Эцэг эхчүүдийн тусламж хайх мэдлэг

Ханиад шуухинааны ихэнх нь гэрээр эмчлэх бололцоотой бөгөөд эцэг эх эмчийн зааврыг мөрдөж хүүхдээ гэрээр эмчилж байхдаа хүүхдийн биеийг байнга ажиглаж, ямар нэг хүндрэх шинж гармагц таньж, тусламж хайх мэдлэгтэй байх тун чухал.

Ханиад шуухинаа ихэнхдээ хөнгөн өнгөрдөг ч гэсэн хүүхдийн асаргаа сувилгаа хангалтгүй, эмчилгээг зөв хийгээгүйгээс зарим хүүхэд амархан хүндэрч, хүүхдийн аминд аюултай байдал ч үүсч болно. 2 сараас 5 хүртэлх насны хүүхдэд ийм шинжүүд гэвэл:

  • Хүүхэд ууж чадахгүй болох (хүүхэд юм ууж чадахгүй буюу залгиж чадахгүй болохыг хэлнэ)

  • Таталт

  • Тайван байхдаа хяхтнаж амьсгаадах (амьсгал авах саадтай болж амьсгал авахад хяхтнаж дуугарахыг хэлнэ)

  • Хүүхэд сэрж чадахгүй унтаарах (эхийгээ дуудахад сэрж чадахгүй нүд нь сүүмийж унтаарна)

  • Хүүхэд их туранхай байх зэрэг шинжүүд юм.

Дээрх шинжүүдийн аль нэг ажиглагдвал хором ч алдалгүй эмнэлгийн тусламж авахгүй бол хүүхдийн аминд аюултай. Харин 2 сар хүрээгүй нярай хүүхдэд дээрх 2,3,4 дэх шинжээс гадна:

  • Хөхөндөө муудах (ердийн хөхдөг хэмжээний хагасыг хөхөж байвал хөхөндөө муудсан гэнэ)

  • Цээж шуугиж амьсгал бачуурах (амьсгал гаргах саатаж, амьсгал гаргах үед шуугиан сонсогдож цээж хонхолзохыг хэлдэг)

  • Яраглаж амьсгаадах

  • Хамрын самсаа сарталзах

  • Хүүхдийн суганы халуун 36.5 хэмээс багасах буюу 37.5 хэмээс ихсэхийн (халууны шилээр хэмжинэ) аль аль нь нянгийн хүнд халдварын цорын ганц шинж ч байж болно.

Уушгины хүнд хатгалгаатай нярай хүүхдэд цээж хүчтэй хонхолзох, хамар сарталзах, яраглаж амьсгалах зэрэг хүнд өвчний шинжүүд гарч болох тул эх та гярхай ажиглаж байх учиртай.

Нярай хүүхдийн амьсгал гаргахад зөөлөн богино авиа сонсогдож байвал яраглаж (янцаглаж) амьсгалах гэдэг. Амьсгал саадтай үед л нярай хүүхэд яраглаж амьсгалдаг. 2 сараас 5 хүртэлх насны ханиадтай хүүхдэд эцэг эхийн ажиглаж байх нэг чухал шинж нь “цээж хонхолзох” буюу амьсгал олшрох болой. Хүүхэд тайван байхад амьсгал авах үед цээжний доод хэсэг дотогш татагдаж байвал “цээж хонхолзох” шинж гэж үзэх бөгөөд энэ нь хүүхэд уушгины хүнд хатгалгаатайг нотолж буй хэрэг. Ийм шинж ажиглавал эмнэлэгт яаралтай хэвтэнэ.

