эндээс эхийн тэврэлт хангалтгүй, тэврээд алхах нь чухал үүрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Дараа нь таван минутын турш тэвэрч алхахад гарах үр дүнг судлахад хүүхдүүдийн 46 хувь нь унтсан байна. Дахин нэг минут үргэлжлэхэд нэмээд 18 хувь нь унтаж байжээ.

Эндээс тэвэрч алхах нь хүүхдийг тайвшруулаад зогсохгүй, унтахад нөлөөлдөг нь харагдсан байна.

Гэхдээ унтангуут нь орон дээр хэвтүүлэхэд хүүхдүүдийн гуравны нэгээс илүү нь 20 секундийн дотор сэрж байжээ.

Эхээсээ салмагц хүүхдийн зүрхний цохилт буцаж түргэсдэг нь хэмжилтээр тодорхой болсон байна. Харин гар дээрээ аль болох удаан унтуулсны дараа хэвтүүлэхэд сэрэх магадлал нь буурч байжээ.

Күродагийн багийн гаргасан эцсийн зөвлөмжөөр бол хүүхдийг тайвшруулж унтуулахдаа эхлээд таван минут тэвэрч алхах, дараа нь оронд хэвтүүлэхээсээ өмнө 5-8 минут тэвэрч суух ёстой гэнэ.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.