Эцэг эхчүүд дур мэдэн антибиотик, фталазол уулгах нь хүүхдийн гэдэсний хэвийн өнгөрийг алдагдуулж, суулгалт ужиграх шалтгаан болдог. Харин цусан суулгалтын үед эмчийн зөвлөгөөгөөр үүсгэгчийн эсрэг эм хэрэглэдэг.
Нярай хүүхдийн баас цустай гарвал эмнэлэгт хэвтүүлнэ.
Шингэн алдалт. Суулгалт өвчтэй хүүхдэд шингэн хангалттай уулгахгүй буюу өгч буй шингэний хэмжээ суулгалтаар алдаж буй шингэний хэмжээнээс бага байвал шингэн алдалтын шинж гарна.
Хүүхэд жингийнхээ 5%-д хүрэхгүй шингэн алдах үед ямар нэг тодорхой шинж гарахгүй. харин 5%-иас дээш алдвал шингэн алдалтын доорх шинжүүд гардгийг эхчүүд ажиглаж байх хэрэгтэй.
Үүнд:
-
Хүүхэд цангаж уух юм нэхэж ховдоглон уух.
-
Хүүхэд уцаар тайван бус болох.
-
Хэвлийн арьсыг чимхээд тавихад хэвдээ удаан орох.
-
Нүд, зулай хонхойх.
Эдгээр шинжүүдээс 2 шинж байвал эмчид яаралтай үзүүлж ШСД-ны уусмал эмчийн хяналтан дор 4 цагийн турш уулгана. Хэрэв ийм арга хэмжээ яаралтай авахгүй бол хүүхэд хүндэрч, шингэн их алдсан шинжүүд гарч аминд аюултай болно.
Үүнд:
-
Хүүхэд орчны сонирхол муу, унтаа, ноомой болох.
-
Уух дургүй, хөдөлгөөнгүй сул болох.
-
Арьсны хуниас маш удаан арилах.
-
Нүд (зулай) их хонхойх зэрэг нь аминд аюул учирч буйг илтгэнэ.
Суулгалт өвчтэй хүүхдээ гэртээ эмчилж байхдаа эхчүүд дараах шинжүүдийг гярхай ажиглаж аль нэг нь ажиглагдвал тусламж яаралтай хайх хэрэгтэй:
Үүнд:
-
Хоол цайндаа дургүйцэх
-
Ам нь их цангах
-
Баасанд нь цус үзэгдэх
-
Олон удаа усархаг суулгах
-
Дахин дахин бөөлжих
-
Халуурах