Ханиадтай хүүхдэд элбэг тохиолддог хүндрэлийн нэг нь уушгины хатгалгаа бөгөөд эрт илрэх шинж нь амьсгаадах буюу амьсгал олшрох шинж учраас амьсгалын тоо нэг минутанд хэдэн удаа байвал амьсгал олширсон гэж үзэх учиртайг эхчүүд мэдэх ёстой. Хүүхдийн амьсгалыг нэг бүтэн минут тоолно. Халуунгүй, тайван үедээ хүүхдийн амьсгал нэг минутанд хэвийнхээсээ олширсон бол уушгины хатгалгаагаар хүндэрсний шинж бөгөөд эмчид яаралтай үзүүлж, эмчийн заавраар гэрээр антибиотик эмчилгээ хийнэ. 2 сар хүрээгүй эрүүл хүүхдийн амьсгалын тоо халуунгүй тайван үедээ 1 минутанд 60 буюу түүнээс олон, 2-12 сартай хүүхдэд 50 буюу түүнээс олон, 1-5 хүртэлх насны хүүхдэд 40 буюу түүнээс олон байвал амьсгал олширсон гэж үзэх бөгөөд энэ нь 2 сар хүрээгүй хүүхдэд уушгины хүнд хатгалгаа, 2 сараас 5 хүртэлх насны хүүхдэд уушгины хатгалгааны шинж юм. Уушгины хүнд хатгалгааны шинжтэй хүүхдийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэх ба уушгины хатгалгаатай хүүхдийг гэрээр сайн асарч эмчийн зааврын дагуу антибиотикоор эмчилж болох учраас эх та тэр антибиотикийг:

  • ямар хэмжээгээр,

  • өдөрт хэдэн удаа, ямар зайтай

  • хэдэн хоног өгөх ёстойг эмчээр сайн хэлүүлж ойлгоогүй зүйлээ, ичиж нэрэлхэлгүй асуугаарай. Харин гэр орны нөхцөл, боломж муу бол та уушгины хатгалгаатай хүүхдээ эмнэлэгт хэвтүүлсэн нь дээр. Та хүүхдээ хэр зөв асарч, эмчийн зааврыг хэрхэн зөв биелүүлсэн эсэхээс эмчилгээний үр дүн шалтгаална.

Антибиотикоо 2 өдөр өгсний дараа та эмчдээ дахин үзүүлээрэй. Харин дараах шинжүүдийг сайн ажиглаж аль нэг шинж нь ажиглагдвал тэр дороо л (яаралтай) эмчид үзүүлээрэй. Үүнд:

  • хүүхдийн амьсгал саадтай болох (цээж хонхолзох),

  • амьсгалын тоо олшрох,

  • хоолондоо муудах,

  • биеийн байдал илэрхий муудах,

Эдгээр шинжүүдийг ханиадтай хүүхдэд ч, хатгалгаатай хүүхдэд ч гярхай ажиглаж байгаарай.

Ханиадтай хүүхдийн асаргааны онцлог болон эхийн ажиглаж байх шинжүүдийг бүдүүвчээр үзүүллээ.

2 сар хүрээгүй хүүхдийн асар-гааны онцлог нь хүүхдийг ямагт дулаан байлгах явдал. Нярайн амьдрах өрөөний дулаан 22-24 хэм байвал зохино. Эмнэлэгт очих замд хүүхдийг дулаан байлгах сайн арга бол нэхий өлгийд өлгийдөх, өлгийний гадуур хөнжлөөр хучих, эх хүүхдийг биедээ нааж тэврэх зэрэг бөгөөд хүүхэд зулайгаар дулаан их алддаг тул зөөлөн даавуу малгай өмсгөнө. Хэрэв хүүхэд өвдсөн үедээ хоолны дуршил муу болбол:

  • хөхөө аль болох ойр ойрхон, сайн хөхүүл.

  • Олон төрлийн амттай, зөөлөн өөрийнх нь идэх дуртай хоолоор бага багаар олон удаа сайн хоолло.

  • Хооллоход саадтай байвал хамрыг цэвэрлэ. Хүүхдийн өвчин илаарших хирээр хүүхэд хоолондоо дуртай болно.

Leave a Reply