Суулгалт өвчин аюултай

Хүүхдийн баас шингэрч, хэвийн тогтоц нь алдагдаж 24 цаг дотор 3-аас олон баахыг суулгалт өвчин гэдэг. Суулгалт өвчин 2 гол аюултай.

Үүнд:

  1. Хүүхэд суулгалтаар (мөн бөөлжсөөр) их хэмжээний ус, эрдэс давсаа алдах учраас шингэн алдалт үүсдэг. Энэ алдсан шингэнийг тухай бүр нөхөхгүй бол шингэн алдалт нэмэгдсээр хүүхдийн аминд аюул учирдаг нь тасалгааны цэцгийг услахгүй байсаар хатаасантай агуулга нэг бөлгөө.

  2. Суулгалт өвчинтэй хүүхдийг зөв сайн хооллоогүй-гээс тэжээллэг бодис гэдэсний ханаар шимэгдэх нь багасч хүүхэд турна. Туранхай хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч өвчин даахгүй болно. Хүүхэд суулгалтаар удаан өвчлөх, олон дахин өвдөх тусам турдаг.

Шалтгаан

Суулгалт өвчнийг 25 гаруй вирус, нян, эгэл биетүүд үүсгэдэг. Суулгалтын шалтгаан болох эмгэгтөрөгчид ихэвчлэн баас-амны замаар (үүнд баасны нянгаар бохирлогдсон сүү, хоол буюу ус, гараар) дамжин халдварлана. Ер нь хүн амьтны баас аль нь ч халдварын эх үүсвэр болдог.

Нялх, бага насны хүүхдийн баас эмгэгтөрөгч нян, вирус их агуулдаг учраас онцгой аюултай. Хүүхэд мөлхөж эхлэх үеэс гэрийн орчим баасны нянтай хавьтах боломж их.

Хүүхдийг ядахдаа 4-6 сар хөхөөр хооллохгүй байх, буруу хөхүүлэх, угжих, хөхөлт хэрэглэх, чанаж бэлдсэн хоолыг тасалгааны дулаанд удаан хадгалах, бохир ус уух, хүүхдийн баасыг цэвэрлээд гараа угаахгүй байх, хүүхдийн баасыг зөв хаяж зайлуулахгүй байх зэрэг зан заншлын хүчин зүйлүүд суулгалт үүсэхэд их нөлөөтэй. Суулгалт өвчин манай оронд дулааны улиралд 7-9 сард ихэсдэг нь хүнс, тэжээл амархан мууддагтай холбоотой.

Leave a Reply